May
8
2024
Anu.mn
Мэдээ
Эрдэмтэд итгэлтэйгээр судалж буй, залуу насыг уртасгаж, урт наслахад хүргэх зургаан арга
Эрдэмтэд итгэлтэйгээр судалж буй, залуу насыг уртасгаж, урт наслахад хүргэх зургаан арга
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Эрдэмтэд итгэлтэйгээр судалж буй, залуу насыг уртасгаж, урт наслахад хүргэх зургаан арга
Photo: iStock

Эрдэмтэд, чихрийн шижин өвчнийг анагаах нэг долларын үнэтэй эмнээс эхлээд, Пасхи арал дээрээс олдсон нууцлаг химийн бодисыг хүртэл судлан, бидний амьдралыг уртасган үхэшгүй мөнхөд хүргэх нууцыг эрэн хайж байгаа бөгөөд эдгээрээс 6 судалгааг онцлон DailyMail мэдээлжээ.

Эрдэмтэд, хими эмчилгээнд хэрэглэдэг эм болон хүнсний ногоонд агуулагддаг зарим нэгдлүүд нь, туршилтын явцад хулганы насыг уртасгаж, өвчлөх эрсдэлийг нь бууруулж, тэсвэрт чанарыг нь нэмэгдүүлдэг болох нь харагдсан, энэ нь хөгшрөлтийн эсрэг ирээдүйтэй эмчилгээ болно гэсэн санааг дэвшүүлээд байна. Харин хэсэг эрдэмтэд, эд эсийг нөхөн сэргээх зорилгоор үүдэл эсийн тарилга болон гайхалтай залуужуулах нөлөөтэй чихрийн шижингийн эмийг санал болгож байгаа бөгөөд хүн 2030 онд үхэшгүй мөнх байдалд хүрнэ гэж үзсэн байна.

«Ageless: The new science of getting older without getting old» номын зохиолч Эндрю Стил, "Хөгшрөлтийн судалгааны маш олон ирээдүйтэй чиглэлүүд байгаа тул хамгийн чухлыг нь тодорхойлоход хэцүү. Онолын шатанд байгаагаас эхлээд эмнэлзүйн туршилт хүртэл хийгдэж байгаа маш олон сонирхолтой санаанууд байдаг" гэж бичсэн байдаг.

1. Хөгшин эсүүдийг устгадаг эмүүд

Стилийн хэлснээр, хөгшрөлтийн эсрэг тэмцэх судалгааны хамгийн ирээдүйтэй чиглэлүүдийн нэг бол, хөгширсөн эсийг устгадаг сенолитик гэж нэрлэгддэг эмийн төрөл юм. Лабораторийн хулгануудад дасатиниб (химийн эмчилгээнд түгээмэл хэрэглэгддэг) ба кверцетин (жимс, хүнсний ногоонд агуулагддаг флавоноид) гэсэн хоёр нэгдлээс бүрдсэн сенолитик хольцыг өгөхөд, нас нь уртсаж, хорт хавдар болон зүрхний өвчлөлд өртөх нь багасч, хөдөлгөөн нь хурдасч, арьс нь шинэчлэгдэж, үс нь гялалзан, биологийн хувьд ч "залуужин" гайхалтай өөрчлөгдөж байсан гэжээ. Одоогийн байдлаар хорь гаруй компани, энэ технологийг хүнд хэрэглэдэг болгох оролдлого хийж байна.

2. Эсийг "дахин ачаалах" арга

Altos Labs нь, 3 тэрбум долларын хөрөнгө оруулалт татсан биотехнологийн салбарын хамгийн том төсөл юм. Жефф Безос санхүүгээр ​​дэмждэг. Элон Маск твиттер хуудсаараа, "Хэрэв энэ нь бүтэлгүйтвэл, тэр үхлийн шүүхэд хандах биз!" гэж хошигнон бичиж байв. Калифорнид төвтэй тус компани нь, хүний ​​​​эсийн "ачааллыг дахин тохируулагч" -ын эрэл хайгуул буюу эсийн нөхөн төлжилтөд гол анхаарлаа хандуулдаг. Судлаачид, дунд насны хүмүүсийн арьсны эсэд Яманака хүчин зүйл гэж нэрлэгддэг генетикийн шилжүүлэгчийг ашигласан туршилт явуулсан бөгөөд энэ нь, насанд хүрсэн хүний эсийг бүгдэд тохирох үүдэл эс болгон хувиргах чадвартай уургийн багц ажээ. Лабораторийн аяганд эсүүдийг ургуулахад 25-30 насаар залуужсан нь тогтоогджээ. “Өнөөдөр бидэнд эрүүл амьдралаа уртасгах интервенц хийх боломж байгааг бид харж байна. Гэхдээ, олон хүмүүс ямар нэг шалтгааны улмаас дасгал хийх зэргээр эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж чаддаггүй. Тэднийг амьдралаа уртасгах эмтэй болгомоор байна” гэж Altos Labs-ийн ажилтан Стив Хорват бичжээ. Altos Labs-ийн судалгаа үргэлжилэн явагдаж байгаа юм.

3. Үүдэл эсийн тарилга

Дэлхийн маш олон их дээд сургуулиуд хөгшрөлтөд үйлчилэх үүдэл эсийн нөлөөг судалж байна. Эдгээр эсүүд нь бие махбодид олон төрлийн эсүүд болж хөгжих чадвартай байдаг. Харин нас ахих тусам үүдэл эсүүд эд эсийг нөхөн сэргээх чадваргүй болж, энэ нь үрэвсэлд өртөж, хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Cellcolabs зэрэг компаниуд, чинээлэг үйлчлүүлэгчдэд "залуу" үүдэл эсийн тариаг санал болгон, хэдийн зарж эхлээд байгаа бөгөөд дахин залуужихын тулд олон саяыг зарцуулж буй бизнес эрхлэгч Брайан Жонсон, Cellcolabs компанийн залуу, эрүүл үүдэл эсийг тариулаад байна. Тэрээр, "Би одоо, шведийн залуу ясны чөмөгний 100 сая мезенхимийн үүдэл эсийг тариулсан, залуу эсээс бүтсэн хүн" гэж ярьжээ.

4. 1 долларын хөгшрөлтийн эсрэг эм

65-79 насны хүмүүст хийсэн цуврал туршилтууд нь, чихрийн шижин өвчнийг эмчлэхэд олон арван жилийн турш хэрэглэж ирсэн метформин эмийн, хөгшрөлтийн эсрэг үр нөлөөг хэмжих зорилготой юм. TAME судалгаанд 3000 гаруй ахмад настныг хамруулан, метформиныг хэрэглэх нь, зүрхний өвчин, зөнөглөх зэрэг насжилттай холбоотой архаг өвчний илрэлийг удаашруулж байгаа эсэхийг судлана. Хулгана дээр хийсэн туршилтууд, метформин эм нь, дундаж наслалт болон "эрүүл байх хугацааг" уртасгадаг болохыг харуулсан. Мөн, метформин хэрэглэдэг хүмүүс цусны хорт хавдар, ходоод гэдэсний хорт хавдар зэрэг зарим төрлийн хорт хавдар тусах эрсдэл багатай байгаа нь туршилтаар харагдсан байна. Судлаачид, метформин эмийг өргөн хэрэглэгдэж ирсэн, аюулгүй гэдэг талаас онцгой олзуурхаж байгаа бөгөөд энэ эмийг FDA, чихрийн шижин өвчний үед хэрэглэхийг хэдийн зөвшөөрсөн, мөн хямд, өдөрт хэрэглэх эм нэг доллараас бага үнэтэй байдаг гэсэн байна. Мөн судлаачид, эмийн үр нөлөөг хянахын тулд зургаан жилийн хугацаанд олон мянган өвчтөнийг ажиглан хянах ажээ. Америкийн хөгшрөлтийн судалгааны холбооны шинжлэх ухааны ахлах зөвлөх Стивен Остад, "Метформин хүмүүсийн дундаж наслалтыг уртасгадаг эсэхийг одоогоор би мэдэхгүй, гэхдээ одоо байгаа нотолгоонууд боломжийг харуулж байна" гэсэн байна.

5. Пасхи арлын бодис

Одоогоор судлагдаж байгаа хөгшрөлтийн эсрэг хамгийн ирээдүйтэй эмчилгээний нэг бол, 50 жилийн өмнө Пасхи арал дээрээс олдсон химийн бодис юм. Номхон далайн алслагдсан арлын хөрсний нянгаар үүсгэгддэг рапамицин нь, хөгшрөлттэй холбоотой дохиоллын дамжилтыг дарангуйлдаг байна. Энэ бодис, мөөгөнцрийн насыг 20%, өтнийхийг 19%, ялааны насыг 24%, хулганыхыг 60% -иар уртасгадаг. Эрхтэн шилжүүлэн суулгах өвчтөнд зориулсан, дархлаа дарангуйлагч гэж анх зөвшөөрөгдсөн энэ эмийг хүн дээрх ​​судалгаатай зэрэгцүүлэн, мөн нохойн дээр туршиж байна. Нохойн хөгшрөлтийг удаашруулах төслийг одоогоор TRIAD хэрэгжүүлж байгаа ажээ.

6. Хоолны дэглэм

Хэд хэдэн туршилтаар, хүн илчлэгийг хязгаарласан хоолны дэглэм баримтлахад, дундаж нас нь уртасдаг болох нь харагдсан. Өмнөх судалгаагаар, илчлэгийг 20-60% хязгаарлахад олон амьтдын амьдрал уртасч байв. Судалгаа нь хромосомын төгсгөлд байрлах ДНХ-ийн суналт болох теломерууд дээр төвлөрдөг. Хүний амьдралын туршид, хүний ​​эсүүд үржих бүрт, мөн хромосомууд шинэ эсэд хуулагдах үед, зарим теломерууд алдагддаг. Эсүүд хангалттай олон удаа үржсэн тохиолдолд теломеруудын хамгаалалтын бүрхүүл бүрэн арилдаг байна. Судалгааны удирдагч Уэйлон Хастингс, калорийн хязгаарлалт нь хүний ​​насыг уртасгахад тустай олон шалтгаантай гэж үздэг. Энэ сэдвийг одоог хүртэл судалж байна. Тэрээр, "Амьдралыг уртасгах гол механизмуудын нэг нь, эсийн бодисын солилцоотой холбоотой. Эсийн дотор энерги зарцуулагдах үед, энэ үйл явцын хаягдал бүтээгдэхүүн нь исэлдэлтийн стресс үүсгэн ДНХ-г гэмтээж, эсийг устгадаг. Тиймээс, хүний ​​​​эсүүд илчлэгийн хязгаарлалтаас болж бага энерги зарцуулахад хаягдал бага үлдэж, эс хурдан гэмтдэггүй" гэж тайлбарлажээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.