April
13
2025
Anu.mn
Мэдээ
АНУ-д байшиндаа засвар хийх болон өөрчлөлт хийж сайжруулах нь үл хөдлөх хөрөнгийн татварыг ...
АНУ-д байшиндаа засвар хийх болон өөрчлөлт хийж сайжруулах нь үл хөдлөх хөрөнгийн татварыг нэмэгдүүлж болзошгүй байдаг
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-д байшиндаа засвар хийх болон өөрчлөлт хийж сайжруулах нь үл хөдлөх хөрөнгийн татварыг нэмэгдүүлж болзошгүй байдаг
Photo: Feverpitched | Dreamstime.com

Хэрэв орон сууцтай бол үл хөдлөх хөрөнгийн татвар төлдөг бөгөөд харин байшингаа засварлах тохиолдолд, энэ нь татвар нэмэгдэхэд хүргэх магадлалтай байдаг. Ямар өөрчлөлтүүд үл хөдлөх хөрөнгийн татварын хэмжээг нэмэгдүүлдгийг Lifehacker нийтэлжээ.

Түүнчилэн, АНУ-д үл хөдлөх хөрөнгийн татвар өөр өөр байдаг бөгөөд Нью Жерси мужийн Эссекс мужид дунджаар 13,145 доллар байдаг бол Баруун Виржини мужид хамгийн бага нь 989 доллар байдаг. Байшин өндөр үнэтэй байх тусмаа татвар өндөр байна. Мөн байшингийн үнэ цэнийг өсгөх засвар, өргөтгөл, сайжруулалтын хэрээр татварын хэмжээ нэмэгддэг.

Орон нутгийн татварын байцаагч таны засвар, сайжруулалтыг анзаарах хүртэл хэсэг хугацаа байдаг ч, үл хөдлөх хөрөнгө дахин үнэлэгдсэнээр татвар нэмэгдэх тул үүнд бэлэн байх нь дээр бөгөөд татварын хувь хэмжээ болон үнэлгээний журам нь байршлаас хамааран харилцан адилгүй байдаг ч, дараах долоон төрлийн засварын ажил, үл хөдлөх хөрөнгийн татварыг нэмэгдүүлэхэд хүргэдэг байна.

Байшингийн өргөтгөл

Ер нь таны байшингийн орон зайг нэмэгдүүлэх аливаа зүйл таны үл хөдлөх хөрөнгийн татварыг нэмэгдүүлнэ. Ерөнхийдөө татварыг дахин борлуулах боломжит үнэ, орлуулах үнэ эсвэл хүлээгдэж буй түрээсийн үнэ (заримдаа гурвууланд нь) дээр үндэслэн тооцдог тул өргөтгөл нь татварыг нэмэгдүүлдэг.

Энэ нь шинээр өргөтгөл барих болон бусад сайжруулалтад ч хамаатай: жишээлбэл, гаражийг унтлагын өрөө эсвэл оффис болгон хувиргах, эсвэл унтлагын өрөөг хоёр болгон хуваах (жижиг байсан ч гэсэн гурван унтлагын өрөөтэй байшинг ихэвчлэн хоёр унтлагын өрөөтэй байшингаас илүү үнэ цэнэтэй гэж үздэг). Арын хашааны саравч гэх мэт зарим тусдаа барилга байгууламжууд, ялангуяа суурин дээр баригдаж, ус, цахилгаан, бохирын шугамд холбогдсон тохиолдолд татварын төлбөрийг нэмэгдүүлнэ.

Угаалгын өрөө нэмэх

Унтлагын өрөөнүүдийн нэгэн адил угаалгын өрөөгөө нэмбэл татвар нэмэгдэх магадлалтай. Одоо байгаа угаалгын өрөөгөө шинэчлэх нь ч татвар нэмэгдүүлэх боломжтой, учир нь үнэлгээ хийхдээ сантехникийн хэрэгслийн тоог ихэвчлэн харгалзан үздэг - суултуур, угаалтуур, шүршүүр, ванн гэх мэт. Энгийн угаалгын өрөөг тансаг хэрэгслээр тоноглож, шинээр угаалгын өрөө нэмээгүй байсан ч татвар нэмэгддэг.

Усан сан суурилуулах

Газрын түвшгээс доор усан сан нь, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлдэг, учир нь: a) энэ нь тодорхой сайжруулалт бөгөөд ихэвчлэн үнэ цэнийг нэмэгдүүлдэг. б) байшинг тансаг байдлын зэрэглэлд оруулдаг. Харин газар дээрх усан санг хувийн өмч гэж үзэх бөгөөд татварт нөлөөлөхгүй.

Террас эсвэл хайс нэмэх

Байшиндаа тавцан эсвэл хайс нэмж хийснээр орон зайг илүү тааламжтай, тухтай болгодог. Гэхдээ хэрэв, ерөнхийдөө шинэ гадаа талбай нь байшингийн боломжит зах зээлийн үнэ цэнийг өсгөх юм бол энэ нь татварыг нэмэгдүүлэхэд хүргэж болзошгүй юм. Хэмжээ, хамрах хүрээ, ашигласан материалиас шалтгаална.

Зоорийн давхарыг сайжруулах

Одоогийн татварын үнэлгээ нь, чийгтэй, харанхуй, ил хоолойгоор дүүрсэн зоорийн давхартай байшинд үндэслэн хийгдсэн бол түүнийг тохилог амралтын өрөө эсвэл зочны өрөө болгон хувиргасан тохиолдолд илүү өндөр татвар төлөхөд хүргэнэ. Тохижуулсан хонгил нь, ихэвчлэн байшингийн үнэ цэнийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын 70 орчим хувийн өгөөжтэй байдаг бөгөөд хэрэв хонгилын засварын ажилд дунджаар 32,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн бол, таны байшингийн үнэ ойролцоогоор 22,400 доллараар нэмэгдэж, таны татвар ч мөн нэмэгдэх болно.

Газрын сайжруулалт

Үл хөдлөх хөрөнгийн татварын гол ойлголт бол сайжруулалт юм. Нэгэн цагт байшин хоосон газар байсан. Хэн нэгэн үүнийг цэвэрлэж, инженерийн шугам сүлжээ (ариутгах татуурга, ус, цахилгаан) суурилуулж, суурийг цутгаж, байшин барьсан. Эдгээр бүх үйлдлүүд нь газрын үнэ цэнийг өсгөсөн бөгөөд засвар, нэмэлт өөрчлөлт хийх бүрт энэ үйл явц үргэлжилсээр байдаг.

Гэхдээ энэ нь зөвхөн байшинд хамаарахгүй, мөн эд хөрөнгийг сайжруулж болно. Жишээ нь:

  • Хашаа барих
  • Хайрга, шороон зам, асфальт тавих, хучилт хийх
  • Ус зайлуулах эсвэл усалгааны системийг нэмэх
  • Сайжруулалт, ландшафтын дизайн
  • Гадна гэрэлтүүлэг суурилуулах
  • Талбайн төлөвлөлт
  • Явган хүний ​​зам тавих

Эдгээр бүх төслүүд нь газрыг сайжруулж, үнэ цэнийг нь нэмэгдүүлж, татварыг ихээхэн нэмэгдүүлэхэд хүргэдэг.

Камин зуух барих

Камин нь байшинг илүү тохь тухтай, дулаахан болгодог бөгөөд үүний зэрэгцээ илүү үнэ цэнэтэй болгодог. Зуух нь ерөнхийдөө тансаг хэрэглээ гэж тооцогддог (хэрэв халаалтын гол эх үүсвэр биш бол) бөгөөд каминтай байшин нь, ижил төстэй байшингуудаас 13 орчим хувиар илүү зарагддаг. Тиймээс, татварын дахин үнэлгээнд тусгагдах боломжтой гэж үзэж болно.

Дээрх шалтгаануудтай холбоотой, засвар хийж эхлэхээсээ өмнө, холбогдох газруудад хандаж лавлах хэрэгтэй

Хэрэв та орон сууцны засвар, нэмэлт болон бусад сайжруулалт хийхээр төлөвлөж байгаа бол, энэ нь таны татварт хэрхэн нөлөөлөх талаар наад зах нь ойролцоогоор төсөөлөх хамгийн хялбар арга бол, ажил эхлэхийн өмнө орон нутгийн татварын алба руу залгах хэрэгтэй. Тэд танд яг тодорхой хэмжээг хэлж чадахгүй ч, татварын нэмэгдэлд орох эсэхийг болон хэр нэмэгдэх талаар ерөнхий ойлголт өгөх боломжтой.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.