“Баялаг гурван үед бүтээгдэж, мөн алдагддаг”, өөрөөр хэлбэл удаан үргэлжлэх нь ховор гэсэн эртний үг олон үндэстэн дунд байдаг. Гэтэл Рокфеллерийн удам үүнийг өөрсдийн арга зарчимаар үгүйсгэн, өв хөрөнгөө улам өсгөн үргэлжлүүлсээр яваа гэр бүл юм гэж MC Today бичжээ.
Долоон үе, бараг 170 гаруй өв залгамжлагчтай ч тэд баян хэвээр байна - 2016 онд тэдний хөрөнгө 11 тэрбум доллараар үнэлэгдсэн байдаг. Жон Д.Рокфеллер Стандарт Ойл компанийг үүсгэн байгуулж, Америкийн анхны тэрбумтан болсноос хойш зуу гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд гэр бүл нь олон нийтийн дуулианд өртөөгүй, залилангийн хэрэгт буруутгагдаагүй, олон сая долларын нэхэмжлэл хүлээж авч байгаагүй гэдэг.
Рокфеллерийн гэр бүлийн нууц юу вэ?
Мэдээжийн хэрэг, Рокфеллерууд анхандаа маш баян байсан. Мөн Вандербильт, Карнеги, Асторууд ч мөн ижил баян байсан, гэвч тэд нарын үр удам Рокфеллерийнхны адил гэр бүлийнхээ хөрөнгийг тэрбум тэрбумаар нь хандивлах гэж яараагүй юм.
Үүний нэг жишээ нь, 5-р сард Кристигийн дуудлага худалдаанд талийгаач Дэвид, Пегги Рокфеллер нарын цуглуулга болох 500 сая доллараас 1 тэрбум долларын үнэ бүхий, урлагийн эд зүйлс болон бусад үнэт эдлэлүүд тавигдах бөгөөд эдгээрээс орох бүх орлогыг буяны үйлсэд хандивлах юм байна. Дэвид Рокфеллер амьдралынхаа туршид нийтдээ 1 тэрбум гаруй доллар хандивласан ажээ.
Рокфеллер & Ко компанийн гүйцэтгэх захирал бага-Дэвид Рокфеллер цөөхөн удаа өгч байсан ярилцлагынхаа нэгэнд, гэр бүл нь тэдний харилцааг бэхжүүлж, эд баялгийг хадгалахад тусалдаг үнэт зүйл, уламжлал, хандлагын тогтолцоог бий болгосон гэж хэлсэн байдаг.
Нууц 1: Гэр бүлээрээ тогтмол уулзаж байх
Дэвид Рокфеллер: "Бид жилд хоёр удаа бүх гэр бүлээрээ цуглардаг. Жишээлбэл, Зул сарын баярын оройн зоогонд зуу гаруй зочин цугларч, гэр бүлийн форум шиг зүйл болдог. Хүүхдүүдээс 21 нас хүрэхэд энэ уулзалтын урилгаа өгдөг. Эдгээр уулзалтууд дээр бид бүгд харилцаж, ажил, төсөл, гэр бүлийн бусад мэдээ, ажил мэргэжлийн амжилтын талаар бие биедээ ярьдаг. Бид Рокфеллерийнхны хэн нэгтэй гэрлэснээр гэр бүлд маань орж ирсэн хүнд ч тэр, мөн гэр бүлийн хүн бүрт гэр бүлийнхээ бүрэн эрхт гишүүн гэдгийг мэдрүүлэхийг маш чухал гэж үздэг.
Нууц 2: Гэр бүлийн өвийг эрхэмлэх
Гэр бүлийн түүхэнд болгоомжтой хандах нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Хамаатан саднаараа “өвөг дээдсийнхээ эдлэнд” цугларч, өнгөрсөн үеэ эргэн дурсах нь гэр бүлийнхээ өв уламжлалыг үргэлжлүүлэх арга. Энэ газар бол, үеэс үед уламжлагдан ирсэн, бүх гэр бүлээрээ мэддэг нандин зүйл. Би элэнц өвөөгийнхөө зуун жилийн өмнө амьдарч байсан энэхүү газарт, түүний хэрхэн амьдарч байсныг, хүү, ач зээ нар нь хэрхэн амьдарч байсныг хардаг" гэж Дэвид ярьсан байна
Нууц 3: Гэр бүлийн бизнес бүү үүсгэ
Рокфеллерийн хэлснээр, өөр нэг чухал хүчин зүйл бол гэр бүлийн бизнес хийхгүй байх. Баян чинээлэг гэр бүл дэх зөрчилдөөнүүд бизнесээс эхэлдэг - компанийг хэн удирдах ёстой, бизнесээ хэрхэн явуулах, хэн ашиг олох вэ гэх мэт. Рокфеллерууд зуу гаруй жилийн турш гэр бүлийн бизнес огт эрхлээгүй байдаг. 1911 онд засгийн газар Стандарт Ойл компанийг татан буулгаж, тухайн үеийн монополийн эсрэг хуулийн дагуу тусдаа хувьцаат компани болгон хувааснаас хойш биржид бүртгэлтэй олон хувь нийлүүлсэн нийгэмлэгүүд болон тус тусдаа үйл ажиллагаагаа явуулж иржээ
Нууц 4: Сайн үйлс
Өөр нэг чухал зүйл бол буяны үйл ажиллагаа юм. Гэр бүлийн сангууд нь, 5 тэрбум доллар гаруй нэгдмэл хөрөнгөтэй байдаг. Гэр бүлийн гишүүдийг эдгээр сангуудад урьж, тэндээс тусламж өгөх объект, чиглэлээ сонгох боломж олгодог. Рокфеллерууд хандив өргөхийг гэр бүлийн гол асуудал болгосноороо бага- Жон Д.Рокфеллерийн үндсэн үнэт зүйлсийг хадгалж чадсан бөгөөд Рокфеллер төвийн ханан дээр түүний хэлсэн, "Эрх бүр нь хариуцлага, боломж бүр үүрэг, мөн эзэмшил бүр нь ч үүрэг юм." гэсэн үг нь сийлээстэй байдаг байна.
Бага Дэвид Рокфеллер арван настайдаа анхны халаасны мөнгөө хандивлаж байснаа дурссан байдаг. Жон Д.Рокфеллер анхны цалингаасаа аравны нэгийг хурааж сүмд эсвэл өөр сайн үйлсэд зориулан өгдөг байв.
"Хэрэв та эдгээр үнэт зүйлсийн дагуу амьдрахгүй бол үг жингээ алддаг. Тэгэхээр манай гэр бүл эдгээр үнэт зүйлсээр амьдрахыг хичээсэн гэж бодож байна. Хэнд их өгөгднө төдий чинээ их зүйл шаардагдна гэдэг" гэж бага-Дэвид Рокфеллер ярьсан байдаг.