Гурван мужийн эрх баригчид, Цагаачлал, гаалийн хяналтын газрын(ICE) агентууд гэж өөрсдийгөө нэрлэсэн сэжигтнүүдийг баривчилжээ. Тус агентлаг хууль бус цагаачдыг баривчлах томоохон хэмжээний ажиллагаа хийх үед ийм зүйл ихэвчлэн тохиолддог гэж CNN бичжээ.
Өмнөд Каролина мужид 33 настай Шон-Майкл Жонсон цагдаагийн ажилтны дүр эсгэж, хулгай дээрэм хийсэн хэргээр яллагдагчаар татагдаад байна. Түүнийг Чарлстон мужийн зам дээр хэсэг латин хүмүүсийг саатуулж, "өөрийгөө ICE-ийн төлөөлөгч гэж санаатайгаар хуурамчаар танилцуулан, тээврийн хэрэгсэлд саад учруулсан" гэж буруутгаж байгаа юм.
Хохирогчдын нэгнийх нь хийсэн бичлэгт, Жонсон машиныг нь зогсоож, жолоочоос түлхүүрийг нь авч, түүний ярианы хэллэгийг шоолж, нүүр рүү нь түлхүүрээ сэгсэрч, бас утсыг нь авахыг оролддог. Тэрээр, “Чи баригдсан! Мексикээс ирсэн үү? Мексик рүүгээ буцах болно! Миний дэргэд новшийн испани хэлээр битгий ярь " гэж буй нь харагддаг. Жонсоныг жижиг хулгай, танхайн хэргээр буруутгаж байгаа бөгөөд хоёрдугаар сарын 1-нд болсон шүүх хурал дээр олон нийтийн өмгөөлөгч нь, Жонсоныг хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байгааг мэдэгдэв.
2-р сарын 5-ны Лхагва гарагт ICE-ийн хэвлэлийн төлөөлөгч, “Ийм үйлдэл хийсэн хуурамч этгээдүүд холбооны болон орон нутгийн эрүүгийн хариуцлага хүлээх болно. АНУ-ын Цагаачлалын алба, Гаалийн албаны ажилтнууд болон агентууд бол хууль сахиулах, Америкийн ард түмнийг хамгаалах, Америкийн үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах тангараг өргөсөн өндөр боловсролтой, үнэнч мэргэшсэн хүмүүс. ICE-н төлөөлөгчдийн дүр эсгэсэн асуудлыг эрс буруушааж байна." гэж мэдэгдэв.
АНУ-ын испаничууд яг одоо маш эмзэг байдалд байна
Чарлстоны Испанийн нийгэмлэгийг үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Энрике Грейс, өөрийн нутаг нэгтнүүдээ үндэстэн ястны хувьд дарамтлах тохиолдол элбэг байгааг тэмдэглээд, “Латин Америкчуудыг хавчиж байгаа хэргийн талаар бид байнга сонсдог. Энэ нь өдөр бүр тохиолддог. Би үүнийг ганц удаагийн хэрэг биш гэж бодож байна"гэсэн байна.
Siembra NC-ийн хамтран захирал Никки Марин Баена,“Цагаачид үргэлж луйварчдын бай байсаар ирсэн. Гэмт бүлгийн хүмүүс ICE агентуудыг хаа сайгүй харж байгаа нь хамгийн муу зүйл юм." гэжээ. Мөн Филадельфи хотод, цагдаа нар Темпл их сургуулийн оюутныг хууран мэхлэсний төлөө баривчилж, буруутгаж байна. Тэрээр оюутны хотхонд, гурвуулаа нийлж ICE-н ажилтан, цагдаагийн офицерын дүрд хувиран хоёрдугаар сарын 1-ний орой “Цагдаа”, “ICE” гэсэн бичигтэй цамц өмсөн оюутны хотхоны дотуур байранд орохыг завдах үед, тэднийг дотуур байрнаас хөөхөд, тэд нутгийн уушийн газруудын нэгэнд очиж асуудал үүсгэсэн бөгөөд 22 настай Айдан Стигельманыг баривчилжээ. Түүнийг сургуулиас нь түр хугацаагаар хассан гэж их сургуулийнхан мэдэгджээ. Харин өөр хоёр сэжигтэн цайвар өнгийн жийп машинтай хэргийн газраас зугтсан гэж Филадельфи хотын цагдаагийн газрын мэдээлсэн байна.
Хойд Каролина мужид нэгэн хүчирхийлэгч, цагаач эмэгтэйг албадан гаргана гэж сүрдүүлсэн хэрэг гарчээ. Хойд Каролинагийн Роли хотод 37 настай Карл Томас Беннетт гэгч, ICE-ийн ажилтан хэмээн ICE лого бүхий нэрийн хуудас үзүүлж, эмэгтэй хүнийг бэлгийн харьцаанд орохгүй бол албадан гаргана гэж сүрдүүлэн улмаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.
Эрнандес Ривера, Трампын засаг захиргааны цагаачлалын бодлого нь бүх нийгэмд айдас төрүүлж, олон нийтийн аюулгүй байдалд заналхийлж байна. Цагаан ордны бодлого нь улс орон даяар цагаачдын нийгэмлэгт төдийгүй, нийгэмд бүхэлд нь нөлөөлж байгааг харуулж байна гэж бичжээ.