February
1
2024
Anu.mn
Мэдээ
Ким Чен Ун: Хойд Солонгосын нууцлаг удирдагчийн талаар бидний мэдэхгүй зүйл
Ким Чен Ун: Хойд Солонгосын нууцлаг удирдагчийн талаар бидний мэдэхгүй зүйл
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Ким Чен Ун: Хойд Солонгосын нууцлаг удирдагчийн талаар бидний мэдэхгүй зүйл
Photo: IStock

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун 40 нас хүрч байна. Гэхдээ бас энэ тийм ч баталгаатай биш. Энэ улсын дээд удирдагчийн амьдрал нууцлаг байдлаар бүрхэгдсэн байдаг. 2011 онд засгийн эрхэнд гарсан БНАСАУ-ын удирдагчийн талаар олон асуулт хариултгүй байдаг гэж ВВС мэдээлжээ.

1. Ким Чен Ун хэзээ төрсөн бэ?

Хэн ч тодорхой мэдэхгүй. Оксфордын их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны багш, Умард Солонгосыг хариуцсан мэргэжилтэн, доктор Эдвард Хоуэлл, “Түүнийг 1982, 1983, 1984 онуудын алинд нь төрсөн талаар маш их маргаан өрнөж байдаг” гэж бичжээ. 1-р сарын 8 буюу Кимийн төрсөн өдрийг Хойд Солонгост тэмдэглэдэггүй. Харин түүний эцэг Ким Чен Ирийн төрсөн өдрийг жил бүрийн 2-р сарын 16-нд "Гэрэлт оддын өдөр" болгон тэмдэглэдэг. Мөн түүний өвөө Ким Ир Сений төрсөн өдрийг дөрөвдүгээр сарын 15-нд, “Нарны өдөр” гэж нэрлэн тэмдэглэдэг байна.

Кимийн гэр бүлийн тухай мэдээлэл бараг байдаггүй. Доктор Хауэлл, “Ким эцэг нэгтэй ах нартай, тэдний нэг Ким Чен Нам 2017 онд Малайзад алагдсан. Ким Чен Уны аав Ким Чен Ирыг дор хаяж дөрвөн хамтран амьдрагчтай байсан гэж үздэг бөгөөд Ким Чен Уны ээж Ко Ён Хи нь Японд төрсөн, 1960-аад онд Хойд Солонгост ирж суурьшсан бөгөөд Ким Чен Ир түүнд, бусад бүсгүйчүүдээсээ илүү их хайртай байсан гэж үздэг. “Korea Times” сонинд, “БНАСАУ, Ко Ён Хи-г бүжигчиний мэргэжилтэй, бас япон гаралтай учраас Ко-гийн нэрийг албан ёсоор дурдахаас зайлсхийдэг. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Солонгосын хойг Японд эзлэгдсэн байх үед японд төрсөн хүмүүсийг, ихэвчлэн нийгмийн доод давхаргад хамааруулдаг байсан ч, тэр Ким Чен Иртэй гэрлэснээр маш тансаг амьдралаар амьдарсан” гэж бичиж байжээ.

2. Ким Чен Уны эхнэр хэн бэ?

Энэ талаар баттай мэдээлэл байхгүй. Олон нийт түүнийг Ри Сол Жу хэмээх эхнэртэй гэдэг ч, хэзээ гэрлэснийг мэддэггүй (энэ нь 2009 онд болсон гэж үздэг). “Нөхөр Ри Сол Жү”-гийн тухай мэдээлэл маш бага. Магадгүй тэр, нэгэн тоглолт дээр дуулах үедээ ноён Кимийн анхаарлыг татсан байх гэж таамагладаг. Ийм нэртэй Хойд Солонгосын жүжигчин байдаг ч, түүнийг нэг хүн гэдэг нь албан ёсоор батлагдаагүй юм. Тагнуулын зарим мэдээллээр Ри Сол Жу 2005 онд Азийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Хойд Солонгосын хөгжөөн дэмжигч багийн бүрэлдэхүүнд багтаж Өмнөд Солонгост айлчилж байсан, мөн Хятадад дуулах чиглэлээр суралцаж байсан гэсэн бөгөөд харин БНАСАУ, энэ эмэгтэйг Кимийн эхнэр гэхээс өөр мэдээлэл өгдөггүй.

3. Ким Чен Ун хэдэн хүүхэдтэй вэ?

Мөн л тодорхой бус. Ри Сол Жу жирэмсэн болсон тухай таамаг түүнийг 2016 онд олны нүднээс алга болсноос хойш эхэлсэн. Үүнийг хэн ч албан ёсоор мөн батлаагүй байна. Өмнөх хоёр хүүхэд нь 2010, 2013 онд төрсөн гэж үздэг ч,тэдний хүйс болон тэдний дунд өв залгамжлагч байгаа эсэх талаар бараг юу ч тодорхойгүй юм.

БНАСАУ-ын удирдагчийн охин 2023 онд хамгийн багадаа таван удаа олны өмнө хамт гарч байсан хоёр дахь том хүүхэд Ким Жу Э нь (10 орчим настай), хамгийн олон нийтэд танигдсан хүүхэд гэгддэг. Хачирхалтай тохиолдлоор Ким Чен Уны дотны найз болсон Америкийн сагсан бөмбөгийн од асан Деннис Родман, 2013 онд охины нэрийг ярилцлагадаа дурдаж байснаас өөрөөр түүний хүүхдүүдийн тухай бүх зүйл тодорхой бус байдаг.

Доктор Хоуэлл, "Тэр өөр хүүхдүүдтэй, гэхдээ тэдний талаар мэдээлэл байхгүй. Тэдний ээж нар хэн болох нь ч тодорхойгүй" гэжээ. Мөн тэрээр, “Бусад олон шинжээчид болон Өмнөд Солонгосын тагнуулынхан ч, Ким Жу Э-г хэтэрхий бага залуу учираас Ким залгамжлагчаараа томилно гэдэгт итгэхгүй байгаа, харин Ким Чен Уны хүчирхэг эмэгтэй дүү Ким Ё Жон илүү туршлагатай, элитүүдийн дунд нэр хүндтэй байгаа нь түүнийг ахыгаа залгамжлах илүү магадлалтай нэр дэвшигч болгодог. Мөн, Хойд Солонгосын удирдагч, пуужин харвах үйл ажиллагаа, цайллага, хөл бөмбөгийн тоглолтын арга хэмжээнүүдэд бага насны охинтойгоо хамт байгаагаа харуулах болсон нь, өөрийгөө гэр бүлсэг, нинжин сэтгэлтэй удирдагч гэж харагдуулахыг хүсч байгаатай нь холбоотой." гэж тайлбарлажээ.

4. Улс нь ядуу байхад Ким Чен Ун, яаж тансаг амьдарч чаддаг вэ?

Хойд Солонгос улс нь, Пхеньяны цөмийн зэвсэг болон баллистик пуужингийн хөгжүүлэлтийн бодлогын улмаас НҮБ болон барууны орнуудын хатуу хориг арга хэмжээний дор олон жилийн турш амьдарч байна.

Доктор Хауэлл, “Ким Чен Ун хориг арга хэмжээг тойрч гарахын тулд чадах бүхнээ хийж байна. Улсад нь тусгайлан ашиглах зориулалттай сан бий. Ким өөрийгөө болон гэр бүлээ тансаг амьдруулах үүднээс энэ санд онцгой ач холбогдол өгдөг. Мөн Хойд Солонгост мөнгөн туслалцаа үзүүлдэг улс орнуудын бүхэл бүтэн сүлжээ дэлхий дээр бий. Түүнчлэн мөнгө олох өөр хэлбэрүүдийг ч ашигладаг байх боломжтой. Хүмүүс Хойд Солонгосыг интернетгүй тусгаарлагдсан орон гэж боддог. Гэвч Хойд Солонгос төрийн өмчийн интернэттэй бөгөөд кибер дайныг чухал стратеги болгосон байдаг. Кимийн дэглэм эдийн засаг, цөмийн хөтөлбөрөө дэмжихийн тулд, бусад орны компьютерийн системд халдаж мөнгө хулгайлдаг” гэж бичжээ.

5. Ким Чен Ун ард түмнийхээ төлөө санаа тавьдаг уу?

2020 оны цэргийн парад дээр үг хэлэх үедээ, Хойд Солонгосын удирдагч нэгэн өөр талаа харуулсан байдаг.Тэрээр, тахал өвчин болон тэр үед тохиолдоод байсан байгалийн гамшигийн үр уршигтай тэмцэхэд хүчин чармайлт гаргасан цэргүүддээ талархал илэрхийлээд, улс орондоо тохиолдсон хүнд нөхцөлийн тухай ярих үедээ нулимс нь гарч арчжээ. Энэ нь, Ким Чен Уны хувьд, сэтгэл хөдлөлийн маш ховор тохиолдол байсан юм.

Ким Чен Ун, өвөө Ким Ир Сений эхлүүлсэн хол явахдаа тансаг галт тэрэг ашигладаг уламжлалыг үргэлжлүүлсэн хэвээр байгаа юм. 2001 онд Ким Чен Уны эцэг Ким Чен Ирийг аялалд дагалдан явсан Оросын цэргийн удирдагч Константин Пуликовский, "Восточны экспресс" хэмээх дурсамж номондоо, “Энэ галт тэргэнд орос, хятад, солонгос, япон, франц үндэсний дурын хоол захиалж болно. Амьд хавч, алдартай Бордо, Бургунди дарсуудыг Парисаас авчируулсан байсан” гэж дурдсан байдаг.

Доктор Хауэлл, “Эдгээр тангсаглалууд нь, Хойд Солонгосын ихэнх иргэдийн амьдарч буй ядууралтай харьцуулшгүй эрс ялгаатай юм. Хоол хүнс маш ховор тул ард иргэд нь өлсөж үхэж байна. Мэргэжилтнүүд тус улсын нөхцөл байдал 1990-ээд оноос хойших үеийн хамгийн дор байдалд байгаа гэж үзэж байна. Тэр зүгээр л өөрийн дэглэмээ болон дарангуйлагч хүчээ хадгалахыг хүсч байна. Түүнд эх орных нь 26 сая хүний ​​хувь заяа огт хамаагүй бололтой. Гэхдээ тэр энэ дэглэмээ ирээдүйд үргэлжлэх, үлдэх боломжтой стратеги гэж боддог болов уу?" гэж эмзэглэн бичжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.