November
3
2022
Anu.mn
Танд хэрэгтэй
Амин дэм нь ашиг тусгүй, мөн хор хөнөөлгүй
Амин дэм нь ашиг тусгүй, мөн хор хөнөөлгүй
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Амин дэм нь ашиг тусгүй, мөн хор хөнөөлгүй
Photo: Shutterstock

Дэлхий даяар олон хүмүүс витамин хэрэглэдэг бөгөөд АНУ-ын насанд хүрэгчдийн тал хувь нь буюу 65-аас дээш насны хүмүүсийн 70% хэргэлж байдаг. Тэд олон төрлийн амин дэм, эрдэс бодисыг тогтмол хэрэглэдэг бөгөөд үүнд жил бүр 12 тэрбум доллар зарцуулдаг гэж ВВС бичжээ.

Жон Хопкинсийн их сургуулийн мэргэжилтнүүд, энэ мөнгийг хүний ​​хэрэгцээт амин дэм, эрдэс бодис агуулсан эрүүл хоолонд хөрөнгө оруулахад илүү ашигтай гэж үзсэн байна.

Поливитамин (мультиватамин) нь нэг капсулд хэд хэдэн витамин, зарим тохиолдолд микроэлементүүд хамт агуулсан бэлдмэл юм.

Annals of Internal Medicine сэтгүүлд нийтлэгдсэн “ Мультивитамин болон эрдэсийн нэмэлт тэжээлд мөнгө хаяхаа боль. Хангалттай!" гэсэн гарчигтай нийтлэлд эрдэмтэд өөрсдийн хийсэн гурван судалгааны үр дүнг хуваалцжээ.

450,000 хүнийг хамруулсан судалгаа ​​​​шинжилгээгээр, поливитамин амин дэмүүд зүрхний өвчин, хорт хавдрын эрсдлийг бууруулдаггүй. Мөн 12 жилийн турш явуулсан 5947 эрчүүдийг ажигласан судалгаагаар сэтгэцийн чадвар, ой санамжийг доройтуулах эрсдлийг бууруулдаггүй болох нь харагджээ.

Зүрхний шигдээсээс амьд үлдсэн 1708 хүний ​​нэг хэсэгт нь 55 сарын турш өндөр тунгаар олон төрлийн амин дэм өгч, нөгөө хэсэгт нь плацебо өгч ажиглалт хийхэд зүрхний шигдээс, зүрхний хагалгаа, нас баралтын тоо нь бараг ижил ойролцоо гарч байсан байна.

Эрдэмтэд мөн витамин Е болон бета-каротин нэмэлтүүд, ялангуяа өндөр тунгаар хэрэглэхэд хортой болохыг тогтоожээ.

Жонс Хопкинсийн их сургуулийн Урьдчилан сэргийлэх, тархвар судлал, эмнэлзүйн судалгааны төвийн захирал Ларри Аппел:- "Эм бэлдмэл нь эрүүл мэнд, архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зам биш, харин эрүүл хооллох, жингээ хэвийн хэмжээнд барих, ханасан өөх тос, транс тос, элсэн чихэр, давсны хэрэглээгээ хасах нь жинхэнэ эрүүл байх арга юм. Харин нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд зориулсан фолийн хүчлийн бэлдмэл үүнд хамаарахгүй. Фолийн хүчлийг жирэмсний эхэн үед уувал хүүхдийн мэдрэлийн судлын гажиг үүсэхээс сэргийлдэг. Тиймээс фолийн хүчилтэй поливитаминыг залуу нөхөн үржихүйн насны бүх эмэгтэйчүүдэд өдөрт 400 микрограмм фолийн хүчил байхаар хэрэглэхийг зөвлөж байна. Мультивитаминд агуулагддаг төмөр нь бас тустай. Би өөр юу ч зөвлөхгүй. Эрүүл хооллосноор та, шаардлагатай бүх витамин, эрдэс бодисыг хоол хүнсээрээ авах боломжтой."  гэж Аппел нэмж хэлжээ.

Эмчийн хоолны дэглэм:

Ларри Аппел: "Би ямар ч нэмэлт тэжээл хэрэглэдэггүй". Харин хооллохдоо жимс ногоо илүү их хэрэглэхийг хичээдэг. Би салатанд дуртай, үдийн хоол, оройн хоолондоо  байнга иддэг. Тослог багатай сүү, тараг нь кальци, магни, кали агуулсан байдаг тул би долоо хоногт хэд хэдэн удаа өглөөний цайндаа сүүтэй үр тарианы агшаамал идэж, ихэвчлэн тараг иддэг. Оройн хоолондоо ихэвчлэн шаардлагатай уураг агуулсан загас эсвэл тахианы мах иддэг. Би цагаан хоолтон биш ч, мах бага идэхийг хичээдэг. Салмон зэрэг зарим төрлийн загас нь эрүүл омега-3 тосны хүчлээр баялаг байдаг." гэсэн байна.

Хопкинсийн их сургуулийн эрдэмтэдийн зөвлөгөө

Эрдэмтэд хоол хүнсэндээ бүхэл үр тариа оруулахыг зөвлөж байна. Улаан буудай, бор будаа, арвай будаа, үр тариа нь витамин, эрдэс бодис, эрүүл өөх тос агуулдаг. Бүхэл үрийн талх, үр тариа нь зүрхний өвчин, 2-р хэлбэрийн чихрийн шижин, хорт хавдрын эрсдлийг бууруулж, хоол боловсруулалтыг сайжруулдаг.

Мөн омега-3 тосны хүчлүүд тархины эсийн мембраныг барихад зайлшгүй шаардлагатай байдаг. Бие махбодь өөрөө тэдгээрийг үүсгэдэггүй бөгөөд хүрээлэн буй орчноос хүлээн авагддаг бөгөөд хулд, туна загас, шар загас, түүнчлэн самар, маалингын үр, рапсанд элбэг агуулагддаг.

Зөв зохистой хооллолт нь зүрхний өвчин, цус харвалт, хорт хавдар, гэдэсний үрэвслийн эрсдлийг бууруулдаг.

Үүний зэрэгцээ ханасан өөх тосны хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Эдгээр нь цөцгийн тос,  сүү, тослог ихтэй бяслаг, зайрмаг, өөхтэй мах, шувууны арьс, далдуу мод, наргил модны тосонд ихээр байдаг ба цусанд холестерин хуримтлуулж, цусан дахь сахарын шингээлтэд сөргөөр нөлөөлдөг. Ханасан өөх тосны хэрэглээг багасгах нь зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэрэгсэл юм.

Гэхдээ, Жонс Хопкинсийн их сургуулийн мэргэжилтнүүдийн эрүүл хооллолтын энэхүү зөвлөмжийг хүн бүр хүлээн зөвшөөрөхгүй байх магадлалтай. Учир нь, орчин үеийн зарим хоол тэжээлийн мэргэжилтнүүдийн үзэл бодол, хэд хэдэн бүтээгдэхүүн, ялангуяа сүүн бүтээгдэхүүн, тослог багатай бүтээгдэхүүн, үр тарианы ашиг тусын талаархи дүгнэлтүүдтэй зөрж, дээрхи эрдэмтдийн зөвлөмжөөс ялгаатай байгаа юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.