2024 онд болох шуурганы төлөв байдлын урьдчилсан мэдээ нь, түүхэн дэх хамгийн их хар салхи, шуургатай жил болохыг торхойлж байна. Аль бүс хар салхины эрсдэлтэй байх болон аюулгүй хувилбарууд хаана байж болохыг Realtor мэдээлэв.
Үндэсний Далай, Агаар мандлын Удирдлага (NOAA), 2024 оны хар салхины улирлын тайландаа, Атлантын далай дахь агаарын температур наймдугаар сард байдаг түвшинд хүрсэн гэж тэмдэглээд, энэ нь 40 миль ба түүнээс дээш салхины хурдтай 17-25 удаагийн шуурга үүсгэж болзошгүйг мөн эдгээрийн 8-13 нь хамгийн багадаа 70 миль/цагийн хурдтай хар салхи, мөн 3, 4, 5-р ангилалын 110 миль/цаг-аас дээш хурдтай 4-7 томоохон хар салхи болно гэсэн таамагт хүргэж байна гэж бичжээ.
Энэ мэдээ олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж, орон сууц худалдаж авахаар төлөвлөж буй хүмүүсийг эргэлзэхэд хүргэж байгаа бөгөөд 2024 оны Realtor.com®-ийн судалгаагаар, хүмүүсийн 70% нь, орон сууц худалдан авахдаа байгалийн гамшиг, цаг уурын болзошгүй нөлөөллийг харгалзан үздэг. Талаас багахан хувь нь, тухайн газрын, уур амьсгал, цаг агаарын нөхцөл нь, хаана амьдрахаа сонгоход нөлөөлдөг гэсэн нь харагдсан байна.
Орон сууц худалдан авагчдад санаа зовох хангалттай шалтгаан бий. 2024 онд тус улсын орон сууцны 18.1 орчим хувь нь хар салхи, торнадо зэрэгт өртөж эвдэрч болзошгүй байгаа гэсэн судалгааны дүн гарчээ.
NOAA-с мөн, хар салхинд хамгийн их өртдөг хотуудыг тодорхойлжээ. Эдгээрт, жил бүр байгаль орчны нөлөөнд өртөх магадлал нь 16% байдаг Флоридагийн Майами, Ки Уэст хотууд орсон. Тэдний араас Хойд Каролина мужийн Кейп Хаттерас (15%), Тампа, Нью Орлеанс (хоёулаа 11%) оржээ. Хэдийгээр Флорида хар салхины эрсдэлтэй таван газрын гуравт орсон ч, шилжин суурьшигчидын нүүж ирэх дуртай газар хэвээр байгаа бөгөөд 2023 онд Флорида нь, АНУ-ын хамгийн хурдацтай хөгжиж буй таван хотын дөрөвт орсон нь гайхалтай юм. Мөн орон сууц худалдан авагчид, Флоридаг хар салхины эрсдэлд үргэлж өртдөггүй, өртөх аюул нь бүс нутгаас хамаарч өөр өөр байдаг гэж үздэг байна.
1851-2022 онуудад, Флорида мужийг 120 хар салхи дайрсны, хамгийн цөөн, ердөө 28 хар салхины тохиолдол Зүүн хойд Флорида мужид, Зүүн өмнөд Флорида мужид 48, баруун хойд Флорида мужид 51, зүүн өмнөд Флорида мужид 66 болсон гэж бүртгэгдсэн байна.
Зарим агентууд, хар салхинаас зайлсхийхийн тулд төв Флорида руу эсвэл мужийн зүүн хойд хэсэг рүү нүүхийг зөвлөдөг. Орландо, Лисбург, Киссимми, Лэйк Сити зэрэг томоохон хотууд Флорида мужийн "аюулгүй"-д тооцогддог хотуудын хэд хэдэн жагсаалтыг тэргүүлдэг. Гэхдээ, хар салхины хувьд Флорида мужийн хаана ч, 100% аюулгүй байдаггүй гэж үздэг.
Флоридагийн үл хөдлөх хөрөнгийн агент Кара Амир, "Би 23 жил ажиллахдаа, хар салхины эрсдэл ихтэй Зүүн хойд Флоридад олон байшин зарсан. Худалдан авагчид, байрны эздээс хар салхины түүхийн талаар асуудаг байх хэрэгтэй. Мөн байшингийн даатгалын түүхийг шалгаж, хөршүүдтэй нь ярилцах хэрэгтэй. Өмнө нь үерт автсан, ус нэвчсэн байдал байгаа эсэхийг сайтар анзаарах нь дээр. Та мөн байшинд салхины хамгаалалт болон хоргодох байр байгаа эсэхийг асуухад илүүдэхгүй. Хэрэв хар салхины эрсдэлтэй газар руу нүүх амьдралын шаардлагатай байгаа бол, бие даасан генератор худалдаж авахыг зөвлөв. Мөн хар салхи нь, үер дагуулдаг учраас үерийн даатгалд хамрагдах. Хэрэв тухайн байшин 5-аас дээш жилийн насжилттай бол шинэ дээвэр худалдаж авах талаар бодож үзэх хэрэгтэй. Энэ нь хар салхины хүчийг, хуучирсан дээврээс хамаагүй илүү тэсвэрлэдэг гэж зөвлөсөн байна.