Америкийн телевизийн нэрт хөтлөгч, зохиолч, 81 настай Марта Стюарт, "Sports Illustrated Swimsuit" сэтгүүлийн нүүрийг чимсэн хамгийн ахмад загвар өмсөгчөөр тодорчээ. Тэрээр, энэ алхмаараа өндөр настай эмэгтэйчүүдийг, "Эрүүл, эрч хүчтэй, сайхан харагдахыг" уриаллаа гэж Yahoo мэдээлэв.
Марта Стюарт бол олон төрлийн авьяастай эмэгтэй. Одоо тэрээр Sports Illustrated Swimsuit сэтгүүлийн 2023 оны “сэтгүүлийн нүүр одод”-ын нэг болов. Харин түүнээс өмнө нүүр хуудасны хамгийн өндөр настай эмэгтэй цолыг, 2022 онд 74 настайдаа сэтгүүлд гарсан Мэй Маск эзэмшиж байжээ.
“Ер нь цалин урамшуулал намайг аливааг хийхэд түлхдэг. Харин энэ удаад, миний насны эмэгтэй хүн сайхан харагдаж, сайхан мэдрэмж төрүүлж чаддаг гэдгийг хүмүүст харуулах хүсэл эрмэлзэлтэй байсан. Миний хувьд энэ бол үйл явдал" гэж Стюарт Sports Illustrated Swimsuit сэтгүүлд ярьжээ
Бие галбирын стандартууд өөрчлөгдөж байна
Эмнэлзүйн судлаач, анагаах ухааны тэнхимийн туслах профессор Холли Томас -"Дунд болон ахимаг насны эмэгтэйчүүд, хаана ч тэр, сэтгүүлийн нүүрэн дээр өөрийн насны сайхан хүмүүсийг харах нь, тэдэнд сэдэл төрүүлэх, түлхэц болох ашигтай сайн хэрэг.Мөн энэ бол, Vogue сэтгүүлийн нүүрэн дээр даашинзтай гарахаас тэс өөр. Sports Illustrated Swimsuit- сэтгүүл нь, гоо сайхны талаархи америкчуудын үзэл бодолд онцгой байр суурь эзэлдэг сэтгүүл юм. Сэтгүүлийн өгч буй чиглэл нь ойлгомжтой. Уг настай эмэгтэйн зураг нь загвар, гоо сайхны салбарынхны төгс бие галбирын үзэл бодлыг эсэргүүцэж, мөн гоо сайхны стандарт өөрчлөгдөж байгааг харуулж байна. Бид уламжлал ёсоор сэтгүүлийн нүүрэн дээр, үзэсгэлэнтэй эмэгтэй ямар байх ёстой байхыг харуулахыг гол зорилгоо болгож ирсэн. Харин сүүлийн 5-10 жилийн хугацаанд гоо сайхны стандарт илүү өргөн хүрээтэй болж байна. Мөн энэ, нас ба бэлгийн харьцааны асуудлыг хөндсөн. 81 настай Стюарт, сэтгүүлийн нүүрэн дээр гарснаар, ахимаг эмэгтэйчүүдийн талаарх хүмүүсийн сэтгэхүй, тэдний сексийн талаарх ойлголтыг өөрчлөх болно. Марта Стюарт настай хүн сайхан байж болохыг нотолсон” гэж тэмдэглэв.
Стюарт ч, тачаангуй харагдахыг хүсдэгээ нуудаггүй. Тэрээр, -"Хүмүүс сайхан зүйлд дуртай. Үзэсгэлэнтэй сайхан байж чадаж байвал, түүнийг харуулах нь сайн хэрэг гэж би бодсон” гэсэн байна. -“Энэ асуудалд Стюарт ганцаараа биш. Түүний энэхүү зоримог бодол, олон настай эмэгтэйчүүдэд, өөрсдийгөө үнэлэх, зорилготой болох, сайхан харагдах, эрч хүчтэй болоход тусална гэж найдаж байна" гэж Томас бичжээ.