July
24
2023
Anu.mn
Мэдээ
Харвардын эрдэмтэд, ердөө 4 хоногийн дотор үйлчилж эхэлдэг бие организмыг залуужуулах "кок ...
Харвардын эрдэмтэд, ердөө 4 хоногийн дотор үйлчилж эхэлдэг бие организмыг залуужуулах "коктейль" бүтээжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Харвардын эрдэмтэд, ердөө 4 хоногийн дотор үйлчилж эхэлдэг бие организмыг залуужуулах "коктейль" бүтээжээ
Photo: IStock

Харвардын Анагаах Ухааны Сургуулийн хөгшрөлтийн эсрэг үйл явцын судлаач Дэвид Синклэйрээр ахлуулсан эрдэмтдийн баг, тодорхой химийн бодисуудын холимог нь эсийн хөгшрөлтийг ердөө дөрөвхөн хоногийн дотор буцаан сэргээх боломжтой гэсэн судалгааны тайлангаа нийтэлсэн талаар Science Alert мэдээлэв.

Одоогоор, лабораторийн нөхцөлд хүний ​​эс дээр туршиж нотлоод байгаа бөгөөд амьтан болон хүн дээр ​​туршилт хийх урт зам хүлээж байна. Мөн уг туршилт нэг эс дээр цаг хугацааг эргүүлж чадсан ч, хүний насжилттай холбоотой эрүүл мэндийн хүчин зүйлсийг сайжруулах боломжтой эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Синклэйр болон бусад 17 судлаачдын бүрэлдэхүүнтэй баг, "Бид долоо хоног хүрэхгүй хугацаанд эсийн шинж чанарыг алдагдуулахгүйгээр геномын транскриптийн профайлыг бүхэлд нь сэргээж, транскриптомын насыг буцаах зургаан химийн коктейлийг тодорхойлсон. Тиймээс насыг буцаах замаар залуужих нь, зөвхөн генетикийн аргаар бус химийн аргаар ч байж болно." гэж бичжээ. Энэ судалгааны тайлан нь маш зоримог мэдэгдэл бөгөөд нийтлэлийн эргэн тойронд маргаан дэгдэх нь гарцаагүй юм.

Судалгаагаар, эсүүд нас ахих тусам мэдээлэл, ялангуяа эпигенетик мэдээллээ алддаг, мөн нас ахих тусам эсүүд үр хөврөл байх үеийн хязгааргүй боломжоос зөвхөн нэг төрлийн эс болон хувирдагаас үйл ажиллагаагаа алдаж, хөгшрөлт явагдаж эхэлдэг болохыг тогтоожээ.

2012 онд Шинья Яманака, Жон Гурдон нар энэ үйл явцыг хэрхэн буцааж болохыг харуулсан судалгааны ажлаараа Нобелийн шагнал хүртсэн. Тэд, Яманакагийн гэж нэрлэгдсэн хүчин зүйл  болох OCT4, SOX2, KLF4-ийг хөхтөн амьтдад идэвхжүүлснээр насжилттай эсийг дахин хязгааргүй боломж бүхий плюрипотент үүдэл эс болгон хувиргаж болохыг тогтоосон байдаг.

Үүнд суурилсан судлаачдын баг, хулгануудад эдгээр Яманака хүчин зүйлийг түр  идэвхжүүлэхэд мэрэгч амьтад эрүүлжиж байгаа нь харагдсан бөгөөд тэр цагаас хойш,   энэ туршилтын үйлчлэлд орсон эсүүд нь хорт хавдар үүсгэхгүй байх, эсүүд тодорхойгүй хугацаагаар хуваагдах нь эрсдэл үүсгэхгүй байхаар хүмүүст хэрэглэхийн тулд ажилласаар байгаа юм. Синклерийн лаборатори, харааны мэдрэл нь гэмтсэн хулгана, сармагчингийн харааг сэргээхэд Яманака хүчин зүйлийг ашигласнаар ирээдүйтэй анхныхаа үр дүнд хүрээд байна. Синклейр,-“Гэхдээ энэ нь генийн эмчилгээтэй нягт холбоотой бөгөөд Яманака хүчин зүйлийг вирусээр дамжуулан генд нэвтрүүлэх нь үнэтэй, мөн маргаантай, олон хүндрэлүүдээр дүүрэн байсан, гэвч энэ асуудлыг эм эсвэл эмчилгээ болгон хувиргах арга замыг олсон. Саяхныг хүртэл бидний хийж чадах хамгийн сайн зүйл бол хөгшрөлтийг удаашруулах явдал байсан. Харин энэ шинэ нээлтээрээ бид, хөгшрөлтийг буцааж чадна гэдгийг харуулснаас гадна, өмнө нь өргөн хэрэглээг хязгаарладаг байсан генийн эмчилгээг шаардлагагүй болгосон. Үүнийг хийхийн тулд багийнхан залуу эсийг хөгшин эсээс ялгах системийг зохион бүтээсэн. Энэхүү скринингийн аргаар, химийн бодисын зургаан өөр коктейлийг ашиглан хөгшрөлт явагдаж буй хүний ​​​​эс дэх NCC-ийн хурдыг дахин залуу эсүүдтэй адилхан болгож болохыг тогтоосон” гэж ярьжээ. Тус багийнхан эдгээр коктейлийн жорыг одоохондоо нууцалж байгаа боловч, Синклэйр, нийтлэл хэвлэгдсэнээс хойш илүү олон "залуужуулах коктейль" олсон. Энэ шинэ нээлт нь хараа сайжруулахаас эхлээд насжилттай холбоотой олон өвчнийг үр дүнтэй эмчлэх, эмээр хөгшрөлтийг буцаах боломжийг олгож байна" гэж твиттер хуудсандаа бичжээ.

Судалгааны эргэн тойрон дахь маргаан нь шууд судалгаатай холбоотой биш, харин тэдний хөгшрөлтийн эсрэг эм бүтээсэн гэх мэдэгдэл болон үүнийхээ ямар ч загварыг амьтан дээр туршиж үзээгүй байгаатай холбоотой байна. Хэдийгээр судлаачид эсийн шинжилгээнд зориулж боловсруулсан шинэ арга ирээдүйтэй гэж үзэж байгаа ч, эрдэмтэд ийм дүгнэлт хийхэд арай эрт гэж үзэж байна.

Вашингтоны их сургуулийн Анагаах ухааны төвийн лабораторийг удирдаж буй биогеронтологич Мэтт Каберлейн, “Энэхүү судалгааны үр дүнг хэтрүүлэх нь эрсдэлтэй. Энэ бол эпигенетик байдлын прокси ашиглан нэг эсийн шугамыг шалгах шинэ аргын талаархи урьдчилсан тайлан юм. Эд, эрхтэн, бүхэл бүтэн бие организмыг дахин программчлана гэх нотолгоо байхгүй. Гэхдээ одоо хүмүүс урьд өмнөхөөсөө илүү урт наслах болсон. Тиймээс  судлаачид эрүүл байлгах арга замыг үргэлж эрэлхийлж ирсэн,  энэ арга нь маш чухал эхний алхам байж магадгүй юм. Гэвч, бид үүнийг маш болгоомжтой хүлээж авах хэрэгтэй.” гэж ярьжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.