НАСА-гийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Лондонгийн Биг Бенийн хэмжээтэй жижиг астероид, дэлхийн хамгийн олон хүн амтай хотуудын дээгүүр өнгөрөх төлөвтэй байна. Астероидын сүйтгэх хүч нь, Хирошимад хаясан атомын бөмбөгийн хүчнээс 500 дахин их байна гэж Independent бичжээ.
2024 YR4 гэдэг астероид, одоогийн байдлаар 2032 оны 12-р сарын 22-ны өдөр дэлхийтэй мөргөлдөх магадлал 2.3 хувьтай байна. Энэ нь сүүлийн хорин жилийн, хамгийн том сансараас ирэх аюулд тооцогдож байна.
Энэхүү сансрын биетийн уналтын эрсдэлийн бүс нь, Номхон далайгаас зүүн тийш Өмнөд Америк, Атлантын далай, Африк, Ойрхи Дорнод, Ази тивээр дамнана гэж эрдэмтэд тооцоолсон бөгөөд энэ зам нь, дэлхийн хамгийн их хүн амтай 100 хотын найм нь болох Богота, Абижан, Лагос, Хартум, Мумбай, Колката, Дака хотыг дайран өнгөрөхөөр байгаа аж.
Эдгээр хотуудын хүн ам нийлээд 110 сая хүнээс давж байгаа бөгөөд 2024 YR4 астероидын сүйтгэгч хүч нь 8 сая тонн тротилтой тэнцэж байгаа нь, Хирошимад хаясан атомын бөмбөгийн хүчнээс ойролцоогоор 500 дахин их юм.
Мөргөлтийн бүс нь 50 орчим километрийн радиустай байх боловч НАСА болон бусад сансрын агентлагууд астероид дэлхийд ноцтой аюул учруулахгүй гэж найдаж байгаа бөгөөд НАСА, астероидуудыг тойрог замаас нь хазайлгах технологийг аль хэдийн амжилттай туршсан. Хамгийн тод жишээ бол, 2022 онд хийсэн DART (Давхар астероид дахин чиглүүлэх туршилт) нь, 2024 YR4-ээс хоёр дахин том астероидын замыг өөрчилсөн нь юм.
Хятад улс, жижиг астероидыг онилох, астероидын өөр нэг туршилтыг 2027 онд хийхээр төлөвлөж байна.
Мөн бусад сансрын агентлагууд, болзошгүй эрсдэлийг арилгах арга хэмжээг боловсруулж байгаа бөгөөд астероидын замыг тодорхойлох, боломжит оролцоонд бэлтгэхийн тулд НҮБ-аас дэмжигдсэн хариу арга хэмжээ авах хоёр баг аль хэдийн бэлэн болоод байна.
2024 YR4 астероидыг ажиглах ажиглалтууд дэлхийгээс харагдах боломжтой 4-р сар хүртэл үргэлжлэх бөгөөд дараа нь 2028 оны 6-р сар хүртэл дэлхийгээс ажиглах боломжгүй болох ажээ. Мөн НАСА астероидын зам, хэмжээ, бүтцийг илүү сайн судлахын тулд урьд өмнө бүтээсэн телескопуудаас хамгийн том телескопыг илгээнэ.
НАСА-гийн сансрын агентлагийн ажилтан Моли Вассер хоёрдугаар сарын эхээр блогтоо, "НАСА-гийн Жеймс Уэбб сансрын дуран 2025 оны гуравдугаар сард астероидыг ажиглана. Түүний тойрог замын талаар шинэ мэдээлэл ирэх тусам мөргөлдөх магадлал тодорхой болно. Өмнө нь НАСА-гийн аюулын жагсаалтад багтсан олон астероидын адилаар 2024 YR4 астероидыг аюултай объектын жагсаалтаас хасч магадгүй. Гэхдээ мөн, мөргөлдөх магадлал цаашид нэмэгдэх боломжтой ч болж болох юм" гэж бичжээ.