October
1
2023
Anu.mn
Мэдээ
Сүүлийн 40-д жилийн хугацаанд нислэгийн үед асуудал дагуулах нь улам нэмэгдсэн агаарын тур ...
Сүүлийн 40-д жилийн хугацаанд нислэгийн үед асуудал дагуулах нь улам нэмэгдсэн агаарын турбулентность гэж юу вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Сүүлийн 40-д жилийн хугацаанд нислэгийн үед асуудал дагуулах нь улам нэмэгдсэн агаарын турбулентность гэж юу вэ?
Photo: IStock

Турбулентность буюу агаарын хүчтэй урсгал сүүлийн 40 жилийн хугацаанд дэлхий даяар эрс нэмэгдсэн бөгөөд ийм тохиолдолд нислэгийн үеэр бэртэж гэмтэхээс хэрхэн сэргийлэх талаар NationalNews мэдээлэв.

Өнгөрсөн сард Миланаас ниссэн Delta Air Lines онгоц Атлантад хүрэхээсээ өмнө 40 милийн зайд хүчтэй агаарын урсгалтай тулгарсан бөгөөд хэдийгээр Airbus 350 онгоц аюулгүй газардсан ч, 11 хүн бэртэж гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Мөн хэдхэн хоногийн өмнө Испанийн Майорка хотын дээгүүр нисч явсан онгоц хүчтэй салхи, аянга цахилгаантай үеийн агаарын урсгалд орж онгоцны зорчигчид айдаст автан үймээн үүссэн зэргээр агаарын урсгалд цохиулах, зорчигчид бэртэж гэмтсэн тохиолдлууд бүртгэгдэх нь урд өмнөх үетэй харьцуулахад нэмэгдсээр байгаа ажээ.

Afuzion агаарын тээврийн үйлчилгээний компанийн гүйцэтгэх захирал Вэнс Хилдерман, "Бид 1970-аад оноос хойш турбулентность буюу нислэгийн үеийн агаарын урсгалыг ажиглаж эхэлсэн. Дэлхийн температур ерөнхийдөө зуун гаруй жилийн турш буурч байсан гэтэл, сүүлийн 50 жилийн хугацаанд температур хэсэгчлэн өсч эхэлснээр турбулентность мөн олширсон байдал ажиглагдаж байна" гэж ярьжээ.

Турбулентность гэж юу вэ?

"Турбулентность нислэгийн үеэр тохиолдох нь нийтлэг үзэгдэл бөгөөд бага эрчимтэйгээс хүнд, хүчтэй эрчимтэй урсгалын хооронд хэлбэлзэж байдаг. Энэ нь онгоцыг огцом савлуулж, чичрхийлэх хөдөлгөөнд оруулдаг, агаар мандал дах агаарын урсгалын тогтмол бус, гэнэтийн өөрчлөлт юм" гэж Emirates Эйрлайнс компанийн нислэгийн техникийн үйл ажиллагааны дарга, нисгэгч Майкл Шрайбер тайлбарлав.

Үүсэх шалтгаанууд:

  • Агаар мандлын дээд хэсэгт, цэлмэг үед баруунаас зүүн тийш чиглэсэн хүчтэй агаарын урсгалаас үүсдэг.
  • Дэлхийн гадаргуу халсан үеийн, ихэвчлэн үүл, аянга цахилгаантай холбоотой үүсдэг агаарын босоо хөдөлгөөний конвектив турбулент.
  • Агаарын урсгал өндөр уул, барилга гэх мэт саадтай тулгарах үед үүсдэг механик турбулент.

“Турбулент нь мөн температурын зөрүү, өөрчлөлтөөс үүсдэг. Нислэг өндөр байх тусам агаар сийрэг, хүйтэн байдгаас агаарын хүчтэй урсгал бага байдаг байна. Зун Аризонад, агаарын урсгал хөдөлгөөн дээд цэгтээ хүрсэн байдаг үе" гэж Хилдерман ярьж байв.

Шрайбер, дэлхийн зарим нутгуудын улирлын онцлогууд болон цаг уурын хүчин зүйлээс шалтгаалж тэнгэр хямрах хандлагатай байдаг. Жишээлбэл, зуны улирлын халуунд онгоц хөөрөх, нисэх, буух үеийн агаар өвлийн сэрүүн улирлаас илүү ширүүн байдаг. Энэ нь газрын гадаргуугаас халсан агаарын масс, босоо тэнхлэгээр хөөрдөгтэй холбоотой юм. Усан онгоцны ахмадууд маневр хийх замаар далайн давалгааны нөлөөг бууруулж чаддаг ч долгионоос зайлсхийж чаддаггүй. Мөн нисэх онгоц турбулентыг тойрч гарах оролдлого хийдэг ч агаарын урсгал нь динамикаар хөдөлж, өөрчлөгддөг тул илрүүлэхэд амаргүй байдаг. Нисгэгчидийг үүнийг шийдвэрлэх талаар сургалтад хамруулдаг. Сайжруулсан технологи, тухайлбал цаг агаарын урьдчилсан мэдээний хэрэгслүүд нь нисгэгчдэд нислэгийн явцад тогтворгүй агаартай газраас зайлсхийж, илүү сайн шийдвэр гаргахад тусалдаг гэж ярьжээ. Мөн Emirates компани энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд шинэ технологид ихээхэн хөрөнгө оруулалт хийж байгаа гэж мэдэгдсэн байна.

Тэрээр, "Далайн давалгаа жижиг завийг шидэлж байдаг, харин том усан онгоц давалгааг зүсээд гарч байдагтай адил, нисэх онгоц том байх тусам агаарын урсгалын цохилтод бага өртдөг. Агаарын цохилт нь онгоцыг агаарын тогтвортой замаас нь гаргахаас гадна далавч, гэрлүүд, өндөрийн болон чиглэлийн жолоодлогод нөлөөлдөг. Гэхдээ, ерөнхийдөө орчин үеийн нисэх онгоцны аюулгүй байдалд турбулент эрсдэл учруулдаггүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй" гэж ярьжээ. Мөн, Хильдерман "Онгоцууд агаарын цохилтын үед аюулгүй байхаар бүтээгддэг бөгөөд хамгийн муу тохиолдолдлыг ч тооцсон байдаг" гэж батлан ярьсан байна.

Хэдийгээр орчин үеийн арилжааны онгоцны аюулгүй байдалд эргэлзэх зүйлгүй ч, зорчигчдын хувьд осол аюултай байж болно. "Бүсээ бүслээгүй зорчигчид хүчтэй савлагаа, чичиргээний үед осолдохыг үгүйсгэхгүй" гэж Хилдерман анхааруулав. Мөн “Турбулент бүрийг урьдчилан таамаглах боломжгүй тул зорчигчид аялалын туршид хамгаалах бүсээ бүслэх нь маш чухал. Хамгаалах бүсээ зүүгээгүй, биеэ зөв авч яваагүй зорчигч гэмтэх эрсдэлтэй. Хүнд тохиолдлын турбулентээс зайлсхийхийн тулд нислэгийг хойшлуулах эсвэл чиглэлээ өөрчлөх шаардлагатай болдог" гэж Шрайбер нэмж ярьжээ.

"Хэрэв танд чичиргээ савлагаа мэдрэгдэж эхэлвэл суудлаа бүү орхи, хамгаалалтын бүсээ зүү, эд зүйлс болон хурц үзүүртэй зүйлсийг бэхэлж унахаас найдвартай хамгаал. Хүчтэй чичиргээний үед хүзүүгээ гэмтээхээс сэргийлж, толгойгоороо толгойны түшлэгийг сайтар нал. Эцэг эхчүүд хүүхдээ чанга тэврэх, боломжтой бол анхнаасаа суудал худалдаж авсан байх нь өвөр дээрээ авч явснаас илүү аюулгүй, мөн халуун ундаанаас зайлсхийх хэрэгтэй. Хамгийн гол нь тайван байх. Турбулент таны нислэгт саад учруулж болзошгүй ч, орчин үеийн нисэх онгоцонд хор хөнөөл учруулахгүй гэдэгт итгээрэй гэж зөвлөсөн байна.

Тэд, "Бараг нислэг бүр тодорхой үе шатанд турбуленттэй тулгардаг. Гурван сая милийн нислэг үйлдсэн, агаарт 20,000 цаг ниссэн, сургагдсан нисгэгчид болон үргэлж нисдэг зорчигчид хүртэл, барф уут хэрэглэх үе гардаг. Гэхдээ онгоцнууд загвараа байнга сайжруулж байдаг." гэж ярьжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.