December
26
2022
Anu.mn
Мэдээ
Далай болон мөсөн тэнгис гатлан ​​Цагаан ордны Зууван танхимд ирсэн ширээний түүх
Далай болон мөсөн тэнгис гатлан ​​Цагаан ордны Зууван танхимд ирсэн ширээний түүх
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Далай болон мөсөн тэнгис гатлан ​​Цагаан ордны Зууван танхимд ирсэн ширээний түүх
Photo: IStock

Цагаан ордны зууван танхимд, 1880 оноос өнөөг хүртэл АНУ-ын 22 ерөнхийлөгч ашиглаж ирсэн модон ширээ байдаг.

Энэ түүх Атлантын далайгаас Номхон далайн баруун хойд гарцыг олох даалгавартай анхны экспедицүүд 17-р зууны эхээр далайн аялал хийж байсан үеэс эхтэй бөгөөд тэр үед, олон зуун далайчид энэ эрэл хайгуулаас буцаж ирээгүй, хоёр том далайн хооронд гарц олж чадаагүй гэдэг.

1845 оны 5-р сарын 19-нд Адмирал Жон Франклин 24 офицер, 110 далайчинтай "Эребус", "Террор" гэсэн хоёр хөлөг онгоцоор аянд морджээ. 2 жил өнгөрсөн ч, Франклины экспедиц буцаж ирсэнгүй. Дараагийн 5 жилийн хугацаанд Английн 11, Америкийн Advance and Rescue гэх 2 хөлөг онгоц ар араасаа сураггүй болсон далайчдыг хайхаар явсан ч, олонх нь мөн ор мөргүй алга болсон бөгөөд Франклины экспедицийг эрж  хайхад амиа алдагсдын тоо Эребус, Террор хөлөг онгоцон дээр байсан далайчдын тооноос давжээ. Гэвч хайлт зогссонгүй. 1850 онд "Investigator” гэдэг хөлөг онгоц сураггүй болсон Франклины экспедицийг хайхаар явж, Канадын Арктикт 3 жил өвөлжсөн бөгөөд "Investigator”-ын ахмад Роберт МакКлюр хөлөг онгоцоо Банкс арлын хойд эргийн хоолойд авчирч, энэ нь баруун хойд гарцын сүүлчийн хэсэг гэдгийг тэр ойлгосноор Атлантын далайгаас Номхон далайн гарц олсон түүхэн дэх анхны хүн болжээ. Энэ газраас цааш явах ямар ч боломжгүй болж, хүнсний хангамж нь ч дуусч, хөлөг онгоцоо Өршөөлийн булан гэж нэрлэсэн том булан руу хөтлөн оруулсан боловч удалгүй байдал эрс муудсанаар, хөлөг нь мөсөнд барьцалдан хөлдсөн ажээ. Өршөөлийн булан дахь энэ газарт,157 жилийн дараа (2010 онд) 11 метрийн гүнээс энэ хөлгийг олсон байна. Гэхдээ “Investigator”-ын далайчид бүгд үхээгүй, 1853 онд, “Investigator” хөлгийг Арктикийн усанд хайж байсан  "Resolute" хөлөгт шилжин хоёр баг Resolute хөлгөөр Атлантын далай руу нэвтрэхийг оролдсон ч бүтэлгүйтэж, хөлөг нь мөсөнд хөлдсөнөөс онгоцоо орхиж, өөр хөлгөөр Англи руу буцжээ. Харин мөсөнд орхигдсон Резолют хөлөг мөстэй хамт хөвсөөр 1855 оны 9-р сарын 10-нд Америкийн халим агнуурын хөлөгтэй таарч олдсоноор, 2 жилийн дотор энэ хөлөг онгоц мөстэй хамт 1200 миль (1930 км) замыг туулсан байдаг. Америкийн засгийн газар энэхүү Английн хөлөг онгоцыг өөрийн зардлаар засч, АНУ, Их Британи сайн харилцаатай байсны илрэл болгон 1856 оны 12-р сарын 17-нд хууль ёсны эзэн Английн хатан хаан Викторияд буцааж өгчээ. Харин  хатан хаан Виктория, нөхөрсөг Америкийн ард түмэнд талархал илэрхийлж, "Resolute" хөлөг онгоцны модоор хоёр том, нэг жижиг буюу хатагтайн гэсэн 3 ширээ хийхийг тушааж, 1880 онд нэг том ширээг АНУ-ын засгийн газарт хандивлаж, тухайн үеийн ерөнхийлөгч Рутерфорд Хэйс хүлээн авчээ. Түүнээс хойш энэ ширээ Цагаан ордны Зууван танхимыг чимж, Линдон Жонсон, Ричард Никсон, Жералд Форд нарыг эс тооцвол тус улсын сүүлийн 22 ерөнхийлөгч бараг бүгдээрээ энэ ширээн дээр ажилласан юм.

Харин хоёр дох том ширээг хатан хаан Виктория & Альберт хэмээх хааны дарвуулт онгоцондоо суулгажээ. Одоо Портсмут дахь Хатан хааны тэнгисийн цэргийн музейд хадгалагддаг.

Гурав дахь, жижиг хатагтай ширээний хувьд, сураггүй болсон далайчдыг хайхаар явсан 2 эрлийн бүлгийг санхүүжүүлсэн Генри Гриннелийн бэлэвсэн эхнэрт бэлэглэсэн. Одоо энэ ширээ Массачусетс мужийн Нью Бедфорд хотын халим агнуурын музейд хадгалагдаж байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.