АНУ-ын Дээд шүүх, Трампын Америкад төрсөн хүүхдүүдийн иргэншлийг хязгаарлах зарлигийг хүчингүй болголоо

АНУ-ын Дээд шүүх, Трампын Америкад төрсөн хүүхдүүдийн иргэншлийг хязгаарлах зарлигийг хүчингүй болголоо
АНУ-ын Дээд шүүх 2026 оны 6-р сарын 30-нд, Ерөнхийлөгч Дональд Трампын Америкад төрсөн хүүхдүүдийн иргэншлийг хязгаарлах тухай зарлигийг хүчингүй болгож, өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Ингэснээр Трампын цагаачлалын бодлогын хамгийн чухал санаачилгуудын нэг хэрэгжих боломжгүй болсон гэж CBS мэдээлэв.
Трампын зарлиг нь, заагдсан хугацаанаас өмнө төрсөн хүүхдүүдэд хамаарахгүй байсан бөгөөд дараах хүүхдүүдэд АНУ-ын иргэншил олгохоос татгалзахаар тусгасан байв.
- АНУ-д хууль бусаар оршин суугаа эцэг эхээс төрсөн хүүхдүүд;
- эсвэл ажил, оюутны зэрэг түр визээр хууль ёсоор байгаа боловч байнгын оршин суух эрхгүй эцэг эхийн хүүхдүүд.
Шүүх энэ шийдвэрийг 6:3 саналын харьцаагаар шийдвэрлэжээ. Энэ шийдвэр нь, 2026 онд Дээд шүүх Трампын томоохон бодлогын санаачилгыг хүчингүй болгосон хоёр дахь тохиолдол болж байна. Үүнээс өмнө шүүх, түүний дэлхийн худалдааны өндөр тарифын бодлогыг хүчингүй болгож байсан юм.
АНУ-ын Үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлт өөрчлөлт нь, 1866 онд батлагдаж, Иргэний дайны дараа хүчин төгөлдөр болсон бөгөөд АНУ-ын нутаг дэвсгэрт төрсөн бараг бүх хүүхдэд иргэншил олгох эрхийг баталгаажуулдаг. Зөвхөн дараах цөөн тохиолдолд энэ эрх үйлчлилдэггүй байв.
- гадаадын дипломат ажилтны хүүхэд;
- дайсны эзлэн түрэмгийлэгч хүчний төлөөлөгчдийн хүүхэд.
Трамп өнгөрсөн жил албан тушаалдаа эргэн орсон эхний өдөрөө, энэхүү зарлигт гарын үсэг зурсан бөгөөд үүнийг цагаачлалын бодлогыг чангатгах багц арга хэмжээний нэг хэсэг болгосон юм.
2026 оны 4-р сарын 1-нд тэрээр уг хэргийн Дээд шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн биеэр оролцсон нь, АНУ-ын түүхэнд шүүхийн хуралдаанд оролцсон анхны Ерөнхийлөгч болсон юм.
Шүүхийн шийдвэр гарсны дараа Трамп олон нийтийн сүлжээнд, "Энэ бол манай улсын хувьд муу шийдвэр. Гэхдээ Конгресс Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр шинэ хууль баталснаар үүнийг амархан засаж болно." хэмээн бичжээ.
Тэрээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж, Конгресс төрөлхийн иргэншлийг зогсоох хууль яаралтай боловсруулахыг уриалсан байна.
Харин Democracy Defenders Fund байгууллагын ахлах хуульч Тэрин Уилгус Налл, Трампын тайлбарыг "шийдвэрийн мөн чанарыг буруу ойлгосон" гэж мэдэгдэв. Тэрээр, Дээд шүүхийн шийдвэр нь, Трампын зарлиг Үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлт өөрчлөлтийг зөрчиж байна гэж тогтоосон. Хэрэв энэ тогтолцоог өөрчлөхийг хүсвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай, "АНУ-д төрсөн нь, өөрөө биднийг бий болгож, нэг нь болгодог. Энэ бол Америкийн үнэт зүйлсийн хамгийн сайхан илэрхийлэл." гэсэн юм.
128 жилийн өмнөх шүүхийн жишгийг баталгаажуулав
1898 оны "АНУ-ын эсрэг Вонг Ким Арк" хэргийн шийдвэрийг иш татсан бөгөөд уг шийдвэрээр АНУ-д төрсөн хүүхэд, эцэг эхийн иргэншлээс үл хамааран Америкийн иргэн болох эрхтэй гэж тогтоосон байдаг.
Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Жон Робертс үндсэн шийдвэртээ, Сүүлийн 128 жилийн турш бид энэ зарчмыг баримталж ирсэн бөгөөд өнөөдөр үүнээс няцах ямар ч үндэслэл олж харахгүй байна. Трампын засаг захиргаа Үндсэн хуулийн заалтыг өөрөөр тайлбарлах хангалттай нотолгоо гаргаж чадаагүй гэж бичжээ.
Хэрэв Трампын зарлиг хэрэгжсэн бол, шүүмжлэгчдийн тооцоолсноор жил бүр АНУ-д төрдөг ойролцоогоор 250 мянган хүүхэд иргэншилгүй болох эрсдэлтэй байжээ.
Орон нутгийн удирдлагууд шүүхэд гаргасан саналдаа ийм хүүхдүүд:
- харьяалалгүй болох,
- ялгаварлан гадуурхалтад өртөх,
- эрүүл мэндийн үйлчилгээ болон төрийн үндсэн үйлчилгээнд хамрагдах боломж нь хязгаарлагдах эрсдэлтэй гэж анхааруулсан байна.
"Төрөх аялал"-тай тэмцэх ажиллагаа үргэлжилнэ
Хэргийг хэлэлцэх үеэр АНУ-ын Засгийн газрын өмгөөлөгч Д. Жон Сауэр, америкад төрсөн хүүхдүүд иргэн болдог тогтолцоо нь, "төрөх аялал" (birth tourism) гэх салбарыг бий болгосон. Олон мянган гадаадын иргэн, тэр дундаа АНУ-д дайсагнаж болзошгүй орнуудаас жирэмсэн эмэгтэйчүүд хүүхдээ Америкийн иргэн болгохын тулд тус улсад ирдэг гэж мэдэгджээ.
Гэвч энэ үзэгдлийн бодит хэмжээний талаар асуухад тэрээр тодорхой статистик байхгүй, голдуу хэвлэл мэдээллийн мэдээнд тулгуурлаж байгаагаа хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүхийн шийдвэр гарснаас хэдхэн цагийн дараа АНУ-ын Хууль зүйн яам, прокуроруудад "төрөх аялал"-тай холбоотой визний луйвар, мөнгө угаалт, цахим залилан болон хувийн мэдээлэл хулгайлах зэрэг гэмт хэргийг нэн тэргүүнд шалгах үүрэг өгсөн байна.
Цагаачлалын бодлого үргэлжлэн чангарч байна
Их Британи, Австрали зэрэг олон улс, АНУ шиг улсдаа төрсөн хүүхдүүдэд иргэншлийг автоматаар олгодоггүй.
Трампын засаг захиргаа энэ санаачилгаа хууль ёсны цагаачлал болон орогнолын бодлогыг чангатгах арга хэмжээнүүдтэй зэрэгцүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд сүүлийн үед албадан гаргах ажиллагааг өмнөх Ардчилсан болон Бүгд Найрамдах засаг захиргаанаас илүү өргөн хүрээнд явуулж байгаа юм.
Мөн АНУ-ын Хүн амын товчооны мэдээлснээр, өнгөрсөн онд олон улсын шилжилт хөдөлгөөн түүхэн доод түвшинд хүрсний улмаас тус улсын хүн амын өсөлт COVID-19 цар тахлын эхэн үеэс хойших хамгийн бага түвшний нэг болсон байна.








