September
29
2022
Anu.mn
Танд хэрэгтэй
Америкийн визний тухай үнэнтэй нийцэхгүй 10 зүйл
Америкийн визний тухай үнэнтэй нийцэхгүй 10 зүйл
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Америкийн визний тухай үнэнтэй нийцэхгүй 10 зүйл
Photo: Shutterstock

Олон хүмүүсийн хувьд Америкийн виз авах нь мөрөөдөл хэвээр байгаа. Гэхдээ визний тухай, түүнийг авах үйл явцын талаар хүмүүс олон ам дамжсан яриа, бусдын зөвлөгөө, олон нийтийн сүлжээгээр хуваалцсан хувийн туршлага зэргээс нэгэн хэвшмэл ойлголтыг олж авсан байдаг бөгөөд эдгээрийн зарим нь үнэний хувьтай ч, зарим нь үнэн биш байдаг.

1. Та виз авснаас хойш эхний 6 сарын дотор АНУ-д нэвтрэх ёстой, эс тэгвээс энэ нь хүчингүй болно.

Энэ үнэн биш. Виз бүр хүчинтэй байх хугацаатай бөгөөд тэрхүү заагдсан өдөр хүртэл хүчинтэй байна. Энэ хугацаанд аль ч үед аялах боломжтой. Зөвхөн АНУ-ын цагаачлалын албаныхан визийг хүчингүй болгосон тохиолдолд хүчингүй болно.

2. Жил бүр олгох визний тоонд хязгаарлалт байдаг

Цагаачлалын бус жуулчны визэнд ийм хязгаарлалт байхгүй. Энэ нь зөвхөн цагаачлалын визэнд хамаарна.

3. Хэрэв бүх хүүхдүүд нь АНУ-д байгаа бол эцэг эхчүүдэд виз олгохгүй

Энэ хүчин зүйл нь консулын газрын шийдвэрт нөлөөлж болох ч виз олгохоос татгалзах цорын ганц шалгуур биш юм. Бүх нөхцөл хангагдсан тохиолдолд виз авна.

4. Хэрэв өмнө нь виз олгохоос татгалзсан бол АНУ-ын конгрессын гишүүн, сенаторын захидал виз авахад тусална.

ҮГҮЙ. АНУ нь, бусад улс дахь консулын газруудад виз олгох, татгалзах хариуцлагыг өгсөн. Шийдвэрийг зөвхөн тэд гаргана. Түүнчлэн АНУ-ын хууль тогтоомж нь визний шийдвэр гаргах үйл явцыг гадны нөлөөллөөс хамгаалдаг. Өргөдөл гаргагч нь шинээр үнэмшил төрүүлэхүйц нотлох баримт гаргаж өгснөөр өмнөх визний татгалзлыг цуцлахад нөлөөлж болно.

5. Хэрвээ хүүхдүүдээс тань нэг нь АНУ-ын иргэн бол эцэг эхчүүдэд зочлох виз олгохоос татгалзана.

Энэ үнэн биш. Хэрэв эцэг эхийнх нь аяллын зорилго нь АНУ-д үүрд үлдэх биш, түр хугацаагаар хүүхдүүдтэйгээ хамт байх явдал гэдгийг баталж чадвал тэдэнд Америкийн виз олгоно.

6. 6 сарын хугацаатай виз хүсэх юм бол авах магадлал бага

Өргөдөл гаргагчийн виз мэдүүлэх хугацаа нь аяллын зорилготой логикийн хувьд тохирч байх ёстой. Хэрэв та ажил хийдэг, ажлаас тань 2 сар ажлын байрыг тань хадгална гэсэн баталгаа бичгээр олгосон тохиолдолд зургаан сарын хугацаатай виз хүсэх нь таныг яаж ийм удаан хугацаагаар явах вэ гэсэн асуулт төрүүлж, эргэлзээнд хүргэх нь ойлгомжтой. .

7. Хэрэв танд өмнө нь виз олгохоос татгалзсан бол шинээр виз авах магадлал маш бага.

Виз олгоход олон шалгуур байдаг бөгөөд энэ нь янз бүрийн хүчин зүйл, тэр дундаа өмнө нь татгалзсан шалтгаанаас хамаардаг. Гэхдээ энэхүү бүх татгалзалууд нь таны дараагийн оролдлогод сөрөг нөлөө үзүүлэх албагүй. Хэрэв та виз авах бүх нөхцлийг хангасан бол визээ авах болно.Тухайн үедээ танд виз олгохоос татгалзсан тохиолдолд консулын ажилтнууд татгалзсан шалтгааныг хэлдэг. Хэрэв таны хувьд эдгээр нөхцөл байдлууд өөрчлөгдөж арилсан, одоо шаардлагад нийцэж байгаа гэж үзэж байгаа бол дараагийн удаад танд виз олгох болно.

8. Хэрэв та гадаадад аялсан, виз гарч байсан бол танд Америкийн виз олгоно

Худлаа. Америкийн виз авахын тулд тодорхой нөхцлийг хангасан байх ёстой. Та бусад улс руу аялсан эсвэл визтэй байсан нь, Америкийн консулын газар танд эерэгээр хандахад нөлөөлөхгүй.

9. Хэрэв та Америкийн визтэй байсан бол дараагийн удаад АНУ руу виз авах баталгаатай болно

Бүрэн баталгаатай биш, учир нь нөхцөл байдал өөрчлөгдөж болно. Та АНУ-ын виз мэдүүлэх бүртээ шаардлага хангасан байх ёстой. Хэрэв та сүүлийн удаа тус улсад айлчлахдаа хэт удаан саатсан, гэмт хэрэг үйлдсэн, бусад дүрэм, хууль зөрчсөн, эсвэл танд хангалттай мөнгө байгаагүй гэх мэт зүйл байвал энэ нь таны дараагийн визний мэдүүлэгт сөргөөр нөлөөлж болзошгүй.

10. Хэрэв та B1/B2 виз сунгах хүсэлт гаргасан бол дараагийн удаа таны виз цуцлагдах болно.

Мэдээж тийм биш. АНУ-д удаан саатахгүй байхыг хичээгээрэй, хугацаа болмогц (I-94 маягтын дуусах хугацаа) явах хэрэгтэй. Хэрэв та зөвшөөрөгдсөн хугацааг хэтрүүлвэл танд ноцтой асуудал тулгарч магадгүй юм.

Хэрэв та АНУ-д удаан хугацаагаар байсан бол:

  • Энэ нь таны дараагийн визний мэдүүлэгт сөргөөр нөлөөлж болзошгүй.
  • Таны дараагийн аялалын үед хилийн боомт дээр илүү олон асуулт асууж магадгүй. Хэрэв та хилийн офицерт таалагдахгүй бол АНУ-д нэвтрэхийг хориглож болно.
  • Хэрэв та өмнө нь АНУ руу аялахдаа сунгах хүсэлт гаргасан бол бүх бичиг баримт, сунгалтын хуулбар, I-94 маягт гэх мэтийг өөртөө хадгалсан байх ёстой.

Эх сурвалж: forumdaily.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.