Хэдийгээр моргейж, зээлийн хүү өндөр байгаа ч шинэ үл хөдлөх хөрөнгө, орон сууц, байшингуудын үнэ буурч байгаа нь худалдан авагчидад илүү тааламжтай нөхцлийг бүрдүүлж байна.
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн шинэ мэдээллийг авч үзвэл шинээр, анх удаа орон гэр худалдан авах хүмүүст энэ үнэ буурч байгаа нь таатай нөхцөл болж байгаа бөгөөд шинэ орон сууцны худалдаа сүүлийн 6 жил гаруй хугацаан дах хамгийн доод түвшинд хүрсэн талаар U.S. Census Bureau-гаас мэдэгджээ. Мөн хуучин орон сууцны борлуулалтын хувьд үүнтэй адил удаашрал 6 сарын турш үргэлжилсэн хэвээр байгаа ба цар тахлын эхэн үеийн дараа орохоор доод түвшинд хүрчээ гэж the National Association of Realtors (NAR)-оос саяхан мэдэгдсэн байна.
Гэсэн хэдий ч дундаж хуучин орон сууцны үнэ нэг жилийн өмнөхөөс 10.8% -иар өсч, 7-р сард 403,800 доллар болжээ. Гэвч өмнөх сарын дээд үзүүлэлт болох 413,800 доллараас 10,000 доллараар буурсан гэж NAR мэдэгдэв.
Энэ нь 2021 оны 12-р сараас хойшхи анхны сараар буурсан явдал болж байна.
Үнийн бууралт нь ялангуяа Boise, Idaho; Salt Lake хот; болон Sacramento, California зэрэг тахлын улмаас орон сууц худалдан авалт ихэсч байсан газруудад илүү их байгаа талаар Redfin орон сууцны групп мэдээлсэн байна.
NAR-ын ахлах эдийн засагч Lawrence Yun, "Моргейжийн зээлийн хүү бараг 5% хүртэл буурсан тул орон сууцны борлуулалт удахгүй тогтворжиж, орон сууц худалдан авагчдын худалдан авах чадварыг нэмэгдүүлнэ" гэжээ.
Холбооны нөөцийн сан энэ онд үндсэн хүүгээ аажмаар нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаар моргейжийн зээлийн хүү өсөж, энэ нь зарим худалдан авагчдыг зах зээлээс хассан ч гэсэн үнэ хаялцалт дээр улайрч байсан эрин үеийг зогсоосон гэж Altos Research Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн мэдээллийн компанийн гүйцэтгэх захирал Mike Simonson өөрийн бодлоо хуваалцжээ.
Мөн тэрээр, "Өнөөгийн байдлаар худалдан авагчидын хувьд сайн мэдээ бол 6 сарын өмнөх үетэй харьцуулахад зах зээл дээр хамаагүй бага өрсөлдөөн байгаа юм.", "Тиймээс хэрэв танд таалагдсан, боломжийн үнэтэй байшин олдвол түүнийг худалдаж авахын тулд бусад 50 үнийн саналуудтай өрсөлдөнө гэж санаа зовох хэрэггүй." гэж тэр хэлэв.
Цар тахлын үед моргейжийн зээлийн хүү 3% орчим байснаас 5%-иас дээш болж өссөн нь зээлийн сарын төлбөрийг ойролцоогоор 500 доллараар нэмэгдүүлсэн гэж Mortgage Bankers Association-ы ахлах эдийн засагч, ахлах дэд ерөнхийлөгч Mike Fratantoni хэлэв.
Зээлийн хүү 6-р сард дээд цэгтээ хүрч, зах зээлийн өөрчлөлтийг эхлүүлсэн байна гэж тэр тооцоолжээ. Цаашилбал, түүний үзэж байгаагаар, “Өмнө нь үл хөдлөх хөрөнгө худалдаалагчид листний үнээсээ давуулсан үнээр хурдан борлуулалт хийдэг байсан зах зээлээс одоо байдал өөрчлөгдөж худалдан авагчидад илүү давуутай, сонголттой үе ирээд байна гэжээ. Яг одоо зах зээл дээр үл хөдлөх сонирхож байгаа хэн бүхний хувьд худалдан авалтын идэвхжил буурч байгаа нь таны хүссэн байшингаа алдах нь гэж санаа зовох шаардлагагүй гэсэн үг юм” гэж Fratantoni хэлэв.
"Өмнөх шиг худалдан авагчид хэдхэн цагийн дотор шийдвэр гаргах биш, харин санал тавих талаараа бодох нэлээд хэдэн өдрийн хугацаатай байх болно. Энэ нь гарцаагүй өөрчлөлт гарсныг харуулж байна" гэж тэр нэмж хэлжээ.
Эх сурвалж: nbcnews.com