Оземпик эмнээс болж хохирсон хүмүүс тус эмийн үйлдвэрлэгчид хэдэн саяараа нэхэмжлэл гаргаад байна. Эхний хууль ёсны гомдол 2023 оны намраас эхэлснээс хойш нэхэмжлэл гаргасан хүмүүсийн тоо тогтмол өсч байна гэж Daily Mail бичжээ.
Оземпикийг чихрийн шижин өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг. Хэрэглэсэн хүмүүс, хэвлийгээр өвдөх, бөөлжих, ходоод саажих, цусны бүлэгнэл үүсэх, харалган болох, шүд унах зэргээр олон өвчлөлд өртсөн талаараа гомдол гаргаж, эмч нар эдгээр гаж нөлөөний талаар анхааруулаагүй, үйлдвэрлэгчид эмийн сав баглаа боодол дээр гаж нөлөө, эрсдэлийн талаар анхааруулаагүй гэж буруутгаж байгаа юм.
400 өвчтөнийг төлөөлж буй Нью-Йоркийн хуульч Роберт Кинг, ходоодны асуудал хамгийн түгээмэл байгааг дурджээ. Тэрээр,хүмүүсийг хэрэглэхээс нь өмнө түүний эрсдэлийн талаар илүү сайн мэдээлэл өгсөн бол, харалган болохоос болгоомжилж, хэн ч жингээ хасахаар хэрэглэхгүй байсан гэсэн байна.
Ozempic, Mounjaro, Wegovy, Trulicity зэрэг эмнүүд нь, GLP-1 агонистууд гэж нэрлэгддэг эмнүүд бөгөөд тэд цатгалан мэдрэмж төрүүлж, хоол хүнсний дамжин өнгөрөх хурдыг хянадаг гормоныг орлодог. Эдгээр эмийг анхнаасаа чихрийн шижин өвчнийг эмчлэх зорилгоор бүтээсэн ч, хүмүүст жингээ хасахад сайн туслаж буйг анзаарсан эмч нар жингийн илүүдэлтэй, жин хасах хүсэлтэй өвчтөнүүдэд зөвлөж эхэлжээ.
2024 оны 5-р сард KFF (Kaiser Family Foundation) АНУ-ын насанд хүрэгчдийн дунд судалгаа явуулахад, ойролцоогоор найман насанд хүрэгч тутмын нэг нь (12%) нь GLP-1 эм ууж байгаа нь тогтоогдсоноос, 6 орчим хувь нь Ozempic, Wegovy зэрэг эмүүдийг хэрэглэж байгаа гэжээ.
Судалгаанаас харахад, чихрийн шижинтэй өвчтөнүүдийн 43%, зүрх судасны өвчтэй хүмүүсийн 26% нь эдгээр эмийг ууж байна. GLP-1 нь жингээ хасах, эрүүл мэндэд үзүүлэх эерэг үр нөлөөтэй хэмээн алдаршсанаар, олон нийт мэддэг болж, судалгаанд оролцогчдын 82% нь ийм эмийн талаар сонссон гэж хариулж байв. АНУ-ын 1479 насанд хүрэгчдийн дунд онлайнаар болон утсаар санал асуулга явуулжээ.
Өмгөөлөгч Кинг, өвчтөнүүд GLP-1 эм уусантай холбоотой амь насанд аюултай цусны бүлэгнэл үүсэх, огт юм идэж ууж чадахаа болих ходоодны саажилттай болж байна гэсэн байна.
Хятадын Ченжэнь Лонхуа мужийн төв эмнэлгийн эрдэмтэд, GLP эмийг цус бүлэгнэлттэй холбосон судалгаа хийсэн ч үр дүн нь, баттай баримт болж чадахгүй байна. Учир нь энэ эм, цусны бүлэгнэл болон зүрхний өвчинтэй холбоотой асуудлуудыг бууруулдаг гэсэн олон судалгаанууд байдаг байна.
Эдгээр эмийг үйлдвэрлэдэг компаниуд, энэ эм нь хор хөнөөл учруулж болзошгүй гэдгийг эрс үгүйсгэдэг. Ново Нордискийн төлөөлөгчид эдгээр нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж өмнө нь мэдээлж байсан. Ozempic-ийн гаж нөлөө, эрсдэлийг шошгон дээр нь тодорхой бичсэн байдаг. Мөн "Манай бүх GLP-1 эмүүдийг зааврын дагуу хэрэглэж, лицензтэй эрүүл мэндийн мэргэжилтний хяналтан дор хэрэглэхэд аюулгүй, үр дүнтэй" гэж компани баталж байгаагаа мэдэгджээ.
Ozempic-ийн FDA-аас зөвшөөрөгдсөн анхааруулах шошгон дээр, "хоол боловсруулах эрхтэнүүдийн хямрал ажиглагдна" гэж дурдсан байдаг, харин гастропарезийн талаар дурдаагүй байна.
Мөн нэхэмжлэл үүсгээд байгаа хүмүүс, Ozempic-ийг буруутгах нь бидний гол зорилго биш, харин үүнийг авч хэрэглэх хүмүүст эрсдэлийг нь илүү сайн ойлгуулах зорилготой гэж ярьсан байна.