1. Шударга Цалин Хүртэх Таны Эрх
- Та гүйцэтгэсэн бүх ажлаа үнэлүүлэн цалин хөлс авах эрхтэй.
- Ихэнхи ажлын хувьд та хамгийн багадаа холбооны хуулиар тогтоосон цагийн хѳлсний хамгийн бага хэмжээгээр хөлсѳѳ авах эрхтэй.
Та дараах тохиолдолд холбооны цагийн хѳлсний доод хэмжээнээс ѳндѳр хөлс авч болох юм. Үүнд:
- Цагийн хѳлсний доод хэмжээ нь холбооныхоос ѳндѳр муж, хот, каунтид ажилладаг бол.
- Таны хөдөлмөрийн гэрээ/визний нѳхцѳлд өндөр хѳлс тѳлѳхийг шаардсан бол.
- Та 7 хоногт 40-ѳѳс илүү цаг ажилласан бол ийнхүү илүү ажилласан цаг бүртээ цагийн хѳлсѳѳ 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх нэмэгдэл хөлс авч болно.
- Хэрэв таны цалингийн чекнээс ажил олгогч тань мөнгө хассан байвал үүнийг суутгал гэнэ. Ажил олгогч тань суутгал бүрийг тодорхой тэмдэглэсэн байх ёстой.
- Суутгал хийсний дараа таны цалин хѳлс хуулиар тогтоосон хамгийн доод хэмжээнээс бага болвол тухайн суутгалыг авах нь хууль бус байж болох талтай. Ажил олгогч нь ихэнхдээ дүрэмт хувцас, аюулгүйн тоног тѳхѳѳрѳмж, багаж хэрэгсэл, түүхий эдийн зардал болон ажлын зуучлалын хураамжийг цалин хѳлснѳѳс суутгадаггүй.
- Хууль ёсны суутгалд таны сонгосон, жишээ нь, эрүүл мэндийн даатгал, үйлвэрчний эвлэлийн гишүүний хураамж, цалингийн урьдчилгаа болон шүүхээр тогтоосон хүүхдийн тэтгэлгийн болон дампууралтай холбоотой нэхэмжлэлийн тѳлбѳр орж болно. Тусгайлан зааснаас бусад тохиолдолд АНУ-д цагаачлалын бус визээр ажиллаж буй хүмүүс холбооны болон мужийн орлогын ба хөдөлмөр эрхлэлтийн татвар төлдөг. Та ажил олгогчтойгоо цалингийн чекнээсээ орлогын татвараа шууд суутгуулж байхаар тохирч болно. Ерѳнхийдѳѳ ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн халамж, Medicare (холбооны эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийн хөтөлбөр)- ийн хураамжийг цалингаас шууд суутгадаг.
2. Ялгаварлан Гадуурхлаас Ангид Байх Таны Эрх
- Ажил олгогч таны нас (та 40 ба түүнээс дээш настай бол), хүйс, арьсны өнгө, гарал үүсэл, үндэс угсаа, шашин шүтлэг, генетикийн үзүүлэлт (гэр бүлийн эрүүл мэндийн түүхийг оруулан ), хѳгжлийн бэрхшээл зэргийн улмаас тантай ялгаатай буюу муугаар харьцах нь хууль бус юм.
- Ажил олгогч тантай эмэгтэй хүн, жирэмсэн, хөхүүл, эсвэл жирэмсэн болж болзошгүй гэх шалтгаанаар ялгаатай хандах ёсгүй.
3. Бэлгийн Дарамт ба Бэлгийн Мөлжлөгөөс Ангид Байх Таны Эрх
- Ажил олгогч таныг бэлгийн дарамтанд оруулах нь хууль бус юм. Ажил олгогч нь танд бэлгийн сэдэлттэй, хүйсийн чинь хувьд доромжилсон санал гаргах ёсгүй.
Ажил олгогчийн зүгээс дараах үйлдэл хийж таныг бэлгийн мөлжлөгт оруулахыг хуулиар хориглоно. Үүнд:
- Бэлгийн аливаа үйлдэл хийхийг шаардах;
- Бэлгийн сэдэлттэйгээр таны биед хүрэх;
- Хүч хэрэглэх, залилах, дарамтлах замаар бэлгийн аливаа үйлдэл хийх.
4. Эрүүл, Аюулгүй Орчинд Ажиллах Таны Эрх
АНУ-д та дараах шаардлагыг хангасан аюулгүй, эрүүл орчинд
ажиллах эрхтэй. Үүнд:
- Эмчилгээ: Та ажилтайгаа холбогдсон гэмтэл, өвчлөлийн талаар ажил олгогчдоо мэдээлэх эрхтэй. Та ажил дээрээ гэмтсэн, өвдсөн бол эмчлүүлж болно. Ихэнх тохиолдолд ажил олгогч таныг үнэгүй эмчилгээнд хамруулж, өвчтэй/гэмтсэн байх хугацаандаа алдсан цалингийн тодорхой хэсгийг нөхөн олгодог. Үүнд, та ажиллаж буй мужийнхаа ажилчдын нөхөн олговрын даатгалд нэхэмжлэл гаргах шаардлагатай болж болно.
- Хамгаалах Хэрэгсэл: Та хортон шавьж устгах бодис, химийн аюултай бүтээгдэхүүн хэрэглэдэг, эсвэл ойр орчимд нь ажилладаг бол ажил олгогч тань шаардлагатай хамгаалах хэрэгслээр таныг хангаж (хорт хийн баг, бээлий г.м), зардлыг нь төлөх ёстой.
- Сургалт: Та ажлын байрандаа мөрдөгддөг аюулгүй байдал, эрүүл мэндийн стандартууд, хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх арга техник, аюул ослын талаарх мэдээлэл авах, сургалтанд хамрагдах эрхтэй. Сургалтыг таны ойлгодог хэл, нэр томъёог ашиглан явуулах ёстой.
- Орон Байр: Ажил олгогч тань танд орон байр санал болгосон бол тэр нь цэвэрхэн, аюулгүй байдлыг хангасан байх хэрэгтэй. Та ажлын бус цагаар орон байраа орхин явж болно.
- Ариун Цэврийн Өрөө: Ариун цэврийн өрөө цэвэрхэн, хүртээмжтэй байх ёстой. Ажил олгогч тань хэрэгтэй үед ариун цэврийн өрөө хэрэглэх боломжийг танд олгох ёстой.
- Ундны Ус: Та ундны цэвэр усаар хангагдах эрхтэй.
- Саван ба Цэвэр Ус: Та хэрэгтэй үедээ гараа савантай усаар угаах эрхтэй. Ялангуяа хортон шавьжийн устгал/химийн бодис хэрэглэсний дараа, мөн эдгээр бодистой ногоо, жимстэй ажилласан бол.
- Эрүүл мэндийн яаралтай үйлчилгээ: Таны эмчилгээний зардлыг ажил олгогч тань хариуцаж болно. Иймд та гэмтэл авсан, өвдсөн бол энэ талаар ажил олгогчдоо даруй мэдэгдээрэй. Ингэснээр ажил олгогч тань холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх боломжтой болох юм. Та эмчид үзүүлэх, эмнэлэг, клиникт очсоны дараа өөрийнхөө өвчний түүхийн хувийг авах хүсэлтээ гаргаарай. Та хортон шавьж устгах бодис, химийн аюултай бүтээгдэхүүн хэрэглэдэг, түүний ойр орчимд ажилладаг бол:
- Ажлын байрандаа хэрэглэдэг химийн бүтээгдэхүүний талаар мэдэх, ойлгох эрхтэй бөгөөд ажил олгогч тань энэ талаар танд тѳлбѳр тѳлж сургалтанд хамруулах ёстой.
- Ажил олгогч тань таныг хортон шавьж устгах бодисонд санамсаргүй хордохоос урьдчилан сэргийлж хаана, хэзээ уг бодисыг цацсан болон уг талбайд хэзээ орвол аюулгүй байх талаар мэдээлэх ёстой.
ХЭРЭВ ТАНТАЙ ЗҮЙ БУСААР ХАРЬЦВАЛ ХҮНИЙ НАЙМААГ МЭДЭЭЛЭХ ШУУД УТАС 1-888-373-7888 (АНУ-ЫН ДОТОР), РУУ ЗАЛГАНА УУ. МѲН 233733 (АНУ-ЫН ДОТОР) ДУГААР РУУ ‘HELP’ (‘ТУСЛААРАЙ’) ГЭСЭН МЭССЭЖ, ЭСВЭЛ NHTRC@POLARISPROJECT.ORG - РУУ Е-МЭЙЛ ЯВУУЛААРАЙ. ТУСГАЙЛАН БЭЛТГЭГДСЭН МЭРГЭЖИЛТНҮҮД 200 ГАРУЙ ХЭЛ ДЭЭР ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭД ҮРГЭЛЖ БЭЛЭН БАЙДАГ. ТА ӨӨРИЙН НЭР БУЮУ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ӨГӨХ ШААРДЛАГАГҮЙ. ЭНЭ ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ WWW.TRAFFICKINGRESOURCECENTER.ORG – РУУ ОРЖ АВНА УУ.