Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

6/29/2026
Anu.mn
2026 оны зун АНУ-д хэт халуун байх төлөвтэй байна

2026 оны зун АНУ-д хэт халуун байх төлөвтэй байна

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Mon Jun 29 2026
2026 оны зун АНУ-д хэт халуун байх төлөвтэй байна

АНУ-д жил бүр 700 гаруй хүн хэт халууны улмаас амиа алддаг бөгөөд хамгийн өндөр эрсдэлтэй бүлэг нь 65-аас дээш насныхан юм. Хэт халалт болон халууны цохилтоос хэрхэн сэргийлэх талаар MoneyTalks зөвлөжээ.

2026 оны зун ердийнхөөс илүү халуун байх төлөвтэй байна. Цаг уурчид агаарын температур эрс нэмэгдэж, "дулааны бөмбөгөр" (heat dome) үзэгдэл үүсэхийг анхааруулж байна.

Дулааны бөмбөгөр гэдэг нь, өндөр даралтын тогтвортой бүс тодорхой газар нутгийг бүрхэн, халуун агаарыг газрын гадаргад барьж, дээш хөөрч хөрөх боломжийг нь хааж, гаднаас сэрүүн агаар нэвтрүүлэхгүй байх цаг уурын үзэгдэл юм.

Зургадугаар сард Европыг хамарсан хүчтэй халууны давалгааны үеэр Францад халуунаас сэрүүцэхээр нуур, сувагт сэлэх гэж оролдсон дор хаяж 40 хүн живж амиа алдсан байна.

Харин АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, тус улсад жил бүр 700 гаруй хүн хэт халууны улмаас нас бардаг байна.

АНУ-ын Холбооны Онцгой байдлын удирдлагын агентлагийн (FEMA) мэдээлснээр, хэт халуун үед хүний бие, хэвийн температураа хадгалахад хүндрэлтэй болж, улмаар амь насанд аюултай олон төрлийн хүндрэл үүсэх эрсдэлтэй байдаг.

Үндэсний цаг уурын алба, "Хэт халуун болон агаарын өндөр чийгшил нь, хэт халалтаас үүдэлтэй өвчлөх эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг. Ялангуяа гадаа ажилладаг эсвэл биеийн хүчний ажил, дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс хамгийн их эрсдэлтэй." гэсэн анхааруулгыг өгчээ.

Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс, халуунд бие өөрийгөө хөргөх чадвар нь, нас, жин, халуурсан эсэх, шингэний дутагдал, зүрх судасны өвчин, цусны эргэлтийн эмгэг, наранд түлэгдсэн эсэх, архи болон мансууруулах бодисын хэрэглээ зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалдаг гэсэн мэдээлэл өгсөн бөгөөд 65-аас дээш насныхан, 2 хүртэлх насны хүүхдүүд, архаг өвчин болон сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг хамгийн өндөр эрсдэлтэй хүмүүст тооцжээ.

Хэрхэн сэрүүн байж, өөрийгөө хамгаалах вэ?

  • Цангахыг хүлээлгүй ердийнхөөс илүү их ус уух
  • Гэрийн тэжээвэр амьтдаа ч, хангалттай усаар хангах
  • Элсэн чихэр ихтэй ундаа, архи, кофейноос аль болох татгалзах. Эдгээр нь шингэний алдагдлыг нэмэгдүүлдэг.
  • Боломжтой бол агааржуулагчтай өрөөнд ихэнх цагаа өнгөрүүлэх
  • Сэрүүн шүршүүрт орох эсвэл усанд орох
  • Өдрийн хамгийн халуун цагт гадаа удаан байхгүй байх
  • Нарны гэрлийг хаахын тулд хөшиг, жалюз хэрэглэх
  • Зуух, шарах шүүгээг аль болох бага ашиглаж, өрөөний температурыг нэмэгдүүлэхгүй байх
  • Цайвар өнгийн, сул, агаар сайн нэвтрүүлдэг хувцас өмсөх

Юуг анхаарах хэрэгтэй вэ?

  • Ахмад настай хамаатан садан, найз нөхөд, хөршүүдийнхээ биеийн байдлыг тогтмол асууж, шаардлагатай бол тусламж үзүүлэх.
  • Хэзээ ч, хүн эсвэл амьтныг хаалттай машинд ганцааранг нь бүү орхи. Цонх бага зэрэг онгорхой байсан ч машины доторх температур маш хурдан аюултай хэмжээнд хүрдэг.
  • Халууны цохилтын шинж тэмдэг илэрвэл нэн даруй эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.

Халууны цохилтын үндсэн шинж тэмдэг:

  • Биеийн температур 39–40°C-ээс дээш болох
  • Арьс маш халуун, хуурай болох (хөлрөхөө болих)
  • Маш их сульдах, булчин хүчгүй болох
  • Толгой өвдөх
  • Толгой эргэх, тэнцвэр алдах
  • Дотор муухайрах, бөөлжих
  • Зүрхний цохилт түргэсэх
  • Ухаан самуурах

Хүнд хэлбэрийн шинж тэмдэг:

  • Хэл ээдрэх
  • Орчин тойрноо танихгүй болох
  • Түрэмгий эсвэл хэвийн бус зан авир гаргах
  • Таталт өгөх
  • Ухаан алдах

Эмч нар халууны туйлдал ба халууны цохилтын ялгааг тайлбарлажээ.

  • Халууны туйлдал (heat exhaustion) үед хүн их хэмжээгээр хөлөрдөг.
  • Харин халууны цохилт (heat stroke) болсон үед арьс нь ихэвчлэн хуурай, маш халуун болдог бөгөөд энэ нь, амь насанд аюултай ноцтой дохио юм. Ийм тохиолдолд яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай байдаг.

Сүүлд нэмэгдсэн