March
7
2024
Anu.mn
Мэдээ
Apple, Starbucks, Amazon, Tesla компаниудын нэрээ сонгосон түүх
Apple, Starbucks, Amazon, Tesla компаниудын нэрээ сонгосон түүх
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Apple, Starbucks, Amazon, Tesla компаниудын нэрээ сонгосон түүх
Photo: Depositphotos

Аливаа компанийн нэр нь амжилтынх нь хамгийн чухал хүчин зүйл бөгөөд хүмүүс тухайн брэндтэй танилцаж, хурдан тогтоож, санаанд нь амархан орж ирэх, таатай сонсогдохуйц товч, тодорхой нэртэй байх хэрэгтэй гэж үздэг байна. Apple, Starbucks, Amazon, Тесла компаниуд хэрхэн ийм нэртэй болсон талаар MC Today нийтэлжээ.

Амазон

Амазон компанийг үндэслэгч Жефф Безос, 1994 онд хайлтын системүүд хайлтын үр дүнг цагаан толгойн дарааллаар харуулдаг байснаас А үсгээр эхэлсэн нэр гэдгээр нь, мөн Амазон гэдэг үг нь, дэлхий дээрх хамгийн том Амазон мөрний нэр гэдэг утгаар сонгосон бөгөөд тэрээр, өөрийн компанийг дэлхийн хамгийн том номын дэлгүүр болгохыг мөрөөдөж байв. Сонирхуулахад, бас өөр хоёр хувилбар байсны нэг нь Абракадабрын ид шидийг билгэдсэн Cadabra, Inc. – тэр үед онлайнаар ном борлуулах нь огт байгаагүй зүйл учраас ид шидийн мэт гарч ирнэ гэж төсөөлж байв. Гэвч Безосын өмгөөлөгч, энэ нэр “cadaver” буюу цогцос гэж сонсогдож байна гэснээр Жефф татгалзжээ.

Өөр нэг сонголт болох Relenless гэх домэйнийг бүр бүртгүүлсэн бөгөөд энэ нь "өршөөлгүй" гэсэн утгатай, бараан, заналхийлсэн байна гэж найзууд түүнийг ятгаж болиулсан ажээ. Энэ нь одоогийн Amazon.com руу чиглүүлдэг Relentless.com юм.

Apple

Технологийн компанийг 1976 онд алим гэж нэрлэсэн нь ихээхэн хачирхалтай байсан. Тэр үед компьютерийн компаниуд техниктэй холбоотой Microsoft эсвэл IBM гэх мэт нэрсийг сонгодог байв.

Apple гэдэг нэр хэрхэн үүссэн тухай, компанийг үүсгэн байгуулагч Стив Возняк өөрийн намтар номондоо, “Би тэр үед, Орегоны алимны цэцэрлэгээр зочлоод ирсэн Стив Жобсыг онгоцны буудлаас тосоод буцаж явахад Стив, Apple Computer гэсэн нэрийг санал болгосон. Хариуд нь би, Битлзийн "Apple Records”-ыг яахав? гэж асууж байсан. Гэвч, үүнээс хойш бид хоёр, "техникийн үгс" -ээс сонгох гэж оролдоод олигтой хувилбар олоогүй. Тэгээд ч,Apple гэдэг нэр бидний хувьд бусдаасаа хамаагүй дээр санагдаж сонгож байсан." гэж дурдсан байдаг.

Харин, Стив Жобс компанийнхаа нэрийг, түүний жимсний хоолны дэглэмтэй нягт холбоотой, мөн тэр үед алимны фермээр зочлосныхоо дараа ийм нэр хөнгөхөн, хөгжилтэй, эрч хүчтэй, айдас болгоомжлол төрүүлэхгүй байх болно гээд сонгосон гэж ярьдаг байв. 2007 онд тус компани нэрнээсээ Компьютер гэдэг үгийг хассан. Энэ үед, Жобс анхны iPhone-оо танилцуулж байв. “Mac, iPod, Apple TV болон iPhone. Эдгээр бүх зүйлсийн зөвхөн нэг нь компьютер байсан учираас бид нэрээ өөрчилсөн" гэж Жобс тайлбарлаж байжээ.

Banana Republic

1978 онд Мел, Патрисия Зиглер нар, Banana Republic Travel & Safari Clothing Company гэдэг нэртэй компаниа байгуулжээ. Тэдний зорилго нь, дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан өвөрмөц хувцасны дэлгүүрийг бий болгох санаа байсан бөгөөд тэд, бизнес аялалынхаа үеэр бараагаа худалдаж авчирдаг байв. Анхны дэлгүүрээ Калифорнид нээж, эхний үед сафари сэдэвтэй зүйлсийг зарж, бараа тус бүрийг аялалын түүх бүхий гараар зурсан каталог дагалддаг байв. 1983 онд тус компанийг Gap худалдаж авснаар нэрээ богиносгож Banana Republic болгожээ.

Сонирхолтой нь, Banana Republic гэх нэр нь, гол төлөв Африк эсвэл Өмнөд Америк зэрэг ядуу орнуудыг илэрхийлдэг доромж утгатай үг бөгөөд Gap, 35 жилийн дараа ч нэрээ солиогүй байгаа нь хачирхалтай юм. Гэхдээ Мел Зиглер, "Нэрээ тэр үед бүрэн өөрчилсөн нь дээр байсан юм, энэ нэр одоо бидний байгуулсан компанитай ямар ч холбоогүй." хэмээн харамсаж буйгаа ярьсан байдаг.

Starbucks

Компанийг үүсгэн байгуулагч Жерри Болдуин, Зэв Сигл, Гордон Боукер нар олон зуун сонголтоос нэрээ сонгосон гэдэг. Redhook, Cargo House гэх нэрүүд дээр санал зөрөлдөцгөөж, сонгож чадахгүй байсан бөгөөд нэг нь, "st" -ээр эхэлсэн үгс хүчтэй сонсогддог гэж бодож байгаагаа хэлснээр, хэдий "Моби Дик", Starbucks эсвэл кофетой ямар ч холбоогүй ч, Старбак хэмээх Моби Дикийн дүртэй холбож бодоцгоосон. Энэ бол зүгээр л санамсаргүй тохиолдол байсан, гэхдээ би энэ нэрэнд ямар нэгэн далд утгыг мэдэрсэн." гэж Гордон Боукер дурссан байдаг.

Тесла

Тесла бол анхны цахилгаан автомашины компани биш ч, орчин үеийн технологитой салшгүй холбогдсон нэр бөгөөд хэдийгээр энэ нэр урд өмнө алдартай байсан ч, түүнийг хэрхэн сонгосныг цөөхөн хүн мэддэг бөгөөд Маск үүнтэй ямар ч холбоогүй нь гайхалтай юм.

Одоогийн гүйцэтгэх захирал Илон Маск, сүүлд нэгдсэн учираас компанийн нэрийг солих, сонгоход оролцох эрхгүй байв. Тесла компанийг үндэслэгч Мартин Эберхард, тэр үеийн найз бүсгүй, ирээдүйн эхнэр Каролайндаа энэ санаагаа ярьж, Диснейланд дахь Blue Bayou ресторанд энэ нэрийг сонгосон гэж Fox Business бичжээ.

Эберхард олон сар амжилтгүй оролдлого хийсний эцэст, Тесла автомашинд ашигладаг хувьсах гүйдлийн цахилгаан моторыг бүтээсэн Америкийн Серб зохион бүтээгч Никола Теслагийн нэрээр компаниа нэрлэхээр шийджээ.

Никола Тесла 1884 онд АНУ-д цагаачилж, цахилгаан эрчим хүчний системийг сайжруулахын тулд Томас Эдисонтой хамтран ажиллаж байжээ. Эдисон, Теслагийн хувьсах гүйдлийн эрчим хүчний системийг ашиглахаас татгалзсанаар, Тесла, Эдисон нарын харилцаа, хамтын ажиллагаа дуусч, Тесла, Westinghouse Electric компанид ажиллах болсноор, Эдисон Тесла хоёрын хооронд "Цахилгаан гүйдлийн дайн" эхэлсэн бөгөөд хэдийгээр Эдисон үнэмлэхүй ялалт байгуулсан боловч, Никола Теслагийн шинэлэг санаа нь Илон Маскийн цахилгаан машинд шинэ амьдралыг олсон ажээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.