Ерөнхийлөгч Байден, Хууль зүйн яамнаас гаргасан тайлангийн дараа ч, танин мэдэхүйн шалгалт өгөхгүй. Уг баримт бичигт төрийн тэргүүний "ой санамж муу" байгааг онцлон тэмдэглэж, сонгогчид тус улсын нэгдүгээр хүний оюун ухааны чадавхитай холбоотой ноцтой санаа зовниж буй талаар NewYorkPost мэдээлэв.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер, Байдены эмч, доктор Кевин О'Коннорын мэдээлэлд үндэслэн 2-р сарын 12-нд, "Ерөнхийлөгч, дэлхийн удирдагчидтай харилцах болон Америкийн ард түмний нэрийн өмнөөс хүнд хэцүү дотоод нөхцөлүүд, үндэсний аюулгүй байдалтай холбоотой шийдвэр гаргахдаа, сэтгэл зүй, бие, мах бодын хувьд маш сайн байгаа гэдгээ өдөр бүрийн ажил дээрээ нотолж байна" гэж мэдэгдсэн байна.Тэрээр, 81 настай Байденыг 2009 оноос хойш мэддэг, тэр одоо ч "овсгоотой" хэвээр байгаа гэжээ. Харин эмч О'Коннор, өнгөрсөн жил Байденаар танин мэдэхүйн ямар ч шалгалт өгүүлээгүй. Мөн ерөнхийлөгчийн эрүүл мэндийн талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй бөгөөд эрүүл мэндийн үзлэгийг энэ сард хийхээр төлөвлөжээ. Хэвлэл мэдээллийнхэн эмчтэй ярилцахыг зөвшөөрөх эсэх нь шийдэгдээгүй байна.
Прокурор Роберт Гурын, тангарагтны шүүгчид Байденыг "ой тогтоолт, сэтгэцийн эрүүл мэнд муутай, аятайхан, сайн санаатай өндөр настан" гэж үзэх магадлалтай тул, прокурорууд, ерөнхийлөгчийг нууц материалыг "санаатайгаар" нуусан гэж буруутгаж болохгүй байдал илэрсэн гэсэн хоёрдугаар сарын 8-ны илтгэлийн дараа энэ маргаантай асуудал улам хурцадсан ажээ.
Байдены гаргасан хачирхалтай үйлдлүүд:
Байден, Иорданы хаан II Абдуллатай уулзалт хийх үеэрээ самуурсан байдалтай харагдаж байв. Тэд Газын зурваст цаашид хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, Израиль болон Хамас хоорондын дайныг зогсоох амлалтаа дахин нотолсон илтгэлиийнхээ үед дараах хачирхалтай үйлдэл гаргасан бөгөөд тэрээр, "Эрхэмсэг ноёнтон, таны үг" гэж хаанд хэлснийхээ дараа, ямар ч зорилгогүй араар нь, зогсох газар хайж байгаа мэт шал руу харан алхаж байснаа хааны зүүн талд Иорданы далбааны өмнө зогссон ажээ. Нийгмийн сүлжээний хэрэглэгчид энэ үйлдэл дээр хоёр хуваагдаж, зарим нь Цагаан ордныг "ахмад хүнийг хүчирхийлэлд өртүүлж, ерөнхийлөгчийн танин мэдэхүйн бууралтыг нуун дарагдуулж байна" гэж буруутгаж байсан бол зарим нь Байденыг "камерын объективын шалан дээрх тэмдэгийг хайсан байх" гэж үзжээ.
ABC News/Ipsos сувгаас 2-р сарын 11-нд гаргасан санал асуулгын дүнгээс харахад, АНУ-ын насанд хүрэгчдийн 86% нь Байденыг дахин ерөнхийлөгчөөр ажиллахад дэндүү хөгшин гэж үзэж байгаа бол, 62% нь 77 настай Дональд Трампыг хоёр дахь удаагаа сонгогдоход хэтэрхий хөгшин гэж хариулжээ. Харин 9-р сард ABC News/Washington Post сувгийн явуулсан санал асуулгаар, америкчуудын 74% нь ерөнхийлөгчийг дахин сонгуульд нэр дэвшихэд хэтэрхий хөгшин байна гэж үзэж байсан бол, 49% нь Трампын талаар мөн адил гэж хариулж байжээ.
2020 онд Трамп, танин мэдэхүйн тестийг "онц" өгсөн гэж сайрхаж байсан юм. Тэрээр, Fox News-ийн хөтлөгч Шон Ханнитид, "Байден танин мэдэхүйн тестийг давж чадахгүй тул ганц ч удаа танин мэдэхүйн шалгалт өгөөгүй. Харин би шалгалтанд тэнцсэн, тэр ч мөн адил шалгалт өгөх ёстой. Зүгээр стандарт тест шүү дээ. Би Уолтер Ридийн эрүүл мэндийн төвд амжилттай өгсөн, үр дүнг нь эмч нар маш их гайхаж хүлээж авч байсан." гэж ярьсан бөгөөд 2024 оны арванхоёрдугаар сард Айова мужид болсон сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Трамп, Байдены тест өгөөгүйг дахин сөхөж, Ардчилсан намын одоогийн Ерөнхийлөгчийг танин мэдэхүйн шалгалтыг "хүчээр өгүүлэх" ёстой. Би танин мэдэхүйн шалгалтаа өгч, амжилттай тэнцсэн гэж хэлсэн үгэндээ зарлаж байв.