Дональд Трампын холбоотон Ж.Д.Вэнс, бизнесмен Илон Маск нар, Гаитигийн цагаачид гэрийн тэжээвэр амьтдыг хулгайлж, иддэг гэсэн үндэслэлгүй мэдэгдлийг тарааж байна. Түүгээр ч барахгүй 9-р сарын 10-нд болсон мэтгэлцээний үеэр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Трамп мөн ийм мэдэгдэл хийсэн (доорх видео) гэж Documented бичжээ.
Энэ долоо хоногт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр АНУ-д гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтдыг хулгайлж, иддэг гэж Гаитигийн цагаачид руу чиглэсэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан, харийнхныг үзэн ядсан мессежүүдийг MAGA (Америкийг дахин агуу болгох) хөдөлгөөнийхөн цацаж байна.
Трампын хамтрагч Вэнс, "Гайтигийн хууль бус цагаачид нийгмийн үйлчилгээг хүндрүүлж, ерөнхийдөө Охайо мужийн Спрингфилд даяар эмх замбараагүй байдал үүсгэж байна. Энэ улсад байх ёсгүй хүмүүс хотын оршин суугчидын гэрийн тэжээвэр амьтдыг хулгайлж, идэж байгааг тайлан харуулж байна." гэсэн мэдээлэл тавьсан бол, X компанийн эзэн Элон Маск, Гаитигийн цагаачдыг цэцэрлэгт хүрээлэнгээс нугас барьж, идсэн гэж буруутгасан үндэслэл муутай сурталчилгааг хэд хэдэн нийтлэл, сэтгэгдлээр улам дэвэргэсэн нь, Гайтийн цагаачдыг каннибалист гэж буруутгасан, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан олон зуун сэтгэгдлүүдийг дагуулав.
Стив Бэнноны ойрын холбоотон, Бүгд найрамдах намын шинжээч Эндрю Сурабиан, Байдены засаг захиргаа 100,000 гаруй Гаити цагаачдын TPS статусыг сунгах талаар Камала Харристай ярилцаж буй бичлэгийг твиттер хуудсандаа нийтэлжээ. Тэрээр, "Гайтигийн, харьяат бус 20,000 иргэн Охайо хотыг сүйтгэж, мал амьтныг алж идэж байгаа талаархи мэдээллийг хилийн хаан" Камала Харрис үл ойшоон, манай улсыг эзлэхийг зөвшөөрч буй үйлдлээрээ сайрхаж байна" гэсэн бичлэгийг нь Элон Маск нийтэлснээр уг бичлэгийг 35 сая гаруй хүн үзсэн байна.
Үүний зэрэгцээ, MAGA-г дэмжигчид хиймэл оюун ухаанаар бүтээсэн зургууд, тэр дундаа "Трампад зориулсан муурнууд" гэсэн гарчигтай улаан MAGA малгай өмссөн муурнууд болон Трамп гэрийн тэжээвэр амьтан тэвэрсэн "Тэжээвэр амьтдаа аврахын тулд Трампад саналаа өгөөрэй" гэх мэтийн тайлбартай зургууд, мөн хамгийн их тархсан, Гаитичууд гэж үздэг олон хар арьст хүмүүс Трампыг хөөж, Трамп цагаан нугас дагуулан муур тэвэрчихсэн зугтаж байгаа зураг зэрэг гаитичуудыг доромжилсон зургууд олон нийтийн сүлжээгээр дүүрэн явж байна. Гэтэл, CBS News мэдээлснээр, Охайо мужийн албаны хүмүүс цагаачид гэрийн тэжээвэр амьтдыг хохироосон, алсан гэх ямар ч нотлох баримт байхгүй гэж мэдэгджээ.
Хэдийгээр эдгээр мэдэгдлийг олон нийт няцаасан ч, Дональд Трамп, Камала Харристай хийсэн мэтгэлцээнийхээүеэр, Гаитичууд гэж шууд хэлээгүй ч, "Спрингфилдэд тэд нохой иддэг. Ирсэн хүмүүс нь муур иддэг” гэж давтан хэлж байсан юм.
Haitian Bridge Alliance , "Бид энэ гүтгэлэгт дургүйцэж байна. Дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ж.Д.Вэнсийг улс даяар хар арьст иргэдийн эсрэг хэлсэн хүмүүнлэг бус үг хэллэгээ буцаахыг шаардаж байна” гэж фэйсбүүк хуудсандаа бичжээ.
Нью-Йорк мужийн Ассамблейн гишүүн Микаэль С.Солаж, ТикТок видео бичлэгтээ “Би бардам Гаити гаралтай Америк хүний хувьд, Бүгд найрамдах намынхан, хар арьст цагаачдыг доромжилсон, хар арьстнуудыг үзэн ядсан, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үг хэллэгээр байнга ярьж байгаад уурлаж, бухимдаж байна” гэжээ.
Гаитичууд гэрийн тэжээвэр амьтан иддэг тухай, мөн Трамп муур, нугасыг авардаг тухай мемүүд интернетээр дүүрч, Трамп ч өөрөө мем бичихээс хоцорсонгүй, AI-ийн бүтээсэн хэд хэдэн амьтдыг аварч байгаа эсвэл MAGA малгай өмсөж өөрсдийгөө аварч байгаа зургуудаа Truth Social дээр нийтэлжээ.
Трамп 2017 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгч болох үед, 50,000 гаруй Гаитичууд Түр хамгаалалтын статустай (TPS) байсныг 2017 оны арваннэгдүгээр сард уг хөтөлбөрийг хаасан. Харин Байдены засаг захиргаа 2023 онд Гаитичуудад зориулсан TPS-ийг сунгасан. Цагаачдыг дэмжигч бүлгүүд, Трампын ерөнхийлөгч байх нь TPS эзэмшигчдийн хувьд гамшигт үр дагаварт хүргэж болзошгүй гэж үзэж байгаа юм. 2018 онд Трамп Цагаан ордонд хоёр намын бүлгийн сенаторуудтай уулзах үеэрээ, Гаитиг "хогийн орон" гэж нэрлээд, “Бидэнд Гаитичууд ямар хэрэгтэй юм бэ? Тэднийг зайлуулах хэрэгтэй” гэж ярьж байсныг сайн мэддэг эх сурвалж, Вашингтон Пост сонинд ярьжээ.
9-р сарын 10-нд Гаитигийн Америкийн Ардчиллын сангаас, Вэнс болон Конгрессын хэд хэдэн удирдагчид,"Гайтигийн цагаачдыг орон гэргүй, өлсгөлөн түрэмгийлэгч хэмээн гутаан доромжилж, Охайочууд, тэр байтугай тэжээвэр амьтдад нь хүртэл аюул учруулдаг" хэмээн буруушаасан, үндэслэлгүй мэдээлэл гаргасныг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн мэдэгдэл гаргажээ.