September
9
2023
Anu.mn
Мэдээ
Даатгалын компаниуд, байгалийн гамшигт тохиолдлууд хэт олширсон учираас Флоридад ажиллахаа ...
Даатгалын компаниуд, байгалийн гамшигт тохиолдлууд хэт олширсон учираас Флоридад ажиллахаас татгалзаж байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Даатгалын компаниуд, байгалийн гамшигт тохиолдлууд хэт олширсон учираас Флоридад ажиллахаас татгалзаж байна
Photo: IStock

Флорида мужийн оршин суугчид, цаг агаарын эрс тэрс, тогтворгүй байдлыг тооцон байр байшингаа даатгуулдаг байна. Харин уур амьсгалын өөрчлөлтөөс болж, АНУ-д ган гачиг, үер, хар салхи, хар салхины давтамжийн ойртолттой холбоотой байгалийн гамшгууд нүүрлэж, ялангуяа Флоридачууд болон мужийн даатгалын компаниудын өмнө ноцтой асуудал тулгарч байна гэж NewsWeek мэдээлэв.

Флорида муж, хэд хэдэн шинжээчдийн үзэж байгаагаар "даатгалгүй" болж байна. Мөн ойрын ирээдүйд бусад мужууд, ялангуяа Калифорниа ч үүнийг давтаж магадгүй байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд, 15 орчим томоохон даатгалын компани, тэр дундаа Farmers компани, Флорида мужийг орхих хүсэлтэй байгаагаа мэдэгдэж, үүнийгээ цаг агаарын эрс тэс үзэгдэл хэт ихэсч, тус мужийн эрсдэл нэмэгдсэнтэй холбон тайлбарлажээ. 

Флорида мужийн их сургуулийн эрсдэлийн удирдлага, даатгалын хэлтсийн дарга Чарльз Найс, "Флорида мужид өрнөж буй энэ байдал эртнээс мэдрэгдэж байсан. Анх 1992 онд Флоридагийн зүүн өмнөд хэсгийг Эндрю хар салхи дайрах үед, даатгалын салбарт учирсан гамшгийн эрсдэл жинхэнэ сэрэмжлүүлэг болсон. Эндрю хар салхи 16-20 тэрбум долларын хохирол учруулж байв. Мөн 2004-2005 онд болсон долоон том хар салхи нийтдээ 35 тэрбум долларын хохирол учруулсан. 2016 оноос хойш Флорида мужийг дайрах шуурганы тоо нэмэгдсээр байна. Гэхдээ зөвхөн цаг уурын өөрчлөлт тус мужийг өнөөгийн хямралд хүргээгүй. Флорида мужид луйврын асуудал маш өндөр. АНУ-ын орон сууцны даатгалын зах зээлийн 7 хувийг тус мужийн орон сууц эзэмшигчид эзэлдэг. Гэтэл орон сууц өмчлөгчидийн шүүхийн нийт маргааны 75 хувийг эзэлдэгээс харагддаг. Эдгээр хоёр асуудалтай холбоотойгоор 2022 онд зургаан даатгалын компани дампуурсан юм. Даатгалын компаниуд бол хувийн аж ахуйн нэгж, тэд мөнгө олохын тулд бизнес эрхэлдэг. Флоридад олох ашгийн эрсдэл нь хэт өндөр гэсэн тооцоо гараад байна" гэж ярьсан байна.

Флоридагийн Санхүүгийн үйлчилгээний газрын вэбсайтад, Флоридагийн зах зээлээс гарах шатандаа байгаа даатгалын 14 компанийг нийтэлжээ.

  • Америкийн Capital Assurance Corporation
  • "Аватар" өмч хөрөнгө, ослын даатгалын компани
  • FedNat даатгалын компани
  • Флоридагийн тусгай даатгалын компани
  • Баталгаат даатгалын компани
  • Gulfstream үл хөдлөх хөрөнгийн болон ослын даатгалын компани
  • Physicians United Plan, Inc.
  • Southern Fidelity Insurance Company
  • St. Johns Insurance Company, Inc.
  • Эд хөрөнгийн болон ослын даатгалын нэгдсэн компани
  • Universal Health Care Insurance Company, Inc.
  • Universal Health Care Inc.
  • Weston Property & Casualty Insurance Company
  • Windhaven даатгалын компани

Gallagher Re-ийн мэдээлснээр, 2000 оноос хойш АНУ-ын даатгалын хохирол жилд дунджаар 6 хувиар инфляциас давсан бөгөөд 1990-ээд онд тус улс жилд дунджаар 23 тэрбум ам.долларын даатгалын хохирол амсдаг байсан бол, одоо өсч жилд 70 тэрбум ам.долларт хүрчээ.

Resources for the Future компанийн эдийн засагч, судлаач Янжун Ляо, “Шуурга, хар салхины давтамж нэмэгдэж болзошгүй гэсэн шалтгаанаар, орон сууцны урт хугацааны үнэлгээ хийх нь даатгалынханд маш хэцүү. Гамшигт үзэгдлүүдтэй холбоотой эрсдлүүдийг хэмжих талаар бүрэн ойлголт байхгүй. Загварчлалын шинэ аргууд бий, гэхдээ тааварлашгүй их хохирол учирч болно. Энэ нь, даатгалын олон төрлийн хохирлууд, мөн даатгалын нөхөн төлбөрийг нэгэн зэрэг үүсгэж болно гэсэн үг. Санхүүгийн хувьд үүнийг хийхэд маш хэцүү бөгөөд энэ нь тэдэнд маш их үнэтэй тусна. Ийм учраас Флорида, Калифорни зэрэг мужууд даатгалгүй болж байна. Ой хээрийн түймэр, хар салхи, далайн усны түвшин нэмэгдэх нь ерөнхийдөө даатгагдах боломжгүй эрсдэл гэж тооцогддог. Даатгагчид, цаг агаарын эрс тэс үзэгдэл өндөртэй, хамгийн их эрсдэлтэй газруудад даатгал хийхээс татгалзаад эхэлчихсэн, энэ нь орон сууцны эздэд ноцтой үр дагавар учруулж болзошгүй юм. Эдгээр бүс нутагт орон сууц худалдан авах хүмүүсийн хувьд, хэрэв тэд ипотекийн зээл авахыг хүсвэл даатгалд заавал хамрагдах шаардлагатай. Хэрэв чадахгүй бол тэд ипотекийн зээлээ авч чадахгүй болно. Мөн зарим байшингийн эзэд даатгалгүй амьдардаг болж байна. Энэ нь маш аюултай, учир нь шуурга, гал түймэрт өртөхөд, даатгалгүй бол маш их хохирол амсах болно. Харамсалтай нь, энэ бол маш нарийн төвөгтэй асуудал бөгөөд энгийн шийдэл байхгүй гэж би бодож байна. Аризона ой хээрийн түймэрт нэрвэгддэг ч, Калифорниа шиг хүн ам нь шигүү суурьшдаггүй тул хохирол нь харьцангуй бага тусдаг. Колорадо, Орегон мужууд ч ой хээрийн түймрийн аюулд өртөж байна. Улсын газар нутгийн дунд хэсгээр, газраас дээгүүр болдог ч, маш хүчтэй аадар бороо, мөндөр дагуулж маш их хохирол учруулдаг хар салхи олширсон нь харагдаж байна. Ирээдүйд даатгалын хямрал, улсын зүүн өмнөд нутгууд болон баруун дундадын дээд хэсэгт тархах магадлалтай. Уур амьсгал өөрчлөгдөхийн хэрээр цаг агаарын эрс тэс үзэгдэлд хамгийн өртөмтгий бүс нутгууд бас өөрчлөгдөж ч магадгүй. Аюулгүй гэж тооцогдож байсан газрууд аюулгүй байхаа больж, аюултай байсан газрууд аюулгүй болох магадлалтай. Луизиана мужид сүүлийн таван жилийн хугацаанд болсон хэд хэдэн томоохон хар салхи, хувь хүмүүсийн даатгалын зардлыг өсгөөд байна. Оклахома мужид аадар бороо олширсонтой холбоотой хохирлын хэмжээ ихээхэн нэмэгдэж, сүүлийн 10 жилд даатгалын зардал огцом өссөн. Эдгээр нь, 50 муж, улсын хэмжээнд тавигдах асуудал юм.” гэж анхааруулсан байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.