Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

7/26/2026
Anu.mn
Трампын засаг захиргаа, гадаад оюутнуудын АНУ-д суралцах хугацааг 4 жилээр хязгаарлав

Трампын засаг захиргаа, гадаад оюутнуудын АНУ-д суралцах хугацааг 4 жилээр хязгаарлав

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Sun Jul 26 2026
Трампын засаг захиргаа, гадаад оюутнуудын АНУ-д суралцах хугацааг 4 жилээр хязгаарлав

Дональд Трампын засаг захиргаа, АНУ-д суралцаж буй гадаадын оюутнуудын оршин суух хугацааг дөрвөн жилээр хязгаарлах шинэ журам баталлаа. Энэ тухай АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам (DHS) долдугаар сарын 16-нд мэдэгдсэн бөгөөд энэхүү шийдвэр нь олон жилийн турш мөрдөгдөж ирсэн бодлогоос татгалзсан томоохон өөрчлөлт болохыг онцолжээ.

Шинэ журам ирэх есдүгээр сараас хүчин төгөлдөр болж хэрэгжинэ. Үүний дагуу гадаадын оюутнууд дөрвөн жилээс илүү хугацаанд АНУ-д үлдэхийг хүсвэл, холбооны засгийн газрын тусгай зөвшөөрөл авах шаардлагатай болно. Мөн мэргэжил болон сургалтын хөтөлбөрөө солих нөхцөл, хугацааг илүү хатуу болгожээ.

Өмнө нь оюутнуудад сургалтаа бүрэн дуусгах хүртлээ АНУ-д байхыг зөвшөөрдөг байсан бөгөөд олон хөтөлбөр анхнаасаа дөрвөн жилээс урт хугацаатай байдаг байв.

Их, дээд сургуулиудын удирдлагууд энэхүү өөрчлөлтийг эсэргүүцэж, сургуулиуд болон холбооны байгууллагуудад нэмэлт захиргааны ачаалал үүсгэнэ гэж мэдэгдэв.

Presidents' Alliance on Higher Education and Immigration байгууллагын холбооны бодлого хариуцсан дэд захирал Зузана Вутсон, "Энэ арга хэмжээ ямар ч шаардлагагүй бөгөөд эртнээс хэрэгжиж ирсэн хяналтын тогтолцоог алдагдуулж байна. Гадаадын оюутнууд АНУ дахь хамгийн хатуу хяналтад байдаг цагаачлалын бус ангиллын хүмүүсийн нэг. Тэднийг Дотоодын аюулгүй байдлын яам болон сургуулиуд аль аль нь байнга хянаж байдаг" гэжээ.

Харин Дотоодын аюулгүй байдлын яамны тэргүүн Маркуэйн Маллин, шинэ журам нь суралцах хугацаагаа зориудаар сунгадаг байсан "цоорхойг" хаах зорилготой, "Ийм визэнд тодорхой бөгөөд эцсийн хугацаа тогтоосноор АНУ өөрийн нутаг дэвсгэрт байгаа хүмүүсийг зохих ёсоор шалгаж, үнэлж, хянах боломжоо сэргээж байна. Ингэснээр гадаадын оюутнууд үндсэн зорилго болох сургалтаа дуусгаад эх орондоо буцахад анхаарна." гэж тайлбарлав.

Гадаадын оюутнуудад тавигдах шаардлага улам чангарч байна

Энэ шийдвэр нь гадаадын оюутнуудад чиглэсэн хатуу бодлогын дараагийн алхам болж байна. Өнгөрсөн хавар олон оюутны хууль ёсны оршин суух эрхийг хүчингүй болгосон бөгөөд үүний улмаас зарим нь баривчлагдахаас эмээн нуугдах эсвэл АНУ-ыг орхин явахад хүрсэн.

Мөн виз мэдүүлэгчдээс нийгмийн сүлжээний хаягаа шалгуулахыг шаарддаг болсон нь хяналтыг улам чангатгажээ. Үүнээс гадна Африк, Ойрхи Дорнод, Азийн арав гаруй улсын иргэдэд нэвтрэх хориг тогтоосноор АНУ-д суралцах виз авах үйл явц илүү хүндрээд байгаа юм.

Их сургуулиудад үзүүлэх нөлөө

Энэ журам хэрэгжиж эхлэх үед АНУ-ын их, дээд сургуулиуд дахь гадаад оюутны тоо буурна. Ялангуяа санхүүгийн боломж багатай, олон улсын оюутны эзлэх хувь өндөр сургуулиудад хамгийн их нөлөөлөх юм.

Гадаадын оюутнууд холбооны санхүүгийн тусламж авах эрхгүй бөгөөд ихэнхдээ сургалтын төлбөрөө бүрэн хэмжээгээр өөрсдөө төлдөг.

Дээд боловсролын салбарын төлөөлөгчид, ийнхүү өсөн нэмэгдэж буй тодорхойгүй байдал нь олон улсын элсэгчдийг АНУ-ын оронд, өөр улсыг сонгоход хүргэж, улмаар хөдөлмөрийн зах зээл болон эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулж байна.

NAFSA олон улсын боловсролын холбооны гүйцэтгэх захирал Фанта Ау, "Дэлхий даяар авьяаслаг хүмүүсийн төлөөх өрсөлдөөн улам ширүүсэж байгаа энэ үед ийм бодлого нь таагүй дохио өгч байна. Энэ нь хамгийн чадварлаг оюутан, судлаачдын хувьд ,АНУ өмнөхөөсөө илүү хаалттай, урьдчилан таамаглахад бэрх, уламжлалт үнэт зүйлсээсээ улам холдуулж байна гэсэн ойлголтыг төрүүлж байна" хэмээн мэдэгджээ.

Сүүлд нэмэгдсэн