May
26
2022
Anu.mn
Мэдээ
Америкт оффисууд тансаг зэрэглэлийн орон сууц болон хувирч байна
Америкт оффисууд тансаг зэрэглэлийн орон сууц болон хувирч байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Америкт оффисууд тансаг зэрэглэлийн орон сууц болон хувирч байна

2021 оны 5-р сард, Вашингтон ДС-ийн тансаг зэрэглэлийн Foggy Bottom дүүрэгт нээгдсэн “The Wray” найман давхар орон сууцны барилга нь, Art Deco загварын зоримог шийдэл бүхий дизайнтай саруул том үүдний танхим, дээвэр дээрээ хотыг өндрөөс тольдох талбай, түүдэг асаах, мах шарах сараалжтай булан, мөн амралтын өрөө, хувийн уулзалтын талбай бүхий пентхаус клубын өрөөтэй, үл хөдлөх хөрөнгийн хамгийн шуугиантай төслүүдийн нэг болсон юм. Тус хорооллын оршин суугчдын хувьд, Дэлхийн 2-р дайны үед баригдсан, ердөө хоёрхон жилийн өмнө АНУ-ын Төрийн департаментын харьяа байгууллагуудын дипломат бичиг баримтыг задлан шинжилдэг гадаад бодлого боловсруулагчид ажилладаг байсан энэхүү барилгыг 158 тансаг зэрэглэлийн орон сууц болгон хувиргасан нь үнэхээр гэнэтийн зүйл байлаа. ”The Wray” бол Вашингтон ДС орчмын орон сууц болгон өөрчилсөн олон оффисуудын зөвхөн нэг нь юм. RentCafe сайтаас саяхан гаргасан тайланд дурдсанаар, АНУ-ын нийслэл нь цар тахал эхэлснээс хойш тус улсын бусад газраас илүү, олон оффисыг орон сууц болгон хувиргаж, 1091 шинэ орон сууцтай болжээ. Харин зэргэлдээх Виржиниа мужийн Александриа хотод 955 оффиссыг шинэ орон сууц болгосноор удаалж байна.

Арван жилийн өмнө үйлдвэрүүд болон зочид буудлуудыг өөрчилөн дахин ашиглах зорилтууд хэрэгжиж байсан бол одоо хуучин оффисуудыг орон сууц болгон өөрчилж эхэлснээр сүүлийн хоёр жилийн хугацаанд ашиглалтад орсон АНУ-ын нийт орон сууцны 41 хувийг эзэлж байна гэж RentCafe мэдээлэв. Энэ нь 2022 онд АНУ-д ашиглалтад орох төлөвтэй байгаа 52700 орон сууцны дөрөвний нэгийг бий болгох, барилгыг дахин өөрчилөн ашиглах төслүүдийн хамгийн ирээдүйтэй ба алдартай барилгын төрөл болоод байгаа аж.

Энэ цаг үеэс урган гарсан оффисуудыг орон сууц болгон дахин ашиглах асуудал нь тахлын улмаас эзгүйрсэн бизнесийн төв дүүргүүдийг сэргээх, мөн хотуудыг хэрхэн төлөвлөх талаарх хуучирсан төсөөллүүдийг шинэчлэх боломжтой болгож байгаа юм. Гэсэн хэдий ч татварын хууль тогтоомж, бүсчлэлийн хязгаарлалт зэрэг олон саад бэрхшээл тулгардаг бөгөөд хялбар шилжилт биш байх нь тодорхой юм. Хувийн орон сууцыг оффис болгоход томоохон өөрчлөлт шаардагддаг шиг оффисыг байр болгох нь ч мөн адил юм.

Арилжааны үл хөдлөх хөрөнгийн чиг хандлагыг судалдаг Вашингтонд төвтэй Брукингсийн хүрээлэнгийн ажилтан Трейси Хадден Лох: “АНУ-ын оффисын зах зээлийн 10 томоохон үл хөдлөх хөрөнгийн судалгааны төвүүдийн мэдээллээр нийт оффисын талбайн 90 орчим хувь нь төвийн дүүрэгт байна. Одоо тэнд бараг байгууллагууд байхгүй. Ажилтнууд гэрээсээ ажиллаад эхэлмэгц яг алтны уурхайн нөөц нь дуусахад орхигдсон барууны уурхайн хотууд шиг хоосорсон” гэжээ

Үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн компани болох Yardi Matrix-ийн бизнес шинжээч менежер Даг Ресслер, “Оффисыг орон сууц болгон хувиргах энэ хандлага 2019 онд эрчимжиж эхэлсэн бөгөөд цар тахлын үед шууд хүлээн зөвшөөрөгдсөн", “Ихэнх нь орон сууцны эрэлт хамгийн их, мөн хувиргаж өөрчилөх боломж бүхий хот суурин газруудад явагдаж байна" гэсэн байна.

эх сурвалж: www.bbc.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.