АНУ-д хамгийн өндөр цалин авдаг мэргэжилүүд

АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооны мэдээллээр, тус улсын хамгийн өндөр орлоготой 20 мэргэжлийн 19 нь эмч, шүдний эмчийн мэргэжил байна. USA Today-ийн мэдээлснээр, 2024 оны байдлаар хүүхдийн мэс засалчид жилд дунджаар 450,810 доллар, зүрхний эмч нар 432,490 доллар, ортопедийн мэс засалчид 365,060 долларын орлоготой байжээ.
Эхний 20-д багтсан эмнэлгийн бус цорын ганц мэргэжил нь, онгоцны нисгэгч бөгөөд нисгэгч, туслах нисгэгч, нислэгийн инженерүүдийн жилийн дундаж орлого 226,600 доллар байна.
Холбооны статистикаар эмч нар, инженер, мэдээллийн технологийн мэргэжилтэн, хуульч зэрэг бусад өндөр цалинтай мэргэжлийнхнээс илүү орлого олдог аж. Харин хамгийн өндөр орлоготой хүмүүсийг авч үзвэл, томоохон компанийн гүйцэтгэх захирлууд, хуулийн фирмийн түншүүд тэргүүлдэг. Том хуулийн фирмийн түнш жилд дунджаар 1.4 сая доллар, харин S&P 500 индексэд багтдаг компанийн гүйцэтгэх захирал 2024 онд дунджаар 17 сая долларын орлого олдог байна.
Эмч нар ийм өндөр цалин авдагийн учирыг эдийн засагчид, эмч болохын тулд коллеж, анагаахын сургууль, резидент зэрэг нийт 12–15 жилийн сургалт шаардагддаг, мөн долоо хоногт ихэвчлэн 40–60 гаруй цаг ажилладагтай холбоотой гэсэн байна. Судалгаагаар, мэргэшлийн нэмэлт нэг жил тутам жилийн орлогыг дунджаар 143 мянган доллараар өсгөдөг байна.
Гэхдээ урт хугацааны сургалт, их ажлын ачаалал нь дангаараа өндөр цалинг тайлбарлахгүй. Судалгаагаар анагаахын шилдэг төгсөгчид, хамгийн өндөр орлоготой мэргэжлийг түлхүү сонгодог бөгөөд эмч нар илүү ашигтай оношилгоо, эмчилгээ хийх чиглэлд ажиллах хандлагатай байдаг нь харагджээ.
40–55 насныхаа үед хамгийн өндөр орлоготой байдаг, зарим мэргэжлийн эмч нарын жилийн орлого:
Мэдрэлийн мэс засалч – 920,500 доллар
Ортопедийн мэс засалч – 788,600 доллар
Арьсны эмч – 655,200 доллар
Зүрхний мэс засалч – 607,300 доллар
Нүдний эмч – 597,000 доллар
Америкийн Эмнэлгийн холбооны мэдээлснээр, ихэнх эмч нар анагаахын сургуулиа 200 мянга орчим долларын өртэй төгсдөг бөгөөд өндөр цалин нь энэ өрийг төлөх, олон жил бүтэн орлогогүй байсан хугацаагаа нөхөх боломж олгодог байна.
Эмчийн хомсдол бас нөлөөлдөг
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) мэдээллээр, АНУ-д 1,000 хүнд 2.7 эмч ногддог нь, Франц (3.8), Герман (4.6)-аас бага үзүүлэлт юм. Судлаачид үүнийг, анагаахын сургуулийн болон резидентийн орон тооны хязгаарлалттай холбон тайлбарлаж байна.
Мөн эмнэлгийн үйлчилгээний өндөр үнэ эмч нарын орлогод шууд нөлөөлдөг. Medicare зэрэг холбооны эрүүл мэндийн даатгалын хөтөлбөрүүд, үйлчилгээний үнийг тогтоодог бөгөөд АНУ эрүүл мэндийн салбартаа ДНБ-ийхээ ойролцоогоор 18 хувийг зарцуулдаг. Эдийн засагчдын үзэж байгаагаар, төр эрүүл мэндийн салбарт асар их хөрөнгө оруулдаг нь эмч нарын өндөр цалингийн нэг гол шалтгаан болж байна.








