Өнөөдөр олон ахмад насны Америкчууд, алтан насаа гадаадад өнгөрөөхийг сонгодог болжээ. АНУ-ын Нийгмийн хамгааллын албаны мэдээлснээр, гурван жилийн дотор гадаад руу шилжсэн иргэдийн тоо 413,000-аас 760,000 болж нэмэгдсэний, гуравны нэгээс илүү хувь нь Европ руу нүүсэн гэж Travel + Leisure бичжээ.
Америкийн ахмадууд тав тухтай амьдрал, бага татвар, чанартай эрүүл мэндийн үйлчилгээг авахын тулд, Испани, Португал улсуудыг сонгон суурьшиж байгаа талаар "Global Citizen Solutions" төв мэдээлжээ.
Испани улс, эрүүл мэндийн чанартай үйлчилгээ, таатай цаг уур болон агаарын тээврийн үйлчилгээ сайтай зэрэг хүчин зүйлсээрээ, амьдралын чанарын үнэлгээнд бүрэн 100 оноо авчээ.
"Нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо, нэмэлт хувийн даатгалын боломжууд нь Испанийг суурьшихад хамгийн таатай улс болгож байна. Мөн Испани улс нийтийн тээврийн маш сайн сүлжээтэй. Энэ нь өдөр тутмын автомашины хэрэглээгээ орхихоор шийдсэн тэтгэвэр авагчдын хувьд их чухал байгаа юм " гэж Global Citizen Solutions компанийн судалгааны албаны дарга Лаура Мадрид ярьжээ.
Португал нийлбэр дүнгээр 99.79 оноогоор хоёрдугаарт бичигдэж байна. Сүүлийн жилүүдэд олон америкчууд энэ хоёр улсыг сонгон, цаг уурын таатай орчин, боломжийн эрүүл мэндийн үйлчилгээнд нь татагдан шилжин суурьшиж байна.
Амьдралын өртөг нь шилжин суурьших шийдвэр гаргахад чухал хүчин зүйл болдог. Испани, Португалийн амьжиргааны өртөг бусад Европын орнууд болон АНУ-тай харьцуулахад хамаагүй бага. Түүгээр ч зогсохгүй хоёр улс гадаадын иргэдэд оршин суугаа эхний жилүүдэд татварын тусгай хөнгөлөлт үзүүлдэг бөгөөд энэ нь Иберийн хойгийг улам сэтгэл татам болгодог байна.
Харин тэтгэвэрийнхний дуртай улсуудын гуравдугаарт Коста Рика, дөрөв, тавдугаарт Уругвай, Мексик улсууд тус тус орсон бөгөөд амьдралын чанарын тухайд Мексик 2-т, Португал гуравдугаар байрт оржээ. Эдийн засгийн талбарт Малайз (амьжиргааны өртөг, татвар ногдуулалт, түрээсийн үнэ) 1-д орсон бөгөөд энэ нь, гадаадын иргэдийн орлогод татвар ногдуулдаггүй санхүүгийн давуу талыг санал болгодогтой нь холбоотой (Гадаадад амьдардаг америкчууд АНУ-д татвар төлөх шаардлагатай байдаг) байна.
Цагаачдад хандах хандлага, нийгэмд дасан зохицуулж нэгтгэх зэрэг нийгмийн хүчин зүйлсийн хүрээнд, Шинэ Зеланд тэтгэвэрт гарсны дараа суурьшихад хамгийн тохиромжтой газар гэж тооцогдсон бөгөөд улс орнуудын сонирхол татахуйц байдлыг тодорхойлдог гол хүчин зүйл нь, хямд орон сууц, чанартай эрүүл мэндийн үйлчилгээ, татварын хөнгөлөлт болох нь харагджээ.