March
8
2024
Anu.mn
Мэдээ
Бидний тархи бидэнд худал хэлдэг: Элон Маск хүүхдүүдэд заахыг санал болгож буй тархины худ ...
Бидний тархи бидэнд худал хэлдэг: Элон Маск хүүхдүүдэд заахыг санал болгож буй тархины худал хуурмагийг таних 50 арга
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Бидний тархи бидэнд худал хэлдэг: Элон Маск хүүхдүүдэд заахыг санал болгож буй тархины худал хуурмагийг таних 50 арга
Photo: Shutterstock

Бид хурдан шийдвэр гаргах шаардлагатай үед, бидний тархи танин мэдэхүйн буруу хамгийн товч ойлголтыг ашигладаг. Элон Маск Твиттер хуудсандаа, хүүхдүүд багаасаа мэдсэн байх 50 танин мэдэхүйн гажуудлыг хуваалцжээ. Нийтлэлүүд 65 мянга гаруй репост, 320 мянга гаруй лайк цуглуулсан гэж MC.today мэдээлэв.

Өмнө нь, ийм сэтгэхүйн товч шийдвэр нь хүмүүсийг амьд үлдэхэд тусалдаг байсан. Харин одоо амьдрал өөрчилөгдөж, тархины эдгээр шийдвэрүүд ихэвчлэн саад болж, бидний хүсээгүй зүйлээ хийхэд хүргэх болсон. Тиймээс, эдгээрийг таньж, шийдвэр гаргахад тустай 50 чухал зүйлийг зөвлөжээ.

1. Бид бусдыг, зан чанарынх нь талаар мэддэг зүйлээрээ дүгнэж, харин өөрийгөө нөхцөл байдлаас хамааруулж дүгнэдэг. Хэрэв хүн өөрөө ажилдаа хоцорвол замын түгжрэл буруутай, харин хамт ажиллагсад нь хоцорвол тэднийг хариуцлагагүй гэж үздэг.

2. Аливаа зүйл нь сайн, амжилттай биелэгдэх үед хүмүүс, чадвар, хичээл зүтгэлээ гайхуулдаг. Хэрэв энэ нь тийм ч сайн болоогүй бол, гадны хүчин зүйлүүдээс болсон гэдэг. Ярилцлагаа сайн өгвөл, өөрийгөө сайн гэнэ. Харин тэнцээгүй бол, шалгалт авсан хүмүүс муу байсан, тэд буруутай болдог.

3. Бид хайртай, дотно хүмүүсийнхээ талд ордог. Хүмүүс, дайсных нь зөв байсан ч, найзынхаа талд ордог.

4. Бид эргэн тойрныхоо хүмүүсийн юуг үнэлж, юунд дуртай байна түүнд нь итгэдэг. Хүмүүс орчин тойронд нь маш их яригдаж байгаа брэндийн бүтээгдэхүүн худалдаж авдаг.

5. Зөрчилдөөнөөс зайлсхийхийн тулд бид ихэвчлэн хачирхалтай шийдвэр гаргадаг. Хэрэв хамт ажиллагсад нь маш их маргаантай сурталчилгааны кампанит ажил зохион байгуулж, бусад бүх хүмүүст таалагдаж байвал, хүн таалагдахгүй байсан ч багийнхантайгаа маргахгүйгээр чимээгүй байхыг илүүд үздэг.

6. Хэрэв та ямар нэгэн эерэг шинж чанарыг хүнээс олж харвал, түүний бусад шинж чанарууд ч эерэг мэт санагдах болно. Инээмсэглэсэн, найрсаг ажилтныг ихэвчлэн сайн мэргэжилтэн гэж үздэг. Мэдээжийн хэрэг, энэ нь үргэлж тийм биш байдаг. Сөрөг чанаруудыг ч мөн, үүнтэй адил хүлээн авдаг.

7. Хүн юу хийж байгааг бид үр дүнгээр нь үнэлдэг. Хэн нэгэн хүн бүх зүйлээ эрсдэлд оруулсан бизнес эрхэлж, орон сууцаа барьцаалж байхад, хүмүүс юу болох бол гэж л хүлээдэг. Хэрэв бизнес нь хөгжиж, бүтэлтэй болвол түүнийг магтаж, хэрэв бүтэлгүйтвэл тэнэг гэж үздэг.

8. Бид хийж байгаа зүйлээ, бусадтай адил хийж байна гэж боддог. Үүнийгээ байх ёстой зүйл гэж үздэг учраас шөнө болтол байнга ажилладаг. Гэвч бодит байдал дээр, цөөн хэдэн нөхөд л ингэж ажилладаг гэдгийг мэддэггүй.

9. Бид ямар нэг зүйл сурч, түүнийг нь бусад бүх хүмүүс мэддэг гэж боддог. Тухайн компанийн ямар ч хүн, шинэ ажилтанд олон жил ажилласан, бүх нарийн ширийн зүйлийг мэддэг мэт ойлголт өгч харилцаж чадна.

10. Хүмүүс бидний гадаад төрх байдалд төдийлөн ач холбогдол өгдөггүй. Мөн бидний хийж байгаа зүйл ч тэдэнд сонирхолтой биш. Хүмүүс бүгдээрээ цамцан дээрх толбыг чинь харж байгаа мэт санагддаг ч, бодит байдал дээр тун цөөхөн хүн л анзаардаг. Тэгээд ч тэдний хувьд энэ нь хамаагүй байдаг.

11. Бид зарим нөхцөл байдлыг ямар нэг зүйл санагдуулах хүртэл мартдаг. Жишээлбэл, бид гэнэт замын хажууд онхолдсон машиныг хараад, осолд орохоос илүү их айдаг.

12. Бид бусдын үйлдлийг , тухайн хүнийг хэрхэн хүлээн авдгаараа тайлбарладаг. Нэг хүн бидэнтэй уулзахаас хоцорлоо гэж бодъё. Хэрэв тэр үргэлж хоцордог бол бид түүнийг хариуцлагагүй гэж боддог. Хэрэв тэр үргэлж цагтаа ирдэг бол бид түүнд ямар нэг зүйл тохиолдсон гэж санаа зовж эхэлдэг.

13. Дэлхий ертөнц шударга гэдэгт бид итгэдэг. Харин хэн нэгэнд шударга бус зүйл тохиолдвол, өөрийнх нь буруу гэх хандлага гаргадаг. Хүмүүс хүчирхийлэл, ялгаварлан гадуурхах үйлдлийн хохирогчидыг, өөрөө өдөөн хатгасан гэж үздэг.

14. Бид өөрсдийгөө бүх зүйлийг бодитоор хүлээн авдаг гэдэгтээ итгэдэг. Гэхдээ бусдыг нөхцөл байдлыг ойлгохгүй эсвэл өрөөсгөл ханддаг гэж үздэг.

15. Бид, бусдыг хувиа хичээсэн үйлдэл гаргадаг гэж боддог. Дарга нарын гол зорилго нь илүү их мөнгө олох явдал гэж үздэг. Харин бодит байдал дээр, тэр багаа илүү сайн, хялбар ажиллуулахыг хүсч байгаа гэдгийг мэддэггүй.

16. Бидний зан чанарын талаар хүмүүсийн хэлж буй зүйл, олныг хамруулсан бол бид итгэдэг. Хүмүүс зурхайд дуртай, ордуудын ерөнхий шинж чанарт өөрийн гэсэн шинж чанарыг маш амархан олдог.

17. Мэдлэг тань бага байх тусам өөртөө итгэлтэй байдаг. Харин аливааг ухаж судлах нь, маш их эргэлзээнд хүргэж байдаг.

18. Бид шийдвэр гаргахдаа хамгийн түрүүнд анхаарал татсан мэдээлэлд тулгуурладаг. 5 доллар, 50 доллар хүссэн хандивын ижил захидлын 50 долларынхад илүү их учраас анхаарлаа хандуулж дундаж хандиваа өргөдөг байна.

19. Бид автоматжуулсан системд хэт их итгэдэг. Тэнд машин явах боломжгүй гэдгийг мэдэж байсан ч Google Газрын зургийн дагуу буруу замаар явдаг.

20. Гаджетаас олоход хялбар мэдээллийг бид орхигдуулж мартдаг. Та хамаатан садныхныхаа утасны дугаарыг мэддэггүй.

21. Хэрэв бидний эрх чөлөөг хязгаарлаж байна гэж үзвэл, бид эсрэгээр нь хийдэг. Өсвөр насны хүүхэд хэтэрхий хатуу эцэг эхтэй бол, түүнд таатай байсан ч гэсэн тэдний хүссэн зүйлийг хийдэггүй.

22. Бид өөрсдийн төсөөлөл, санаа бодолд нийцэх мэдээллийг хайж, санаж байдаг.

23. Бид итгэдэггүй зүйлтэйгээ тулгарах үедээ, түүнийг үл тоомсорлодог. Бизнес эрхлэгч нь бүтээгдэхүүнээ дажгүй гэдэгт итгэлтэй байдаг тул, үйлчлүүлэгчдийн сөрөг шүүмжийг анхаарч үздэггүй.

24. Түгээмэл соёл, өөрт нь нөлөөлдөггүй, харин бусад хүмүүст нөлөөлдөг гэж хүмүүс үздэг. Дэмждэг улс төрийн хүчнээсээ өөр, бусад улс төрийн хүчинүүдийг суртал ухуулга хийж байна гэж буруутгадаг.

25. Ямар нэг зүйл үнэмшилтэй санагдсан үед нь, хүнийг өөр зүйлд итгүүлэх хэцүү байдаг. Хэрэв хүн өөрөө цавуулаг нь хортой гэдэгт итгэлтэй байвал ямар ч нийтлэл, эмч нарт итгэхгүй.

26. Бид олон нийтэд давтамжтай өгч байгаа хамтын итгэл үнэмшилд илүү их итгэдэг. Телевиз их үздэг хүмүүс байнга ижил мессеж цацдаг сувгуудад итгэдэг.

27. Бид өнгөрсөн үеийг сайнаар дурсаж, ирээдүйгээс сайн зүйл хүлээдэггүй. Залуучууд урьдынхтай нь адил зүйлийг сайн хийж байсан ч, урд нь илүү сайн байсан гэж ахмадууд ярьдаг.

28. Бид бүх зүйл хэвээрээ байгаасай гэж хүсдэг. Энэ нь, шинэ ажлын системийг нэвтрүүлэх гэж оролддог аливаа менежерт танил юм. Шинэ зүйл нь тэдний ажлыг хөнгөвчлөх байсан ч ажилчид эсэргүүцдэг.

29. Бид ихэвчлэн өөрийн үнэ цэнэтэйд тооцсон зүйлд хөрөнгө оруулалт хийдэг. Урд нь тийм ч сайн үр дүнд хүргээгүй байсан ч, хөрөнгө оруулалтаа хийсээр байдаг.

30. Өнгөрсөн үйл явдлуудаас ирээдүй шалтгаална гэж бид боддог. Хүн казинод хэд хэдэн удаа хожигдсоныхоо дараа, дараагийн удаа хожил ирнэ гэдэгт итгэж эхэлдэг.

31. Эрсдэлийг тэг болгохыг хүсдэг. Заримдаа бид ямар нэг зүйлээс татгалздаг ч асуудлыг шийдэх өөр сонголтууд байдаг. Хүмүүс химийн бодисоор хордохоос айдаг. Эрсдэл нь 1% эсвэл 99% байх нь тэдэнд хамаагүй, химийн бодис хэрэглэхгүй байхыг хүсдэг. Гэтэл эдгээр химийн бодисууд нь бусад олон асуудлаас болон өвчнөөс хамгаалж чадна гэдгийг боддоггүй.

32. Бид нэг мэдээллийг хэрхэн танилцуулж байгаагаас хамааран өөр өөр дүгнэлт гаргадаг. Шилэн аяганы тал нь дүүрэн, тал нь хоосон гэсэн ижил зүйлийг, эхнийхийг эерэгээр, хоёр дахийг сөргөөр хүлээж авдаг.

33. Бид тухайн хүний ​​тухай түүний талаар юу ч мэдэхгүй байж, зөвхөн зарим шинж чанарт нь үндэслэн дүгнэлт гаргадаг. HR, залуу охидыг удалгүй гэрлэж, жирэмсний амралтаа авна гээд ажилд авахгүй байх тохиолдол байдаг.

34. Бид ерөнхийлөн дүгнэх дуртай. Мэдээллийн технологийн салбарт маш олон мэргэжилтнүүд өөр өөр ажил хийдэг. Харин салбараас хол байгаа хүмүүсийн хувьд бүгд л “программист”.

35. Үзэл санааны удирдагчид бидэнд нөлөөлдөг. Хүмүүс боловсролтой эмчээс илүү, олон сая үзэлттэй блогчинд итгэдэг.

36. Хэрэв эмчилгээ үр дүнгээ өгнө гэдэгт итгэвэл үр нөлөө нь илүү хурдан явагддаг. Хүнд витамин өгөөд өвчин намдаагч гэж хэлвэл толгой нь өвдөхөө больдог. Үүнийг "плацебо нөлөө" гэж нэрлэдэг.

37. Бид ялагчдын туршлагад анхаарлаа хандуулж, бүтэлгүйтсэн хүмүүст анхаарал хандуулдаггүй. Хүн олон арван амжилттай бизнес эрхлэгчдийг харж, тэдний туршлагыг маш чухалд тооцож, харин бизнестээ амжилтанд хүрч чадаагүй олон мянган хүмүүсийн туршлагыг орхигдуулдаг.

38. Цаг хугацааны талаарх бидний ойлголт өөрчлөгддөг. Үүнд бие махбодийн үйл ажиллагаа, гэмтэл, согтууруулах ундаа болон бусад бодисууд нөлөөлж болно. Жишээлбэл, нэг минут хэзээ ч, планк хийх үеийнх шиг удаан үргэлжилдэггүй.

39. Бид илүү хэцүү асуултаас зайлсхийхийг хүсэх үедээ энгийн асуудлууд дээр гацдаг. Хүмүүс засварын талаар ярилцахдаа ханын цаасны өнгөний талаар олон цагаар маргаж, харин цахилгааны утаснуудын чанар болон хаагуур явуулж бэхлэх талаар ярихаа мартдаг.

40. Бид дуусгаагүй ажлуудаа илүү сайн санадаг. Хүмүүс ололт амжилтаа санахад хэцүү байдаг - тархи таныг аль хэдийн 10 төсөл хэрэгжүүлсэн гэдгийг тань мартчихдаг, харин таны хэзээ ч хийж байгаагүй ажлуудын гурвыг санаж байдаг.

41. Бид өөрсдийн бүтээсэн зүйлсийг жинхэнээсээ үнэлдэг. Жишээлбэл, дэлгүүрээс авсан ширээнээс илүү өөрийн гараар хийсэн ширээг үнэлдэг.

42. Бид сайн зүйл хийх дуртай. Хэрэв бид хүнд тусалсан бол түүнд дахин туслах болно. Найздаа машинаа нэг удаа зээлүүлсэн хүн, дахиад ийм зүйл хийх магадлалтай байдаг.

43. Хэдий чинээ олон хүн байна, төдий чинээ хохирогчдод бидний туслах боломж багасна. Олон арван хүний ​​нүдэн дээр олон гэмт хэрэг үйлдэгдсэн. Тэдний хэн нь ч, цагдаа дуудаагүй. Бүгд өөрөөс нь өөр хэн нэг нь тусламж дуудахыг хүлээж байжээ.

44. Заримдаа бид үзээгүй, болоогүй зүйлд итгэж эхэлдэг. Хүүхдүүд үүнийг ихэвчлэн хийдэг. Хэрэв та хүнд 10 жилийн өмнө үдэшлэгт хэрхэн оролцсон тухайгаа яруу тодоор яривал, тэр хүн өөрөө байгаагүй мөртлөө энэ үдэшлэгийг мартахгүй санаж байдаг.

45. Бид төсөөллийг бодит дурсамж гэж андуурдаг.

46. ​​Бид мартсан мэдээллүүдээ шинэ хэлбэрээр хүлээн авдаг. Жишээлбэл, хүн урд нь хаа нэгтээ уншиж байсан онигоог өөрт тохиолдсон шиг санадаг.

47. Бид, санамсаргүй тохиолдлууд дээр ч ертөнцийн хууль үйлчилдэг гэж андуурдаг. Улаан нь хэд хэдэн удаа дараалан гарч ирсэн дараа улаан дээр бооцоо тавьдаг хүн рулет тоглодог.

48. Заримдаа бид муу үр дүнд хэт их санаа зовдог. Жишээлбэл, хүн амжилтанд хүрэхгүй гэдэгтээ итгэлтэй байвал, юуг ч хэрэгжүүлэхээр оролддоггүй .

49. Заримдаа бид сайн үр дүн хүлээж байхдаа хэтэрхий өөдрөг үзэлтэй байдаг. Хүн 15 минутын дараа ажилдаа очно гэдэгт итгэлтэй байдаг, гэхдээ энэ нь зөвхөн хамгийн тохиромжтой нөхцөлд буюу замын түгжрэл байхгүй, автобус хурдан ирсэн болон замд нь юу ч түүнийг саатуулаагүй тохиолдолд боломжтой байдаг.

50. Бид өөрсдийгөө өрөөсгөл гэж үздэггүй. Зарим эмийн үйлдвэрүүд эмч нарт бэлэг өгдөг. Эмч нар өвчтөнд эм бичиж өгөхдөө өөрөө ч мэдэлгүй ийм бэлэг өгсөн компанийн эмийг сонгож бичдэг. Гэхдээ эмч нар үүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй.

Эдгээрийг хүүхдүүдэд заах нь яагаад чухал вэ?

Эдгээр танин мэдэхүйн гажуудал нь, эхний гаргах хариу үйлдэлдээ үргэлж итгэж болохгүй гэдгийг харуулж байна. Тиймээс, шийдвэрээ зөв гаргахын тулд, ​​тархи түүнийг хуурч байгаа эсэхэд сайтар анхаарч яаралгүй бодох нь дээр. Эдгээрийг таниулснаар сэтгэл зүй нь, хүлээн авалт, шийдвэр гаргалтыг өөрчилж чадна гэдгийг ойлгуулж, бага насанд нь хүүхдэд шүүмжлэлтэй сэтгэлгээг хөгжүүлэхэд тусална. Элон Маск, “Энэ нь хүмүүс, өөрсдийнхөө хамгийн сайн хувилбар болоход туслах арга” гэж бичжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.