March
27
2024
Anu.mn
Мэдээ
Үр хөндөлт, татвар, цагаачид: Байден, Трамп нарын, сонгуульд ялвал хийхээр амлаж буй зүйлс ...
Үр хөндөлт, татвар, цагаачид: Байден, Трамп нарын, сонгуульд ялвал хийхээр амлаж буй зүйлс
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Үр хөндөлт, татвар, цагаачид: Байден, Трамп нарын, сонгуульд ялвал хийхээр амлаж буй зүйлс
Photo: iStock

Сонгуулийн гол, гол асуудлууд болон нэр дэвшигчдийн байр суурийг судалсны үндсэн дээр, АНУ-ын 46, 45 дахь Ерөнхийлөгч Жо Байден, Дональд Трамп нарын оролцох 2024 оны Америкийн сонгууль, 2020 оны хувилбарыг давтахгүй гэсэн дүгнэлт гарсныг Axios нийтэлжээ.

Нөхөн үржихүйн эрх, хилийн аюулгүй байдал, Америкийн иргэдийн эдийн засгийн сайн сайхан байдал, ардчиллын үнэт зүйлс зэрэг асуудлууд, энэ жилийн мөрийн хөтөлбөрт гол байр суурь эзэлж байна.

Үр хөндөлт ба нөхөн үржихүйн эрх

Д.Трамп, Роу Вэйд-ийн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан, консерватив үзэлтэй Дээд шүүхийн шүүгчдийг томилж, үр хөндөлтийг төрийн түвшний бодлого болгосноороо нэг бус удаа сайрхаж байсан юм.

2022 оны 6-р сард АНУ-ын Дээд шүүх, Жексоны эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн байгууллагын эсрэг, үр хөндөлтийн үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг цуцалж, үр хөндөлтийг зохицуулах асуудлыг муж улсуудын эрхэнд үлдээх шийдвэр гаргаснаар, жирэмслэх насны америк эмэгтэйчүүд урьд өмнө байгаагүй хүний ​​эрхийг хөндсөн хямралтай нүүр тулж байгаа юм. БНН тэргүүлсэн ихэнхи мужуудад үр хөндөлтийг хатуу хориглож, жирэмсний зургаа дахь долоо хоногоос эхлэн хэрэгжиж эхэлдэг байхаар тогтоожээ.

Трамп саяхан, хүчингээс үүдэлтэй эсвэл цус ойртолттой холбоотой жирэмслэлт, амь нас, эрүүл мэндэд аюултай жирэмсний хүндрэлээс бусад тохиолдолд жирэмсний 16 долоо хоногоос хойш үр хөндөлтийг хориглохыг хувийн журмаар дэмжсэн.

Харин Католик шашинтай Байден, үр хөндөлтөд таагүй ханддагаа илэрхийлж, 2024 оны кампанит ажлынхаа гол чиглэлийг сонгогч эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалахад хандуулна гэж мэдэгджээ. Тэрээр, Конгресст хандаж, Роу Уэйдтэй холбоотой хэргийг холбооны түвшинд хуульчлахыг уриалж, Бүгд найрамдахчуудын үр хөндөлтийн эсрэг бодлого нь, "Америк эмэгтэйчүүдийн эрхийн талаар ямар ч ойлголтгүй" байгааг харуулж байна хэмээн онцолжээ.

Цагаачлал, хилийн бодлого

2024 оны сонгуулийн өмнөх энэ цаг үед, цагаачлалын асуудал нь сонгогчдын анхаарлыг татсан гол асуудалуудын нэг болоод байна. Өнгөрсөн сард Байден, Трамп нар Техасын хилийн хотуудаар явж, байр байдалтай танилцсан. 2016 онд "хана босгоно" гэж амлаж байсан Трамп одоо, "Америкийн түүхэн дэх хамгийн том, цагаачдыг албадан гаргах ажиллагааг" эхлүүлэхээр амлаж байна. Тэрээр, хууль бус цагаачид "манай улсын цусыг хордуулж байна. Байдены бодлогоос үүдэлтэй цагаачдын гэмт хэргийн давалгааны өсөлтөд анхаарлаа хандуулахыг уриалав.

Одоогийн ерөнхийлөгч, өмнөд хил дээрх хэт их хэмжээний цагаачдын урсгалтай тэмцэж байгаа ч, Америкийн томоохон хотуудын нөөцийг шавхаж, цагаачлалын талаарх Ардчилсан намын үзэл бодлыг өөрчлөхөд хүргээд байна. Хоёрдугаар сард Байден, БНН-тай хилийн аюулгүй байдлын талаар хэлэлцэж, орогнолын хуулийг илүү хатуу болгох санал гаргасан ч, Трамп, Конгресс дахь Бүгд найрамдахчууддаа үүнийг эсэргүүцэхийг зөвлөснөөр уг хууль бүтэлгүйтсэн юм.

Украиныг санхүүжүүлэх асуудал

Байден, ОХУ-ын түрэмгийллийн эсрэг Украиныг "санхүүжилт хичнээн хэрэг болно, төдий чинээ" дэмжинэ гэж амлаж байсан ч, Төлөөлөгчдийн танхимын Бүгд найрамдахчууд шинэ тусламжийн багцын талаар санал хураалт явуулахаас татгалзаж, хэрвээ хилийн хууль тогтоомжийг чангатгах юм бол Украинд үзүүлэх тусламжийг дэмжинэ гэдгээ мэдэгдэж байв.

Харин Трамп, Украины дайныг 24 цагийн дотор зогсооно гэж мэдэгдсэн ч, хэрхэн хийх талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа юм. Тэрээр мөн, НАТО-г эрс шүүмжилсээр ирсэн. НАТО-гийн холбоотнууд батлан хамгаалахын төсвийн үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд, Оросыг "хүссэн бүхнээ хийхийг урамшуулна” гэж мэдэгдсэн байна.

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан, Трамп Украинд "сохор зоос ч өгөхгүй" гэж байгаа нь Киевийг Оростой хэлэлцээ хийхэд хүргэнэ гэж таамаглаж буйгаа илэрхийлжээ.

Эдийн засаг

Америкийн иргэд, эдийн засгийн талаар санаа зовж байгааг санал асуулга харуулж байна.

Байден хэдийгээр, АНУ-ын эдийн засгийг тахлын дараа хүчтэй сэргэхэд хүргэсэн боловч, үргэлжилсээр байгаа инфляцийн тогтвортой байдал олон америкчуудын дургүйцлийг төрүүлж байна. Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр, Байден өөрийн эдийн засгийн хууль тогтоомж, тухайлбал инфляцийг бууруулах тухай хууль, хоёр намын дэд бүтцийн тухай хуулийн төсөл, CHIPS болон шинжлэх ухааны тухай хууль зэргийг танилцуулсан. Тэрээр, орлого багатай гэр бүлүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, алдагдлаа бууруулах зорилгоор Америкийн хамгийн чинээлэг иргэд болон томоохон корпорациудын татварыг нэмэгдүүлэх замаар бүрдүүлэх 2025 оны төсвийн төслийг санал болгож байгаа юм.

Трамп ерөнхийлөгч болсон эхний өдрөө, газрын тосны олборлолтыг эрчтэй нэмэгдүүлнэ гэж амласан. Хэдийгээр, эрчим хүчний үйлдвэрлэлээр рекорд тогтоосон ч, газрын тос, байгалийн хийн салбарыг хөгжүүлэх нь инфляцийг бууруулах гол хүчин зүйл болно гэж тэр үзэж байна. Мөн, Хятадын бүх импортын бараанд 60 хувийн татвар ногдуулах хүсэлтэй байгаа нь, түүний засгийн эрх барьж байхдаа эхлүүлсэн Бээжинтэй эхлүүлсэн худалдааны дайныг эрс хурцатгах болно. Трампын татварын хөнгөлөлтүүдийн ихэнх нь 2025 онд дуусгавар болох бөгөөд энэ хугацааг сунгах нь дараагийн ерөнхийлөгч болон Конгрессын хувьд чухал шийдвэр болно гэсэн үг юм.

Ардчиллын хувь заяа

Трамп бол эрүүгийн хэрэгт холбогдсон АНУ-ын анхны ерөнхийлөгч бөгөөд түүний хоёр хэрэг нь, холбооны болон Жоржиа мужид 2020 оны сонгуулийн үр дүнг хүчингүй болгох гэсэн оролдлоготой нь холбоотой юм. Тэрээр, хэрвээ ерөнхийлөгчөөр сонгогдвол, хамгийн түрүүнд “Нэгдүгээр сарын 6-нд хууль бусаар баривчлагдсан барьцаалагдсан хүмүүсийг суллана” гэж Truth Social сувгаар ярьжээ. Хоёрдугаар сард явуулсан санал асуулгаар америкчуудын 74 хувь нь, Трамп арваннэгдүгээр сард сонгуульд ялагдвал, буулт хийж, хүлээн зөвшөөрөхөөс татгалзана гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Одоогийн байдлаар Байден, Трамп нар намаасаа нэр дэвших хангалттай тооны төлөөлөгчидийн санал авсан байгаа ч, 2020 оны сонгуулийн үеийнхээс нэр хүндийн хувьд хамаагүй доошилсон байгаа юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.