Аялалд явахдаа хүмүүс, бэлэн мөнгөтэй явахыг хэвийн үзэгдэлд тооцдог. Гэвч, АНУ-ын гааль дээр бусад улс орнуудын адил бэлэн мөнгөний хязгаарлалт тавьдаг гэдгийг мэдэх хэрэгтэй гэж Clearitusa мэдээлжээ.
Ихэнх улс орнууд хэр хэмжээний бэлэн мөнгө хилээрээ нэвтрүүлэх тухай хуультай байдаг. АНУ ч мөн ялгаагүй бөгөөд АНУ-ын гаалийн бэлэн мөнгөний хязгаарлалтын зорилго нь гэмт хэрэгтнүүдийг барих, мөнгө угаах гэмт хэрэг, хар тамхины наймаа зэрэг хууль бус үйл ажиллагааг санхүүжүүлэхэд ашиглахаас урьдчилан сэргийлэхэд оршдог. Гэтэл харамсалтай нь, аялагчид мэдэхгүйгээс хэт их бэлэн мөнгөтэй зорчиж байгаад баригдах тохиолдол гардаг бөгөөд энэхүү хязгаарлалтыг мэдээгүй гэдэг шалтгааныг хүлээн зөвшөөрдөггүй байна. Тиймээс, гааль дээр таагүй гэнэтийн зүйл тохиолдохоос зайлсхийх хамгийн сайн арга бол мэдээлэлтэй байх явдал юм.
Та хууль ёсоор Америкийн хилээр хичнээн хэмжээний бэлэн мөнгө авч явж болох вэ?
Хилээр нэвтрүүлэх бэлэн мөнгөний хязгаар байхгүй гэдгийг мэдээд та гайхаж магадгүй. Гэвч, 10,000 доллараас дээш мөнгөтэй явж байгаа бол мэдүүлэх ёстой. Энэ талаарх албан ёсны мэдэгдлийг АНУ-ын Гаалийн болон хилийн хамгаалалтын албаны вэбсайтаас үзэх боломжтой. Хэрэв та 10,000 доллараас дээш мөнгөтэй бол гаалийн байгууллагад мэдэгдэж, Олон улсын валют, мөнгөний хэрэгслийн тээвэрлэлтийн тайлангийн маягт (FinCEN 105) бөглөх ёстой. 10,000 доллартай тэнцэх хэмжээний бэлэн мөнгө гэдэгт өөрт тань байгаа бүх төрлийн гадаад валютын дүн нийт мөнгөнд тооцогддог гэдгийг мэдэх нь маш чухал юм. Тиймээс, хил гарахаасаа өмнө хөрвөх ханшийг шалгах хэрэгтэй. Жишээлбэл, евро ихэвчлэн ам.доллараас өндөр ханштай байдаг. €9,000 нь, АНУ-ын гаалийн хязгаар болох 10,000 доллараас хэтрэх магадлалтай. Энэ тохиолдолд АНУ-д мөнгө оруулах, мөн АНУ-аас гаргахын тулд мэдүүлэг өгөх шаардлагатай болно.
Бүх улс орнууд, бэлэн мөнгө хилээр нэвтрүүлэх өөр өөрийн хуультай гэдгийг мэдэх нь чухал юм. Та мөн явах гэж байгаа улсынхаа хуулийг мэдэх үүрэгтэй. Та АНУ-аас 10,000 доллартай гарч болно, гэхдээ энэ нь, өөр улс руу орж болно гэсэн үг биш юм. Мөн хөрвөх ханш өдөр бүр өөрчлөгддөг гэдгийг санаарай. Тиймээс та явах гэж буй улс орнуудын хязгаарлалтыг мэдэх мөн хэр их бэлэн мөнгө авч яваагаа шалгаж байгаарай.
Юуг бэлэн мөнгө гэж тооцдог вэ?
Зарим аялагчид, бэлэн мөнгө бол цаасан мөнгө, зоос гэсэн ойлголттой байдаг. Гэтэл, ямар нэгэн зүйл худалдаж авахад ашиглаж болох бүх зүйлийг бэлэн мөнгө гэж үздэг байна. Үүнд:
Эдгээрийг хамт ашиглан аялах нь таныг хуулиас чөлөөлөхгүй бөгөөд хэрэв та 5,000 долларын дэвсгэрт, 6,000 долларын чектэй аялж байгаа бол 11,000 доллар гэж бүхэлд нь мэдүүлэх ёстой. Үүний нэгэн адил, авч явж буй мөнгөө хуваалцах нь таныг мэдүүлгийн шаардлагаас чөлөөлөхгүй. Хэрэв танд 5,000 доллар байгаа харин таны аяллын хамтрагчид 6,000 доллар байгаа бол хамтарсан мэдүүлэгт 11,000 доллар гэж мэдүүлэх ёстой.
Гааль дээр мөнгөө мэдүүлэхгүй бол яах вэ
10,000 доллараас дээш үнийн дүнтэй мөнгөний хэрэглүүрийг мэдүүлээгүй тохиолдолд таныг саатуулах боломжтой. Хэрэв та 10,000 ам.доллараас дээш хэмжээний мэдүүлэггүй бэлэн мөнгөтэй хилээр гарч байгаад баригдвал түүнийг хураадаг. Хэт их бэлэн мөнгө авч явсан тохиолдолд торгууль ногдуулдаг.
CBP-ийн мэдээлснээр, 500,000 доллар хүртэл торгууль ногдуулах заалт байдаг. Мэдүүлэг (деклараци) гаргаагүй, буруу мэдүүлэг өгсөн эсвэл дутуу мэдээллээр мөнгөний мэдүүлэг санаатай гаргасан тохиолдолд 10 жил хүртэл хорих ялаар шийтгэдэг. Хэрэв та бэлэн мөнгө хураалгасан бол хуулийн байгууллагад хандаж болно. Мөнгөө буцааж авах магадлалтай ч хуулийн дагуу нарийвчилсан, урт хугацааны мөрдөн байцаалтын ажиллагаанд бэлэн байх хэрэгтэй болно. CBP таны ачаа тээшнээс бэлэн мөнгө илрүүлэх олон арга бий. Үнэрч ноход цаасан мөнгө илрүүлдэг гэдэгт итгэх хэрэгтэй. CBP нь ачаа тээш, тээврийн хэрэгслийг сканнердахдаа янз бүрийн рентген технологи, шилэн кабелийг ашигладаг. Бэлэн мөнгө нуух гэж оролдох нь сайн зүйл биш юм.
Хэрэв та гэмт хэрэгт холбогдоогүй бол CBP-ээс зориудаар зайлсхийх ямар ч шалтгаан байхгүй. Ихэвчлэн хүмүүс үүнийг мэдээгүйгээс, асууж судлаагүйгээс ийм асуудалд ордог. Энэ алдааг бүү хий! 2018 онд CBP өдөр бүр дунджаар 290,411 долларыг мэдүүлээгүй, хууль бус гэсэн шалтгаанаар хураан авсан гэдгийг мэдээд та гайхах нь дамжиггүй. Энэ бол маш их мөнгө! Хэрэв та сайн мэдэхгүйгээс дүрэм зөрчихөөс санаа зовж байгаа бол, мөн АНУ-ын гаалийн бэлэн мөнгөний хязгаараас хэтэрсэн эсэхээ мэдэхгүй байгаа бол юутай ч бэлэн мөнгөө мэдүүлэх нь зүйтэй. 10,000 ам.доллараас доош мөнгөтэй хилээр нэвтрэхэд ямар нэгэн татвар, хураамж, торгууль төлөхгүй, харин таны алдах цорын ганц зүйл бол, мэдүүлэгт зарцуулах хэсэг хугацаа юм. Гэвч, ихэнх хүмүүс 10,000 доллараас дээш мөнгөтэй явахгүй байхыг хичээдэг.Тийм хэмжээний мөнгө авч явах нь таныг хулгайн бай болгохоос гадна замдаа ачаа тээшийн хамт мөнгөө алдвал, таны санхүүгийн байдалд ноцтой нөлөөлөх нь ойлгомжтой. Гэсэн ч, та бэлэн мөнгө авч явах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд өөртөө байгаа бүх мөнгөн тэмдэгтийнхээ нийт үнийг зөв тооцож, дараа нь мэдүүлдэг байх хэрэгтэй юм байна.