September
17
2023
Anu.mn
Мэдээ
Тэгээр төгссөн онд сонгогдсон АНУ-ын ерөнхийлөгчид бүрэн эрхээ дуусгалгүй нас бардаг гэдэг ...
Тэгээр төгссөн онд сонгогдсон АНУ-ын ерөнхийлөгчид бүрэн эрхээ дуусгалгүй нас бардаг гэдэгт америкчуудыг итгүүлдэг байсан “Текумсегийн хараал”
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Тэгээр төгссөн онд сонгогдсон АНУ-ын ерөнхийлөгчид бүрэн эрхээ дуусгалгүй нас бардаг гэдэгт америкчуудыг итгүүлдэг байсан “Текумсегийн хараал”
Photo: Shutterstock

Энэ явдал 1980 оны 10-р сарын 2-нд АНУ-ын сонгуулийн кампанит ажил ид өрнөж, АНУ-ын Ерөнхийлөгч Жимми Картер Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Рональд Рейгантай өрсөлдөж байх үед энэхүү хараалын тухай яриа дахин сэргэсэн гэж ВВС мэдээлсэн байна. Охайо мужийн Дейтон хотод болсон Картерын сурталчилгаан дээр нэгэн сургуулийн хүүхэд, “20 жил тутамд эсвэл тэгээр төгссөн онд сонгогдсон ерөнхийлөгч нас бардаг гэсэн яриа байдаг. Үүнд таны санаа зовж байна уу?" гэж ерөнхийлөгчөөс асуухад, -"Би иймэрхүү зүйлийг сонсож байсан. Би энэ албан тушаал дээр үхнэ гэдгээ мэдсэн ч, үүний төлөө өрсөлдөх л болно, учир нь энэ бол чөлөөт ертөнц дэх хамгийн гайхалтай, сорилттой, чухал албан тушаал гэж би боддог” гэж АНУ-ын Ерөнхийлөгч хариулж байжээ.

Энэхүү, 0-ээр төгссөн сонгуулийн жилд сонгогдсон АНУ-ын Ерөнхийлөгчид үхэх эсвэл алагдах болно гэсэн “домог ярианууд”-ыг “Ерөнхийлөгчдийн хараал”, “Тэгээр төгссөн оны хараал”, “Текумсегийн хараал”, “Типпеканогийн хараал” хэмээн нэрлэдэг.

Дейтон хотын сургуулийн сурагч, Картерт энэ асуултыг тавьснаар, энэ домог АНУ-д дахин сэргэсэн ажээ. Үнэхээр ч тэр үед, 1840 оноос хойш “тэгээр төгссөн он”-уудад сонгогдсон долоон Ерөнхийлөгчөөс нэг нь ч бүрэн эрхийн хугацаагаа дуустал амьдарч чадаагүй бөгөөд тэдний нэг болох Ерөнхийлөгч Кеннедигийн амийг хөнөөсөн нь улс орныг цочирдуулсан үе байжээ.

Энэхүү домгийн үүсэл

Текумсе ба "Бошиглогч"-ийн тухай энэ түүх, 18-р зууны сүүлчээр цагаан арьст америкчууд орчин үеийн Охайо, Индиана мужуудад индианчуудын овог аймгуудын нутаг дэвсгэрийг эзлэх үед эхэлсэн ажээ.

1795 онд ялагдсаныхаа дараа индинчуудын удирдагчид бүс нутгийнхаа хэд хэдэн газар нутгийг АНУ-д шилжүүлсэн гэрээнд гарын үсэг зурахаас өөр аргагүй болж, 1800 онд АНУ-ын ирээдүйн ерөнхийлөгч Уильям Харрисон захирагч нь байсан Индиана муж үүсч байжээ. Харин энэхүү гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан удирдагчдын дунд Шоуни овгийн удирдагчдын нэг, индианчуудын овог аймгуудын бие даасан нутаг дэвсгэрийг бий болгохыг мөрөөддөг, газар нутаг нь тодорхой нэг овгийнх биш харин бүх индианчуудад харьяалагддаг байх ёстой гэж уриалдаг Текумсе хэмээх удирдагч байв. Түүний ах Тенскватава 1806 онд нар хиртэнэ гэж зөгнөж, цагаан арьст байлдан дагуулагчдыг ер бусаар ялна гэж амласны дараа тэрээр "Зөнч" хэмээн нэрлэгдэн, олон мянган хүн дагасан шашны удирдагч болж, ах дүү хоёр олон мянган дагалдагчид цугларсан “Бошиглогчийн хот”-ыг байгуулж, өвөг дээдсийнхээ газар нутгийг колоничлогчдод өгөхийг хүсээгүй овгуудын холбоог байгуулжээ. Текумсе, "Цагаанууд үхэх болтугай. Тэд бидний газар нутгийг булаан авч, эмэгтэйчүүдийг маань бузарлаж, өвөг дээдсийн маань булшийг гишгэчив. Бид тэднийг ирсэн газар руу нь цус урсгасан аргаар буцаах ёстой” гэж 1811 онд цэргүүдээ уриалсан. Гэвч тэр жил Харрисон Текумсегийн эзгүйг далимдуулан "Бошиглогчийн хот" руу дайрч эзэлсэн бөгөөд Индианчуудыг удирдаж, амархан ялалт байгуулна гэж амласан “Бошиглогч” Тенксватава, Типпекано голын тулалдаанд америкчуудад ялагдсанаар "Бошиглогчийн хот"-ыг америкчууд устгаж, түүнийг цөлсөн аж. Харин Текумсе үлдсэн үнэнч дагалдагчидтайгаа америкчуудын эсрэг тэмцлээ үргэлжлүүлж байсан ч, 1813 онд одоогийн Канадын нутаг дэвсгэр дэх Темза голын ойролцоо Харрисоны цэргүүдийн эсрэг тулалдаанд амь үрэгджээ. Текүмсегийн эр зориг тууль, шүлгээр мөнхөрч, харин тухайн үеийн америкчууд түүнийг эрхэм дайсан, эр зориг, хүнлэг байдлын үлгэр жишээ, олзныхонд хүндэтгэлтэй ханддаг журамтай хүн гэж үздэг байжээ. Канадчуудын хувьд тэрээр ерөнхийдөө үндэсний баатруудын нэг нь болсон ажээ.

20-р зуунд шар хэвлэлүүд, цөллөгөнд байсанТенксватава, Харрисоныг АНУ-ын Ерөнхийлөгч болно гэж зөгнөсөн, мөн түүнийг хараасан, тэгээр төгссөн онд сонгогдсон АНУ-ын ерөнхийлөгчид албан үүргээ аваад бүрэн эрхийнхээ хугацааг дуусгалгүй үхнэ гэж хараасан гэсэн домог яриаг идэвхтэй тарааж эхэлсэн гэдэг. Чухамдаа энэ домог гарахаас өмнө хэд хэдэн ерөнхийлөгчид гэнэтийн үхлээр нас барсан байсан бөгөөд эднийг нас барсны дараах цуу яриа, таамгуудаас хамгийн "романтик" түүх нь энэ домог болсон гэдэг.

Уильям Харрисон индианчуудыг ялсныхаа дараа Охайо мужид Конгрессын гишүүн, сенатчаар ажиллаж байгаад 1840 онд, өөрөөр хэлбэл, "тэгээр төгссөн онд" тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулжээ.Тухайн үед 68 настай Харрисон АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай ерөнхийлөгч байсан бөгөөд хэвлэлүүд түүнийг өвөө гэж ил тодоор нэрлэдэг байв. 1841 оны 3-р сарын 4-нд тэрээр тангараг өргөх ёслол дээрээ үг хэлсэн нь бараг хоёр цаг үргэлжилсэн бөгөөд энэ нь АНУ-ын түүхэн дэх хамгийн урт нээлтийн үг одоо ч хэвээр байна. Энэ үед хүйтэн байсан ч, Ерөнхийлөгч эрүүл чийрэг гэдгээ харуулахаар хүрэм, малгайгаа өмсөөгүй байснаас ханиад хүрч, ажлын хэт их ачаалал болон ханиадны хүндэрлээр 1841 оны 4-р сарын 4-нд нас барсан. Тэрээр албан тушаалаа эрхэлж байхдаа нас барсан Америкийн анхны ерөнхийлөгч болжээ. Харрисон АНУ-ын түүхэн дэх хамгийн богино хугацаанд буюу ердөө 30 хоног ерөнхийлөгчөөр ажилласан байна.

Харрисоны нас барснаас хойшхи 60 жилийн хугацаанд АНУ-д гурван ерөнхийлөгч алагдсан бөгөөд тэд "тэгээр төгссөн он"-д сонгогдсон байдаг.

1865 оны 4-р сард Холбооныхон бууж өгснөөр боолчлолыг халсан алдарт ерөнхийлөгч Линкольн ялалтдаа баярлаж амжилгүй - 1865 оны 4-р сарын 14-нд аллагын хохирогч болжээ. Линкольны алуурчин нь 26 настай жүжигчин Жон Вилкс Бут байжээ. 1865 оны 4-р сард Холбооны арми бууж өгсний дараа Бут ерөнхийлөгчийг биечлэн алахаар шийдэж, театрт жүжиг үзэж байсан АНУ-ын ерөнхийлөгчийг араас нь толгойд нь буудаж амийг нь хөнөөжээ. Тэр “Энэ бол Өмнөдийн өшөө авалт” гэж тайзан дээр үсрэн гарч хашгирчихаад зугтсан бөгөөд түүнийг Виржиниа дахь амбаараас 12 хоногийн дараа барих үед, армийн түрүүч Бостон Корбетт амьдаар нь авчирах тушаалыг үл харгалзан Бутыг газар дээр нь буудан хороожээ. Хожим нь тэрээр, "нэг зүйл" түүнийг удирдаж байсан гэж ярьсан байдаг. Абрахам Линкольн нь, аллагын хохирогч болсон АНУ-ын анхны ерөнхийлөгч юм. 

1881 онд АНУ-ын 20 дахь Ерөнхийлөгч Жеймс Гарфилд алагдсан. Гарфилд Линкольн шиг Бүгд найрамдах намын гишүүн, боолчлолыг тууштай эсэргүүцэгч байсан. Түүний намтар тодорхой хэмжээгээр Америк мөрөөдлийн биелэлтэй төстэй. Ядуу айлын хүү эцэггүй өссөн бөгөөд үе тэнгийнхнийх нь жигшил зэвүүцэл түүнийг хичээнгүйлэн сурахад түлхэц болжээ. Тэрээр оюутан байхаасаа Охайо дахь институтэд (одоогийн Хирам коллеж) багшилж эхэлсэн бөгөөд 26 настайдаа,1880 онд ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж ерөнхийлөгч болжээ. Түүнд ямар ч шинэчлэл хийх цаг байсангүй. 1881 оны долдугаар сарын 2-нд Вашингтоны галт тэрэгний буудал дээр АНУ-ын Ерөнхийлөгчийг Чарльз Гито гэгч, гар буугаар нуруунд нь буудсаныг эмч нар бохир багаж хэрэгсэл, хуруугаараа сумыг авах гэж оролдсоны улмаас шарханд нь халдвар орж, 79 хоног өвдөж шаналсны эцэст,1881 оны 9-р сард Гарфилд сепсис, уушгины хатгалгаа өвчнөөр нас баржээ.

Гарфилдаас хойш 20 жилийн дараа АНУ-ын 25 дахь Ерөнхийлөгч Уильям МакКинли мөн аллагын хохирогч болсон байдаг. Тэрээр 1897 онд ерөнхийлөгч болж, 1900 онд дахин сонгогджээ. Энэ үе АНУ-ын үйлдвэржилтийн үе бөгөөд анхны үйлдвэрчний эвлэлүүд байгуулагдаж, ажлын цагийг богиносгож, цалин хөлсийг нэмэгдүүлэхийг шаардаж, ажилчдын дунд анархизм ба социализмын нэр хүнд өсөж, байнгын ажил хаялт, жагсаал цуглаан нь, заримдаа мөргөлдөөн болж, ажил хаягчид болон цагдаагийн ажилтнуудын хэн нэгний үхлээр төгсдөг байв. Ерөнхийлөгч МакКинли улс орноо хөгжил цэцэглэлт рүү хөтөлж байгаа гэдэгтээ итгэлтэй байсан бөгөөд америкчуудын дунд өөрт нь дайсан байхгүй гэдэгт итгэдэг байв. Түүнийг 1901 оны 9-р сарын 6-нд Буффало дахь Пан-Америкийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр, Зүүн Европоос ирсэн цагаачийн хүү, 28 настай анархист Леон Цолгош хоёр удаа буудсаны нэг сум нь Ерөнхийлөгчийн гэдсэнд тусч, шархны халдварын улмаас 8 хоногийн дараа буюу есдүгээр сарын 14-нд нас баржээ. МакКинлигийн алуурчин цахилгаан сандал дээр цаазлуулсан. 1902 оноос АНУ-ын Ерөнхийлөгчид анх байнгын хамгаалалттай болсон ажээ.

Тэгээр төгссөн онд сонгогдсон дараагийн хоёр ерөнхийлөгч Уоррен Хардинг (1921-1923), Франклин Делано Рузвельт (1933-1945) нар мөн албан тушаалаа эрхэлж байхдаа бүрэн эрхийн хугацаагаа дуусгалгүй нас баржээ.

Өмнө нь эрүүл мэндийн асуудалтай байсан Хардинг 1923 оны зун Аляска руу аялсны дараа бие нь муудаж нас барсан. Тэргүүн хатагтай нөхрийнхөө цогцост задлан шинжилгээ хийх зөвшөөрөл өгөөгүй бөгөөд түүнийг ерөнхийлөгчийг хордуулсан гэж буруутгасан ч энэ нь нотлогдоогүй юм. Хардингийн үхэл үзэгчдийн сонирхлыг ямар нэг зүйлд татах дуртай хэвлэлийнхний анхаарлыг тойрсонгүй. 1931 онд сонин хачирхалтай баримт, үйл явдлуудад зориулагдсан “Ripley’s Believe It or Not!” сонин, индианчуудын хараалын түүхийг анхлан тараасан ажээ.

Ерөнхийлөгч Франклин Делано Рузвельт 1945 онд албан тушаалаа эрхэлж байхдаа мөн цус харваж нас барсан бөгөөд уг сонин 1948 онд "хараал" –ын талаар дахин нийтэлж байв. 1960 оны сонгуулийн өмнөхөн нэр хүндтэй сэтгүүлч Эд Котерба: " Тэгээр төгссөн онд сонгогдсон АНУ-ын дараагийн ерөнхийлөгч, 100 гаруй жилийн турш яригдаж ирсэн аймшигт хараалтай тулгарах нь" гэж бичиж байв.

Тэрхүү сонгуулийн ялагч Жон Кеннеди, 1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд Даллас хотод алагджээ. Энэ аллагын талаарх хэлэлцүүлэг өнөөдрийг хүртэл намжаагүй байна. Албан ёсны хувилбараар энэ аллагыг ганц алуурчин үйлдсэн гэдэг ч, 2013 онд Gallup-ийн явуулсан санал асуулгаар америкчуудын 61% нь Кеннедигийн аллагыг хэсэг бүлэг хүмүүс хуйвалдан зохион байгуулсан гэж үзэж, зөвхөн 30% нь албан ёсны хувилбарт итгэдгээ илэрхийлсэн бөгөөд эдгээр хүмүүсийн 40% нь үүнд хэн оролцсон талаар тодорхой хариулж чадаагүй байна. Харин 13% нь мафийн бүлэглэл, 13% нь холбооны засгийн газрын төлөөлөгчид, 7% нь ТТГ, 5% нь Фидель Кастро, 5% нь ерөнхийлөгчийг эсэргүүцэгчдийн тодорхой бүлгүүдийг нэрлэжээ. Ку Клукс Клан, ЗСБНХУ, Дэд ерөнхийлөгч Линдон Жонсон нарыг оролцсон гэж тус бүр 3% нь үздэг гэжээ. Аллагын өдрөө сэжигтэн баривчлагдсан. Тэнгисийн явган цэргийн корпусын цэрэг асан Ли Харви Освальд зүүний үзэл санааг дэмжигч байсан бөгөөд ЗХУ-д гурван жил амьдарч, Минск дахь үйлдвэрт ажиллаж байжээ. 1964 онд Уоррены мөрдөн байцаах комисс, Освальд гэгч нь, Ерөнхийлөгчийг ямар ч хамсаатангүйгээр хөнөөсөн гэж үзсэн бөгөөд олонхи америкчууд үүнд шууд итгээгүй юм. 1992 онд Конгресс Кеннедигийн аллагын талаарх 5 сая баримт бичгийн ихэнхийг нууцаас гаргах шийдвэр гаргасан. 2017 онд дахин 2800 баримт бичиг нууцын зэрэглэлээс гарсан байна. Баримтууд нь, энэ хувилбарыг баталгаажуулдаг байна.

Хүүхдийн асуултаар хараал сөхөгдсөн тэр жил буюу 1980 онд америкчууд Картерыг биш, харин Рональд Рейганыг сонгосон байдаг. Барууны үзлийн бэлгэ тэмдэг болсон тэрээр үзэл суртлын өрсөлдөгчид болон дайсагнагч улсуудаас халдлага, аллага үйлдэх оролдлогыг хүлээж байсан гэдэг. Гэвч яаж гайхшруулахаа түүх мэддэг. 1976 онд Техасын оюутан, бага Жон Хинкли гэгч Роберт Де Ниро, Жоди Фостер нарын тоглосон Мартин Скорсезегийн "Таксины жолооч" киног үзжээ. Бага Жон Хинкли уг киног 15 удаа үзсэн бөгөөд тэр Беклигийн баатрыг дуурайж эхлэв - тэр түүн шиг хувцаслахыг хичээж, буудлагын дасгал хийж, Жоди Фостертэй холбогдохыг ч оролдсон. Жүжигчин бүсгүйг Йелийн их сургуулийн оюутан болоход нь, түүний хаалган доогуур гурван ч удаа хайрын захидал, шүлгээ шургуулж байсан ч ямар ч хариулт аваагүй тэрээр, АНУ-ын Ерөнхийлөгчийг алахаар шийджээ, учир нь улс даяар алдартай болж, жүжигчинтэй эн тэнцүү ярилцаж чадна гэж итгэсэн бөгөөд 1981 оны 3-р сарын 30-нд, Хилтон зочид буудалд болсон үйлдвэрчний эвлэлийнхэнтэй хийсэн уулзалтын үеэр, Рейганыг гар буугаар зургаан удаа бууджээ. Ерөнхийлөгчийн зөвхөн уушиг нь суманд оногдож эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд Рейган амьд үлдэж, маш хурдан эдгэрсэн нь болон түүнийг алах оролдлогод инээдэмтэй хариу үйлдэл үзүүлсэн зэрэг нь америкчуудын сэтгэлийг татсан гэдэг. Харин түүний туслах шархдаж тахир дутуу болсон ажээ. Энэхүү ерөнхийлөгчийг хөнөөх оролдлогын дараа түүний эхнэр Нэнси Рейган, Ерөнхийлөгчийн ажлын хуваарийг илүү сайн төлөвлөхийн тулд зурхайч Жоан Куинглид хандаж байв. Тэргүүн хатагтай ч дурсамж номондоо үүнийгээ баталдаг.

Харин үүнийг мэдсэн хэвлэлүүд болон Нью-Йорк Пост сонин, "Зурхайч Цагаан ордныг удирдаж байна" гэсэн гарчигтай нийтлэл гаргаж шуугиан тарьж байсан бөгөөд Нэнси Рейган хожим нь: "Роннигийн хуваарьт зурхайг хэзээ ч цорын ганц хүчин зүйлийн хэмжээнд ашиглаагүй, улс төрийн ямар ч шийдвэрт нөлөөлж байгаагүй" гэж хариулж байжээ. Харин Куингли номондоо хэвлэлийн бага хурал, гадаад айлчлал, ерөнхийлөгчийн нислэг, тэр байтугай ерөнхийлөгчийн мэтгэлцээнийг төлөвлөж, аль өдөр гэртээ байх нь хамгийн тохиромжтой болохыг тодорхойлдог байсан гэж бичсэн байдаг. Ерөнхийлөгч Рейган "муу гүрэн" гэж нэрлэсэн ЗХУ-ын уналт, сүйрлийг ч харсан юм. Тэрээр 2004 онд ердийн үхлээр нас барсан бөгөөд амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэрээр Альцгеймерийн өвчнөөр шаналж байжээ. "Текумэсегийн хараал"-ын шүтэн бишрэгчид, хараал түүнийг устгасан гэж үздэг байна. Рональд Рейган 1989 онд албан тушаалаа өгсний дараа "Текумсегийн хараал" мартагдаж эхэлсэн ч, Интернет гарч ирснээр хачирхалтай үйл явдал, хуйвалдааны онолуудын талаархи интернет форум, сайтуудын орон зайд суурьшсан ажээ.

2000 онд бага Жорж Буш АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон. Түүний бодлого нь дотоод, гадаадын ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байсан бөгөөд террористуудын хувьд тэрээр хамгийн тохиромжтой бай болж байв. Бага Буш 2005 онд Тбилисид амь үрэгдэх шахсан бөгөөд Тбилисийн оршин суугч Владимир Арутюнян, ерөнхийлөгч нарын зогсож байсан тайз руу алчууранд ороосон гранат шидсэн нь дэлбэрээгүй ажээ. Арутюнянд бүх насаар нь хорих ял оноож, аллага үйлдэх оролдлого нь ч хурдан мартагдсан.

Үнэндээ, Цагаан ордны бодлогод сэтгэл дундуур хүмүүс байсаар байдаг учраас Америкийн олон ерөнхийлөгч нар бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж чадахгүй байх магадлалтай, зөвхөн "тэгээр төгссөн он"-д сонгогдсон хүмүүсээс гадна халдлагад өртсөн жишээ байдаг. 1975 онд Ерөнхийлөгч Жералд Фордыг хоёр удаа хөнөөх гэж оролдсон юм. Америкийн олон түүхчид, ялангуяа индианчуудын удирдагчдын намтар судлаач Эми Стержесс, "Текумсегийн хараал" -ыг зохиомол зүйл гэж ил тодоор нэрлэдэг бөгөөд гэхдээ "Тэгээр төгссөн оны хараал" домог нь, зарим нэг ашиг тустай, энэ тухай уншсан хүмүүс АНУ-ын түүхийг илүү их сонирхож эхэлдэг гэсэн байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.