Америкчуудын ихэнх нь цагаачдын талаар эерэг бодолтой байгаа бөгөөд Трампын бодлогыг үгүйсгэж байна

Цагаачлал нь, АНУ-ын колоничлолын үеэс буюу улс орон өөрөө оршин тогтнохоос өмнөх үеэс эхлэн маргаантай асуудал байсаар ирсэн бөгөөд Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирснээс хойш, энэ асуудал дахин гарч ирээд байгаа юм. Одоогийн засаг захиргаа, цагаачлалыг бодлогынхоо гол асуудал болгосон. Гэсэн хэдий ч, 2026 оны 4-р сарын 24-26-ны хооронд Чикагогийн Зөвлөл-Ипсосын хийсэн санал асуулгаар, Америкчууд ерөнхийдөө ийм хатуу хандлагыг дэмждэггүй болох нь харагдсаныг Global Affairs мэдээлэв.
Судалгаанд оролцогчдын дийлэнх нь бичиг баримтгүй хүмүүст хууль ёсны статус олгохыг дэмжиж байна. Гэсэн ч, Бүгд Найрамдахчууд цагаачдыг мэдэгдэхүйц гадуурхаж байгаа бөгөөд цагаачлалын нөлөөллийн талаар сөрөг үнэлгээ давамгайлсан бодлого явуулж байна. Энэ нь улс орон даяарх цөөнхийн үзэл бодол боловч, Бүгд Найрамдах намын сонгогчдын дэмжлэг нь, намын удирдлагад чиглэлээ өөрчлөх шалтгаан бага байгааг харуулж байгаа юм.
Америкчуудын арван хүний зургаа нь, цагаачлал Америкийн соёл (61%), үндэсний эдийн засаг (60%), орон нутгийн эдийн засаг (62%), өөрсдийн нийгэмлэгт (60%) эерэг нөлөө үзүүлдэг гэж үздэг бөгөөд цагаачид АНУ-д эрэлт хэрэгцээтэй ур чадвартай, англиар ярьдаг, АНУ-ын иргэншилтэй хамаатан садан эсвэл хувийн ивээн тэтгэгчтэй байх нь чухал гэж үздэг нь харагджээ.
Дайн, улс төрийн тогтворгүй байдлын улмаас эх орноосоо дүрвэсэн дүрвэгсдэд орогнол олгохыг гуравны хоёр ба түүнээс дээш хувь (68%), цаг уурын гамшиг (66%), улс төрийн үзэл бодлын улмаас хавчлага (65%), арьс өнгө, үндэс угсаа, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах (64%) асуудалд өртсөн хүмүүсийн цагаачлалыг тус тус дэмжиж байв.
Хууль бус цагаачлалын тухайд Америкчуудын гуравны хоёр нь зөвшөөрөлгүйгээр тус улсад байгаа хүмүүст тодорхой нөхцөлд иргэншил авах өргөдөл гаргах (51%) эсвэл бусад хууль ёсны статус авах (16%) боломжийг олгох ёстой гэж үзэж байна. Аравны гурав нь, ийм хүмүүсийг тодорхойлж, албадан гаргах ёстой гэж үзэж байна (30%). Аравны долоо орчим нь, Мөрөөдөгч гэж нэрлэгддэг хүмүүст байнгын хууль ёсны статус олгохыг дэмжиж байна.
Америкчуудын арван хүний зургаа нь, цагаачлал нь тус улсад ашигтай гэж үздэг нь харагдав.
Сүүлийн 50 жилийн хугацаанд АНУ-аас гадуур төрсөн хүмүүсийн эзлэх хувь эрс нэмэгдсэн. 1970-2022 онуудад цагаачдын тоо 9.6 саяас (хүн амын 4.7%) ойролцоогоор 46.2 сая (13.9%) болж өссөн байна. Pew Research Center-ийн мэдээлснээр, 2025 оны 6-р сарын байдлаар АНУ-д бараг 52 сая цагаач амьдардаг бөгөөд энэ нь хүн амын 15.4% бөгөөд сүүлийн үеийн оргил үеийн 15.8%-иас арай доогуур байна. Энэ бууралт нь Жо Байден болон Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд гарсан бодлогын хэд хэдэн өөрчлөлттэй холбоотой юм. 2024 оны 6-р сард Байден орогнол хүсэх дүрмийг чангатгасан бол, Трамп шинэ цагаачдын урсгалыг бууруулах, бичиг баримтгүй хүмүүсийг албадан гаргах зорилготой эхний 100 хоногтоо 181 гүйцэтгэх захирамжид гарын үсэг зурсан байна.
Цагаачдыг Америкийн нийгэм, эдийн засагт илүү их ашиг тус авчрах уу, эсвэл хор хөнөөл учруулах уу гэдэг асуулт хэдэн арван жилийн турш мэтгэлцээний сэдэв байсаар ирсэн ч, ерөнхийдөө америкчууд ашиг тус нь, хор хөнөөлөөсөө илүү гэж үздэг хандлагатай, ихэнх нь цагаачлалыг соёлд эерэг нөлөө үзүүлдэг гэж үздэг нь харагджээ
Мөн энэ судалгаа, боловсролын түвшин, нас, оршин суугаа бүс нутаг, үндэс угсаа нь цагаачлалд хандах хандлагад нөлөөлдөг болохыг харуулсан бөгөөд ерөнхийдөө хотын оршин суугчид, дээд боловсролтой хүмүүс, залуучууд, өнгөт арьстнууд цагаачлалыг эерэгээр харж, цагаач, дүрвэгсдийг хүлээн авахад бэлэн байдаг бол, харин ахмад настан, боловсрол багатай хүмүүс, хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс болон цагаан арьст америкчууд эргэлзэх хандлагатай, иргэншил авах замыг эсэргүүцэж, илүү хатуу арга хэмжээг дэмжих магадлал өндөр байдаг нь харагджээ.
Бүс нутгаар бас ялгаатай: Баруун эргийн оршин суугчид цагаачлалыг эерэгээр харж, цагаач, дүрвэгсдийг хүлээн авахад илүү бэлэн байдаг, иргэншлийг дэмжих магадлал өндөртэй байдаг байна.








