June
19
2022
Anu.mn
Танд хэрэгтэй
Хүн бүр мэдэх ёстой АНУ-ын хөдөлмөрийн тухай хуулийн зүйлс
Хүн бүр мэдэх ёстой АНУ-ын хөдөлмөрийн тухай хуулийн зүйлс
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Хүн бүр мэдэх ёстой АНУ-ын хөдөлмөрийн тухай хуулийн зүйлс
Photo: Shutterstock

Жил бүр сая сая залуучууд коллежид элсэж, оюутнуудын ихэнхи нь ирээдүйн ажлын байраа илүү олон боломжтой байна гэсэн найдвар тээн суралцаж байна. Үүнээс гадна сая сая цагаачид илүү сайн амьдрал хайж АНУ-д ирдэг. Тэдэнд бүгдэд нь нэг л зүйл хэрэгтэй нь ажил юм. Хөдөлмөр эрхлэлт болон түүнийг зохицуулдаг хууль тогтоомжийн талаар мэдвэл зохих зүйлсийг CNBC нийтэлжээ.

Хөдөлмөрийн зах зээл нь, ажилтан, ажиллагсдад тохиолдож болох элдэв бусармаг хандлага, хүндрэлүүдээс тэднийг хамгаалах хууль тогтоомжоор зохицуулагддаг. Хууль нь таны эрхийг хамгаалдаг. Нью-Йоркийн их сургуулийн түүхийн тэнхимийн профессор Кимберли Филлипс-Фейн, “АНУ-д ажилчид, бусад улсуудтай харьцуулахад цөөн эрх эдэлдэг. Тиймээс байгаа энэхүү цөөн эрх нь маш чухал юм." гэж ярилцлагадаа дурджээ.

Тухайн улсын хаана байгаагаас хамааран муж, хотууд бүр ажил олгогчдод өөр өөр шаардлага тавьдаг. Гэхдээ холбооны түвшинд бараг бүх ажил олгогчид дагаж мөрдөх ёстой дараах нийтлэг хууль тогтоомжууд байдаг байна.

Хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг заасан байдаг.
Хөдөлмөр эрхлэлтийн талаар хэрэгжүүлсэн үндэсний томоохон бодлогуудын нэг бол 1938 онд Ерөнхийлөгч Франклин Рузвельтын гарын үсгээр баталгаажсан шударга хөдөлмөрийн стандартын тухай хууль (FLSA) юм. Энэ хууль цаг үеэ даган байнга, шинэчлэгдэж ирсэн бөгөөд хөдөлмөрийн яамны мэдээлснээр 143 сая гаруй америк ажилчдыг FLSA хамгаалдаг байна.
2009 оноос хойш хуулиар нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7.25 ам.доллар байхаар тогтоосон. Улс орон даяарх муж, хотууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрсдөө тогтоодог. Жишээлбэл, Делавэрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 10.50 доллар байдаг бол, Вашингтон мужид нэг цагт 14.49 доллар байдаг. Ямартай ч, улсын хэмжээнд 7.25 доллараас бага цалинжуулахыг хориглоно. Цайны мөнгөөр цалинждаг зөөгч, барменуудад энэ хууль үйлчлэхгүй. Харин тусгайлан зүйлчилсэн холбооны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу цагийн 2.13 доллар байх хууль хэрэгждэг . Долоо хоногт 40-өөс дээш цаг ажилласан ажилтан, ажилчдад нэмэлт цагийн хөлсийг ердийнхөөс нэг хагас дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэмэгдэл цагийн хөлс олгохоор хуульд заасан байдаг аж.

FLSA-д, ажил олгогчид нь "таны эрхийг хүндэтгэхийн тулд" ажилчдын цаг, цалингийн бүртгэлийг хөтлөх ёстойг болон 18 нас хүрээгүй ажилчинд зориулсан хүүхдийн хөдөлмөрийн хөлсний зохицуулалт зэргийг хуульд заасан байдаг. FLSA нь хувийн болон төрийн салбарт ажилладаг олон мянган ажилчдад хамаарах боловч энэ нь тэр бүр нийтийг хамрахгүй хэвээр байна. Жишээлбэл, бие даасан ажил үйлчилгээ явуулдаг ажил олгогчид хуульд захирагддаггүй байдал байсаар байна.

Хуульд хөдөлмөрийн аюулгүй байдал, Үйлдвэрчний эвлэлд эвлэлдэн нэгдэх эрх, амралт, чөлөө олгох, ялгаварлан гадуурхалт зэргийн зохицуулалтыг тусгасан.
Холбооны бодлого нь ажлын байрны эрүүл мэнд, аюулгүй байдал, өвчний чөлөө, амралт, ялгаварлан гадуурхалтыг хамардаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль (OSHA) нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын дагуу ажил олгогчдоос "ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй нөхцөлийг хангахыг" шаардах эрхийг заадаг. Хуулийн дагуу ажилчдын эрхэнд ажлын байрны аюулгүй байдлын дүрэм журам, холбогдох OSHA стандартын талаархи сургалт орно.

Филлипс-Фейн хэлснээр, Хөдөлмөрийн харилцааны үндэсний хууль (NLRA) нь хувийн хэвшилд "хүмүүст үйлдвэрчний эвлэл байгуулах эрхийг олгодог". Энэ нь танд "ажил дээрээ тулгамдсан асуудлын талаар ярих эрх"-ийг олгохоос гадна хамт ажиллагсадтайгаа цалингийнхаа хэмжээний талаар ярилцах, сэтгэгдлээ хуваалцах боломжийг олгоно.

Гэр бүлийн болон өвчний чөлөө олгох тухай хуулиар (FMLA) нь тодорхой ажилчдад (жишээлбэл, 50 ба түүнээс дээш ажилтантай хувийн хэвшлийн компаниуд, муж улсын болон орон нутгийн засаг захиргаа) хүүхэд төрүүлэх, хүнд өвчтэй эхнэр, нөхрөө асрах эсвэл ажилтны өөрийнх нь эрүүл мэнд ноцтой шалтгаантай үед 12 долоо хоногийн "ажлын байр хадгалагдах нөхцөлтэй, цалингүй чөлөө" олгодог.

1964 оны Иргэний эрхийн тухай хууль (CRA) нь, яс үндэс, арьс, хүйс, чиг баримжаагаар ялгаварлан гадуурхахыг хориглодог.

Хууль нь "тэгш бус харилцааг тэнцвэржүүлэхэд тусалдаг"
Хөдөлмөрийн яам нь FLSA, OSHA, FMLA, Хөдөлмөрийн харилцааны үндэсний зөвлөл нь NLRA, тэгш хөдөлмөр эрхлэлтийн комисс нь Иргэний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлдэг. Хэрэв та эрхээ зөрчигдсөн гэж үзвэл хэрхэн гомдол гаргах талаар агентлаг бүрийн вэбсайтад зааварчилгаа нь байдаг байна.

Нэмж дурдахад, Калифорни, Колорадо, Коннектикут, Массачусетс, Мэрилэнд, Нью Жерси, Нью-Йорк, Орегон, Род Айленд, Вашингтон гэсэн 10 муж болон Колумбийн дүүрэгт, ажил олгогчидыг, ажилтнуудынхаа гэр бүлийн гишүүдийн асаргаа болон өвчтэй үед цалинтай чөлөө олгохыг, Аризона, Калифорниа, Колорадо, Коннектикут, Мэйн, Мэрилэнд, Массачусетс, Мичиган, Невада, Нью Жерси, Нью Мексико, Нью-Йорк, Орегон, Род-Айленд, Вермонт, Вашингтон зэрэг 16 мужууд болон Колумбийн дүүрэгт өвчний чөлөөг цалинтай байлгахыг тус тус шаарддаг байна. Орегон муж болон долоон хотод үйлчилгээний салбарын ажилтнуудын өвчний чөлөөг, ажиллах цагийн хуваарийг нь зохицуулах аргаар шийддэг бөгөөд цалинтай, цалингүй чөлөө олгох эсэхийг холбооны ямар ч хуулиар зохицуулдаггүй байна. Хөдөлмөрийн зах зээлд ороход ажил олгогч, ажилтны харилцаа заримдаа айдас төрүүлмээр байдаг. "Эдгээр хууль нь ямар нэгэн байдлаар тэгш бус харилцааг тэнцвэржүүлэхэд туслах арга замыг олоход чиглэгддэг" гэж Филлипс-Фейн ярилцлагадаа дурджээ.

Эх сурвалж: forumdaily.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.