Аризонад 2025 оны намар нээхээр төлөвлөж буй шинэ онлайн чартер сургуулийн сургалтад хиймэл оюун ухаан гол байр суурь эзэлнэ. Энэ сургуульд багш нар шууд хичээл заахгүй, харин зөвлөгчөөр ажиллана гэж "Education Week" мэдээлжээ.
Unbound Academy нь өнгөрсөн сард, улсын сургуулиудын зөвлөлөөс зөвшөөрөгдсөн бөгөөд нэгдүгээр сард элсэлт авч эхэлнэ. Суурь хичээлүүдийг заахдаа хиймэл оюун ухааныг ашиглахад чиглэх тус сургуулийн загвар нь, боловсролын байгууллагуудад технологийн хэрэглээ тасралтгүй хөгжиж байгааг харуулж байна.
Хиймэл оюун ухааны технологи өргөн тархах тусам сургуулиуд, багш нарыг солихгүйгээр сургалтын үйл явцыг сайжруулах, ачааллыг бууруулахад хэрхэн ашиглах талаар хэлэлцүүлэг, маргаан эрчимжиж байна. Харин АНУ-ын хамгийн том хоёр багш нарын үйлдвэрчний эвлэл, хичээлд хиймэл оюун ухааны хэрэглээг хязгаарлах удирдамжийг аль хэдийн боловсруулж эхлээд байна.
"Хүний хүчин зүйлийг үгүйсгэх аргагүй"
Сургуулийг үүсгэн байгуулагчдын үзэж байгаагаар, багш нар боловсролын үйл явцын чухал хэсэг хэвээр байна. Гэсэн ч хиймэл оюун ухааныг хамтрагч болгон ашиглах асуудал, сургуулиудад хэрэгжих ирээдүйн чиг хандлага гэж Баруун хойд их сургуулийн компьютер, боловсролын шинжлэх ухааны дэд профессор Марсело Ворсли ярьжээ.
Сурах шинэ хандлага
Unbound Academy, эхний жилдээ 200 орчим сурагч элсүүлэхээр төлөвлөж, эхний шатанд 4-8-р ангийн сурагчдыг сургалтад хамруулна. Гэхдээ сургуулийн удирдлагууд энэ хөтөлбөрийг цэцэрлэг, бага ангид (K-3) хүртэл өргөжүүлнэ гэж найдаж байгаа юм.
Хөтөлбөр нь Техас, Флоридагийн хувийн сургуулиудтай холбоотой, гэхдээ Аризона дах нээлт улсын боловсролын салбарт орох анхны оролдлого бөгөөд уг загвар нь, боловсролын үйл явцад хиймэл оюун ухааныг ашиглахад чиглэнэ. Сурагчид, хичээлийн өдрийн эхний хоёр цагт математик, унших, шинжлэх ухаан зэрэг хичээлүүд дээр өөрсдөө ажиллах бөгөөд AI нь сурагч бүрийн түвшинг тодорхойлж, ахисан түвшний сурагчидад илүү төвөгтэй хичээл, хоцрогдолтой сурагчидынхыг хялбаршуулах маягаар зохицуулна. 5-р ангийн сурагч жишээлбэл, 8-р ангийн түвшинд уншиж болно, гэхдээ математикийн хичээлийг 3-р ангийн түвшинд сурч болно гэсэн үг..
Хичээлийн хөтөлбөрт IXL эсвэл Math Academy онлайн платформ зэрэг гуравдагч талын эх сурвалжуудыг ашиглахаас гадна, сурагчид хэрхэн сурч, хаана хоцорч байгааг хянах хиймэл оюун ухааны багш өөрийн программуудыг ашиглах болно.
Багш нарын үүрэг
Багш нар буюу "зөвлөгч" нь сурагчдын ахиц дэвшлийг хянах болно. Тэдний гол үүрэг бол дэмжих, урамшуулах байх болно гэж Unbound Academy-ийн үүсгэн байгуулагч Маккензи Прайс ярив. Тэрээр өдрийн сургалтын хэсэг нь хоёр цаг үргэлжилж, үлдсэн дөрвөн цаг нь хувийн төслүүдэд зориулагддаг 2 цагийн сургалтын хөтөлбөрийг үндэслэгч юм.
Маккензи Прайс, багш нарын хувьд урд ажиллаж байсан багшийн туршлага шаардлагагүй нэг багшид 33 сурагч оногдоно гэж NBC мэдээлжээ.
Үдээс хойш зөвлөхүүд, "амьдрах ухаан" хичээлийг удирдан явуулах бөгөөд сурагчид санхүүгийн мэдлэг, олон нийтийн өмнө илтгэх чадвар, зорилго тодорхойлох гэх мэт "бодит амьдралд хэрэгтэй практик мэдлэг"-д суралцах бөгөөд төсөл дээр ажиллах үеийн харилцаа холбоо болон багаар ажиллах, манлайлах чадварыг хөгжүүлэхэд туслах үүрэгтэй.
Сургуулиуд хиймэл оюун ухаанд оролцох хүсэлтэй байдаг
Баруун хойд их сургуулийн профессор Марсело Ворсли, “Хэдэн арван жилийн турш "ухаалаг сургалтын систем" бий болгох хөдөлгөөн өрнөж байна. Эдгээр системүүд нь, оюутнууд юу мэддэг, юу мэдэхгүй байгааг болон тухайн сэдвийг эзэмшсэн эсэхийг тодорхойлоход тусалдаг. Эхэндээ ийм загвар нь, хүний туршлага дээр тулгуурладаг байсан бол одоо технологи нь илүү дэвшилтэт болсон” гэж бичжээ.
Сүүлийн жилүүдэд зарим сургуулиуд багшийн хомсдолыг арилгахын тулд онлайн сургалтын хөтөлбөрийг ашиглаж, оюутнууд багшийн хяналтан дор программ хангамжаар сургаж байгаа. Хиймэл оюун ухаан нь, ийм загваруудыг илүү үр дүнтэй болгож чадна. Гэвч, багш нар болон тэдний үйлдвэрчний эвлэлийнхэн хиймэл оюун ухааныг боловсролын үйл явцад оролцуулахаас болгоомжилсоор байна. 2024 оны 7-р сард гаргасан удирдамждаа Үндэсний Боловсролын Ассоциаци нь, хиймэл оюун ухаан нь хүний харилцан үйлчлэлийг орлох ёсгүй гэж онцолсон. Америкийн багш нарын холбоо ч хувь хүний үүрэг чухал гэдгийг онцолж байна.