October
11
2024
Anu.mn
Мэдээ
Бүх хууль бус цагаачдыг АНУ-аас албадан гаргавал юу болох вэ?
Бүх хууль бус цагаачдыг АНУ-аас албадан гаргавал юу болох вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Бүх хууль бус цагаачдыг АНУ-аас албадан гаргавал юу болох вэ?
Photo: Zerbor | Dreamstime.com

Сүүлийн саруудад АНУ-ын зарим улстөрчид АНУ-аас хууль бус цагаачдыг бөөнөөр нь албадан гаргахыг уриалж байна. Үүнтэй адил уриалгууд эртнээс яригдаж байгаа ч биелэхгүй байгаа юм. Тухайлбал, 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Дональд Трамп, хууль бус цагаачдыг баривчлах “албадан гаргах хүч” байгуулна гэж амлаж байсан бөгөөд өнөөдөр ч, энэ асуудал улс төрийн хамгийн халуун сэдэв болсон хэвээр байна. Гэхдээ энэ нь Америкт үнэхээр ашигтай юу? Энэ асуудлыг Америкийн Цагаачлалын Зөвлөлийн тусгай тайланд задлан шинжилж танилцуулжээ.

Өнөөдөр олон улстөрч, албан тушаалтнууд цагаачдыг албадан гаргах сэдвийг уриалсаар байна. Жишээлбэл, АНУ-ын Цагаачлал, Гаалийн албаны (ICE) дарга асан Том Хоман, “Хэрвээ шонхоруудын засаг захиргаа эрх мэдэлдээ эргэн ирвэл “түүхэн албадан гаргах ажиллагаа”-г хийнэ гэж амлаж байгаа юм.Зарим төлөвлөгөөнд хууль бус цагаачдыг бөөнөөр нь баривчлах, баривчлах, албадан гаргах зорилготой нэг удаагийн томоохон ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа бол, зарим нь жилд нэг сая цагаачдыг албадан гаргах ажиллагаанаас эхлэхийг санал болгодог.

АНУ, дэлхийн түүхэн дэх хамгийн том албадан гаргах ажиллагааг яг яаж хийх, ямар зардал гарах асуудлыг тайланд тусгажээ.

Аймшигтай зардал

Хэрэв засгийн газар ойролцоогоор 11 сая хүнийг (2022 оны хууль бус цагаачдын тоо) албадан гаргавал АНУ-д ямар төсөв, эдийн засгийн зардал гарах вэ? Энэ тоон дээр 2023 оны 1-р сараас 2024 оны 4-р сар хүртэл АНУ-ын өмнөд хилийг хууль бусаар давж, АНУ-ын цагаачлалын шүүхийг хүлээж буй дор хаяж 2.3 сая хүнийг нэмж үзэхэд, маш өндөр зардалтай, боломжгүй нь харагдав. Эдгээр хоёр бүлэгт чиглэсэн нэг удаагийн бөөнөөр нь албадан гаргах ажиллагааны зардал нь дор хаяж 315 тэрбум доллар байх болно. Энэ тоонд бөөнөөр албадан гаргах урт хугацааны зардал, богино хугацаанд 13 сая гаруй хүнийг албадан гаргах ажиллагааг хүний ​​болон дэд бүтцийн нөөцөөр хангах тооцоолж баршгүй нэмэлт зардлыг тооцоогүй болно.

Нэгдүгээрт, энэ бүх хүмүүсийг анхлан хорихгүйгээр албадан гаргах ямар ч боломжгүй. Мөн 13 сая хүнийг хорих шорон байхгүй. 2022 онд АНУ-ын бүх хорих анги, шоронгуудад 1.9 сая хүн хоригдож байжээ.Хэрэв АНУ-аас хууль бус цагаачдыг хэсэгчлэн (жилд нэг сая) албадан гаргаж, тэдний 20% нь, ойр дотныхноо дагаж өөрсдөө гарлаа гэж үзэхэд, ийм ажиллагааны эцсийн зардал жилд дунджаар 88 тэрбум доллар,10 гаруй жилийн зардал 967.9 тэрбум доллар болно.АНУ-ын засгийн газар одоогийнхоос 24 дахин их цагаачлалын шорон барьж, хэргийг шаардлагатай хурдаар хянан шийдвэрлэхийн тулд 1000 гаруй цагаачлалын шүүхийг шинээр байгуулж, ажиллуулах шаардлагатай болно.Жилд нэг сая хүнийг баривчлахад шаардагдах хэдэн арван мянган төлөөлөгч хөлслөхөд шаардагдах нэмэлт зардал, ICE-ийн албадан гаргахад зориулагдах онгоцны тоог олшруулах зэрэгт шаардагдах нэмэлт хөрөнгө оруулалтыг тооцоолох боломжгүй юм.

Эдгээр зардлын цар хүрээг ойлгохын тулд хэд хэдэн тоог харьцуулжээ. Жилд 88 тэрбум долларын өртөгтэй сая хүнийг албадан гаргахад:

Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн жилийн төсвөөс бараг хоёр дахин их.

НАСА-гийн төсвөөс бараг дөрөв дахин их.

Дэлхий нийт хорт хавдрын судалгаанд жил бүр зарцуулж байгаагаас 18 дахин их байна.

Эдийн засагт аймшигтай цохилт болно.

Бөөнөөр албадан гаргах санхүүгийн шууд зардлаас гадна АНУ-ын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тооцох ёстой. Олон салбар ажилчдаа алдсаны улмаас, АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 4.2-6.8 хувиар буурна. Ингэснээр татварын орлого эрс багасна. Зөвхөн 2022 онд бичиг баримтгүй цагаач гэр бүлүүд холбооны татварт 46.8 тэрбум доллар, орон нутгийн татварт 29.3 тэрбум доллар төлжээ. Хууль бус цагаачид Нийгмийн даатгалд 22.6 тэрбум доллар, Medicare-д 5.7 тэрбум доллар төлсөн байна.

Бөөнөөр албадан гаргах нь ялангуяа барилга, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарт нөлөөлнө. Барилгын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн бараг 14 хувь нь бичиг баримтгүй байдаг. Барилга, хөдөө аж ахуйн салбар найман ажилчин тутмын нэгийг нь алдаж, харин зочид буудлын үйлчилгээний салбарт арван дөрвөн хүн тутмын нэгийг алдана. Бөөнөөр албадан гаргах нь дараахь зүйлийг алдахад хүргэнэ.

-Барилгын үндсэн мэргэжлээр ажилладаг ажилчдын 30 гаруй хувь

-Хөдөө аж ахуйн салбарын ажилчидын 28%;

-Цэвэрлэгээ, үйлчилгээний ажилчидын 25%.

Албадан гаргагдах хүмүүст нэг сая хууль бус цагаач бизнес эрхлэгчид орох бөгөөд тэд 2022 онд бизнесээсээ нийт 27.1 тэрбум долларын орлого олсон. Энэ нь эргээд нийгмийн салшгүй хэсэг болсноор, америкчуудыг ажлын байраар хангадаг компаниудын үйлчилгээнд саад учруулах болно. Бичиг баримтгүй бизнес эрхлэгчдийн 30 орчим хувь нь барилга, 18.7 хувь нь мэргэжлийн үйлчилгээ, 16.6 хувь нь ерөнхий үйлчилгээний салбарт ажиллаж байна.

Хэдийгээр бичиг баримтгүй цагаачид АНУ-ын хүн амын дөнгөж 3.3 хувийг бүрдүүлдэг ч тус улсын ажилтай ажиллах хүчний 4.6 хувийг эзэлж байна.Ажилгүйдлийн дундаж түвшин 4% -иас бага, АНУ-д төрсөн ажилчид хууль бус цагаачдын бүх ажлын байрыг дүүргэж чадахааргүй байв. Хамгийн гол нь хууль бус цагаачид ихэвчлэн мах эвдэх, аяга таваг угаах, зочид буудлын өрөө цэвэрлэх зэрэг олон америкчууд болон хууль ёсны цагаачдын авахаас татгалздаг ажлыг хийдэг гэж ажил олгогчид мэдэгджээ.

Бөөнөөр албадан гаргах ажиллагаа нь, өндөр мэргэшсэн ажилчдаа алдахад хүргэнэ. 1.7 сая орчим бичиг баримтгүй цагаачид бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байна. Нэмж дурдахад, 2022 онд 457,800 гаруй бичиг баримтгүй цагаач АНУ-ын коллеж, их дээд сургуулиудад элсэн суралцаж байгаа бөгөөд төгсөөд улс орны өндөр ур чадвартай ажилчдын хомсдолыг арилгахад туслахаар байна.

Бичиг баримтгүй ажилчдыг албадан гаргах нь үйлдвэрлэлийг сүйрүүлж, ажиллах хүчний хомсдолыг улам дордуулж, америк ажилчдыг ажлын байраа алдахад хүргэнэ. Жишээлбэл, барилгын ажилчдын хомсдол нь барилга барихад саад болж, тохижилт, тавилгын бизнесийнхэн хүртэл бизнесээ алдна. Тариан талбайн ажилчид байхгүй болсноор ачааны машинууд тээвэрлэх ачаа бараагүй, тариаланчид шинэ фермийн тоног төхөөрөмж худалдаж авах шаардлагагүй болно.

Хууль бус цагаачдыг бөөнөөр нь албадан гаргахыг дэмжигчид Америкийн ажилчдын цалинг нэмнэ гэж үзэж байна. Гэвч өмнөх эдийн засгийн судалгаанууд эсрэг зүйлсийг харуулж байна.Их хямралын эхэн үед 400,000 Мексикчүүд АНУ-ыг орхин явахад, ихэвчлэн АНУ-д төрсөн ажилчдын ажил эрхлэлт, цалин бага зэрэг буурч, ялангуяа дээд боловсролгүй ажилчидад хамгийн хүндээр тусч байв.

Макро эдийн засгийн нөлөө

Албадан гаргах шууд зардалтай зэрэгцэн татварын орлого алдагдахаас гадна, бүх хууль бус цагаачдыг албадан гаргаснаар худалдан авах чадвар буурч, зөвхөн 2022 онд 256.8 тэрбум доллар болж байв. Бөөнөөр нь албадан гаргах асуудал нь, АНУ-ын ДНБ-ий 4.2-6.8 хувь буюу 1.1-1.7 их наяд ам.долларын алдагдал хүлээх болно. Харьцуулбал, 2007-2009 оны Их хямралын үеэр АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 4.3 хувиар буурчээ.

Товчхон тодорхойлоход, бүх хууль бус цагаачдыг албадан гаргах нь дараахь зүйлсийг алдахад хүргэнэ.

Холбооны татварт 46.8 тэрбум ам.доллар

29.3 тэрбум ам.долларын улсын болон орон нутгийн татвар

22.6 тэрбум доллар Нийгмийн даатгал

5.7 тэрбум доллар Medicare

256.8 тэрбум ам.долларын худалдан авах чадвар

АНУ-ын ДНБ-ий 4.2% - 6.8%

Флоридагийн туршилт

Бөөнөөр албадан гаргасны үр дагавар Калифорниа, Техас, Флорида мужуудад хамгийн хүчтэй мэдрэгдэх магадлалтай бөгөөд тус улсын бичиг баримтгүй хүн амын бараг тал хувь нь амьдардаг. Хууль бус цагаачид Техасын нийт хүн амын 6.4 хувь, Калифорнид 5.5 хувь, Флоридагийн таван хувийг бүрдүүлдэг.

Флорида муж саяхан бичиг баримтгүй цагаачдад чиглэсэн хууль баталсан бөгөөд үүний үр дагавар нь түүнийг дэмжсэн хууль тогтоогчдыг хүртэл гайхшруулж, энэхүү цагаачлалын эсрэг хатуу арга хэмжээнүүд нь АНУ-ын иргэдэд санхүүгийн сөрөг нөлөө үзүүлэх нь гарцаагүй гэдгийг тодорхой харуулсан байна.

2023 оны 5-р сард Флорида мужийн захирагч Рон ДеСантис Төлөөлөгчдийн танхимын 1718 тоот хуулийн төсөлд гарын үсэг зурсан бөгөөд үүнд:

-25 ба түүнээс дээш ажилтантай хувийн бизнесүүд шинэ ажилчдыг баталгаажуулахын тулд холбооны E-Verify мэдээллийн санг ашиглахыг шаарддаг болсон;

-Хууль бус цагаачийг мужид суурьших, эсвэл хууль бус цагаач ажилд орохын тулд хуурамч үнэмлэх ашиглавал гэмт хэрэгт тооцох;

-Хууль бус цагаачдыг өөр мужид олгосон үнэмлэхээр Флорида мужид машин барихыг хориглох.

Хууль 2023 оны долдугаар сард хэрэгжиж эхлэхээс өмнө, хууль бус цагаачид муж улсыг орхиж эхэлжээ. Мужийн тариаланчид, барилгын ажилчид, зоогийн газар, зочид буудал болон бусад аж ахуйн нэгжүүд ажиллах хүчний хомсдолд орж, олон сарын турш гомдоллож байгаа бөгөөд бичиг баримтгүй гэр бүлийн гишүүддээ санаа зовсон хууль ёсны ажил эрхлэх зөвшөөрөлтэй хүмүүс ч нүүжээ. Бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орж, тариалангийн талбайд жимс жимсгэнэ ялзарч, зочид буудал, зоогийн газрууд ажилчдаа цомхотгож, "Ажилчид хэрэгтэй байна" гэсэн зарууд наасан. Түрээсийн орон сууц хоосорч, бизнес эрхлэгчид үйлчлүүлэгчдээ алдаж,. Walt Disney World хүртэл жүжигчид олоход бэрхшээлтэй тулгарсан. Өмнө нь уг хуулийг дэмжиж байсан мужийн хууль тогтоогчид өөрсдөө, цагаачдыг явахгүй байхыг олон нийтэд уриалсан байна.

Флоридагийн туршлагаар, хууль бус цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах нь муж улсууд болон эдийн засгийн салбарт ихээхэн нөлөө үзүүлэх нь харагдсан. Флоридад хууль бус цагаачдын эзлэх хувь ихэнх мужуудаас өндөр (улсын дундаж 3.3 хувьтай харьцуулахад таван хувь) байдаг. Энэхүү хууль бус цагаачдаас хамааралтай байдлыгердийн зүйлд тооцож болохгүй талаар тайланд дурджээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.