April
25
2025
Anu.mn
Мэдээ
Дэлхийн хамгийн өндөр тэнгэр баганадсан, хаягдсан арван барилга
Дэлхийн хамгийн өндөр тэнгэр баганадсан, хаягдсан арван барилга
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Дэлхийн хамгийн өндөр тэнгэр баганадсан, хаягдсан арван барилга
Photo: Depositphotos

Тэнгэр баганадсан барилгууд хотын өнгө үзэмжид ихээхэн хувь оруулж, хөгжилийг илэрхийлж байдаг. Гэтэл, эдгээр асар их хөрөнгөөр боссон, тэнгэр баганадсан өндөр барилгууд зарим шалтгаануудаар эвдэрч сүйрэх эсвэл дуусаагүй хэвээр үлдсэн хачирхалтай тохиолдлууд байдаг талаар Yahoo! Business Insider сайт бичжээ.

Өндөр барилга ба хотын амьдрах орчны зөвлөлийн (CTBUH) барилгын мэдээллийн сангийн ахлах менежер Шон Урсини, “20-р зууны дундуур АНУ-д олон хуучин барилгуудыг нураасан. Энэ нь тогтвортой байдлын үүднээс авч үзвэл хамгийн сайн сонголт биш байсан. Эдгээр барилгуудыг дахин ашиглах тал дээр илүү бүтээлч байх хэрэгтэй. CTBUH нь барилгын ажил дууссаны дараа барилга байгууламжийн ашиглалтыг хянадаггүй тул орхигдсон барилгуудын бүртгэл хөтөлдөггүй. Гэсэн хэдий ч тус байгууллага дэлхий даяар царцаасан олон барилгын төслүүдэд хяналт тавьдаг." гэж бичжээ.

Одоогоор хоосон буюу дуусаагүй байгаа дэлхийн хамгийн өндөр 10 тэнгэр баганадсан барилгууд.

Бейрут худалдааны төв, (140 метр) Бейрут хот

1975-1990 оны Ливаны иргэний дайны үеэр мэргэн буудагчид Бейрутын хэд хэдэн өндөр барилгад байрлаж, зочид буудлуудын хоорондын тулалдаан явуулж байсан . Бурж аль-Мурр буюу "гашуун цамхаг" гэгддэг 40 давхар Бейрут худалдааны төвийн барилгын ажил, дайн эхлэхээс ердөө нэг жилийн өмнө буюу 1974 онд эхэлсэн. 2004 онд "Executive Magazine" мэдээлэх үед 15 сая ам.долларын өртөгтэй барилгын ажил 70 хувьтай байсан бөгөөд тэнгэр баганадсан энэхүү барилга, албан тасалгаануудаас гадна нисдэг тэргээр нэвтрэх боломжтой кино театр, ресторан байхаар төлөвлөгдсөн байжээ. Архитектор Камилло Боано, хот төлөвлөгч Далиа Чабарек нар энэ барилгыг "устгахад хэцүү, сэргээхэд хэцүү дайны сорвитой олдвор” гэж тодорхойлсон байдаг.

Плаза цамхаг, Нью Орлеанс (162 метр)

Нью Орлеаны хамгийн өндөр тэнгэр баганадсан барилгуудын нэг Plaza Tower нь, 1960-аад онд баригдсанаасаахойш хэдэн арван жилийн турш аюул заналхийлэл болж байна. 15.5 сая ам.долларын өртөгтэй энэ барилга нь, орон сууц, оффисын зориулалтаар ашиглах зориулалттай байжээ. 2002 онд түрээслэгчид, тэр дундаа Орлеан хотын өмгөөлөгчид уг барилгад үүссэн хөгц, мөөгөнцөр тэднийг өвчлүүлж байна гэж гомдол гаргасан бөгөөд 2014 онд "Катрина" хар салхины дараа хөгц мөөгөнцөр, асбестын улмаас барилгад их засвар хийсэн гэж мэдээлж байсан. Гэвч асуудал үргэлжилсээр: 2021 онд фасадны хавтан барилгаас дугуйтай явж байсан хүн дээр унаж, 2022 онд гал гарч, 2023 онд нэг хүн барилгаас унаж нас баржээ. Плаза цамхагийг "Барилга олон нийтийн аюулгүй байдалд аюул учруулсан гэдгийг хотын захиргаа нотолсон" гэж үзжээ.

Энэ оны 1-р сард The ​​Times-Picayune сонинд мэдээлснээр эрх баригчид, барилгыг нураахаар бэлтгэж байгаа ч, одоогийн эзэмшигч нь худалдан авагч олдно гэж найдаж байгаа ажээ.

909 Chestnut Street, St. Louis (179 метр)

2022 онд Rosin Preservation нь One AT&T Center гэгддэг Chestnut Street 909 дахь барилгыг Түүхэн газруудын үндэсний бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн хүсэлт гаргасан. 1985 онд баригдсан энэ барилга муж улсдаа хамгийн өндөрт тооцогддог. AT&T 2017 онд түрээсийн гэрээгээ сунгаагүй бөгөөд арилжааны үл хөдлөх хөрөнгийн CoStar-ийн мэдээлснээр, барилга түүнээс хойш хоосон байна. 2024 онд Голдман групп энэ барилгыг 3.6 сая доллараар худалдаж авсан нь, 2006 оны үнийн дүнгээс (205 сая доллар) бага юм. Үл хөдлөх хөрөнгийн компани Fox2 1-р сард мэдээлснээр, уг барилгыг сэргээж, 600 айлын орон сууц, спортын талбай, кино театр барихаар төлөвлөж байна.

Sathorn Unique, Бангкок (185 метр)

Тайландын Сүнстэй цамхаг гэгддэг энэхүү сүрлэг тэнгэр баганадсан барилга нь 1990 онд баригдсан. 1997 онд Азийн санхүүгийн хямрал болоход 47 давхар барилгын ажил 80 хувьтай байжээ. Architectural Digest сэигүүл, 2023 онд тэнгэр баганадсан уг барилгын архитекторыг хилсээр аллагад буруутгаж, дараа нь цагаатгасан гэж мэдээлж байв. Дуусаагүй тансаг зэрэглэлийн энэхүү орон сууц эвдэрч сүйрсэн бөгөөд сониуч хүмүүс орж үзэх үедээ бэртэж гэмтдэг гэж үзэх болжээ.

Centro Financiero Confinanzas, Каракас, Венесуэл (190 метр)

Торре де Дэвид (Давидын цамхаг) гэгддэг энэхүү хоосон 45 давхар тэнгэр баганадсан барилгыг олон жилийн турш дэлхийн хамгийн өндөр ядуусын хороолол гэж нэрлэдэг байв. Нэгэн цагт The New Yorker сонин, банкир Дэвид Бриллембург энэ барилгад Уолл Стрийтийн Венесуэлийн аналогийг бий болгоно гэж найдаж байсан ч тус улсад санхүүгийн хямрал нүүрлэж, мөн Бриллембургийн гэнэтийн үхлийн улмаас 1994 онд барилгын ажил зогссон гэж бичжээ. 2014 онд Slate мэдээлснээр, уг барилгад 3000 орчим хүн нүүн орж, цахилгаан эрчим хүч, хүнсний дэлгүүр, цэвэр устай бүрэн хэмжээний орон сууц болж хувирсан. Гэвч тухайн жилдээ барилгыг аюултай гэж үзсэнээр оршин суугчдыг нүүлгэсэн гэж ВВС мэдээлж байв. Мөн 2018 онд хүчтэй газар хөдлөлтийн улмаас Давидын цамхагийн дээд давхрууд эвдэрсэн гэж Ройтерс агентлаг мэдээлж байжээ.

1 Seaport, Нью-Йорк (204 метр)

1 Seaport кондомын 1.5 сая доллараас 20 сая доллар хүртэлх үнэтэй байрууд нь, асар том усан сан, гайхалтай үзэмж, 5 метрийн өгдөр таазтай тансаг орчиныг санал болгосноор худалдан авагчид идэвхтэй захиалж, урьдчилгаа төлбөрт хэдэн зуун мянган доллар төлсөн байдаг. 2017 онд 273 сая ам.долларын өртөгтэй энэ барилга дээр ажиллаж байсан мужаан өндрөөс унаж нас барсан тухай The New Yorker сонинд бичиж байжээ. Мөн хожим нь Curbed 2021 онд мэдээлснээр, барилга суулт өгч, зүүн тийш хазайж, гүйцэтгэгчид болон бүтээгчид буруутгагдаж эхэлсэн байна. Хэдийгээр барилга нурах магадлал багатай ч 2020 оноос хойш барилгын ажил зогссон ажээ.

Oceanwide Plaza, Лос Анжелес (206 метр)

Гурван цамхагтай, дуусаагүй Oceanwide Plaza нь, фасадыг нь гудамжны уран бүтээлчсд эрээлэн буддагааралдартай болсон. Өнгөрсөн жил эрсдэлд дурлагч, өндөрт дүүлэгчид BASE-ийн дээвэр дээрээс үсэрч байсанбайна. Тухайн үед сар тутмын The Los Angeles Times сэтгүүл, нэг тэрбум ам.долларын өртөгтэй энэхүү амбицтай төсөл нь таван одтой зочид буудал бүхий элит орон сууцны цогцолбор болох ёстой байсан гэж мэдээлж байсан. Харин 2019 онд барилгын ажил зогсож, гүйцэтгэл нь дөнгөж 60 хувьтай байгаа бөгөөд өнгөрсөн жил уг төслийг хариуцдаг Oceanwide Holdings компани дампуурлаа зарласан гэж The Los Angeles Times бичжээ. The Wall Street Journal-ийн мэдээлснээр барилгын ажлыг дуусгахад ойролцоогоор 800 сая доллар шаардлагатай болох аж.

Рюгён зочид буудал, Пхеньян, Хойд Солонгос (330 метр)

Хойд Солонгосын хамгийн хотын төвд эргэн тойрныхоо барилгуудын дээгүүр сүндэрлэх Рюгён пирамид нь 10 гаруй жил хоосон, дуусаагүй байгаагаас Рок зочид буудал гэсэн хоч авчээ. 105 давхар барилгыг 1987 онд Ким Чен Уны өвөө Ким Ир Сений үед барьж эхэлсэн. 1992 онд ЗХУ задран унасны дараа үүссэн эдийн засгийн хямрал нь, цонх, фасадны ажлынх нь өмнө ажил зогсоход хүргэсэн. Тэр цагаас хойш ажил сэргэсэн ч, дараа нь дахин түр зогсоосон бөгөөд барилга хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байна. 2008 онд Ройтерс агентлагийн мэдээлснээр, уг барилгын ажлыг дуусгахад 2 тэрбум орчим зардал гарна. Одоо гадна талд нь асар том суртал ухуулга явуулдаг лед дэлгэц суурилуулсан байдаг байна.

Skycity, Мандалуйонг, Филиппин (335 метр)

Энэ бол огт хэрэгжиж чадаагүй өөр нэг төсөл юм. Эхлээд хөгжүүлэгчид Skycity нь Филиппиний хамгийн өндөр барилга болно гэж найдаж байсан. Esquire Philippines-ийн мэдээлснээр, 77 давхар тэнгэр баганадсан барилгад зочид буудал, тансаг зэрэглэлийн орон сууц, баар байрлуулахаар төлөвлөж байжээ. Гэтэл хөрш зэргэлдээх байшингийн эзэд 1997 онд барилгын талбайг бэлтгэх шатанд нь, 335 метр өндөр барилга аварга том сүүдэр үүсгэнэ гэж эсэргүүцэж байгаагаа илэрхийлж шүүхэд өгчээ. Ийнхүү сунжирсан хуулийн маргаан өрнөж, 85 сая ам.долларын өртөгтэй төслийн санхүүжилт тасалдсан. Одоо барилгын талбай бол зүгээр л том том нүх болоод байгаа аж.

Goldin Finance 117, Тяньжин, Хятад (597 метр)

Хятадын хойд хэсэгт орших Тяньжин хот дахь зэвэрсэн, дуусаагүй Goldin Finance 117 тэнгэр баганадсан барилгын өндөрийг энэ хавийн ямар ч барилга гүйцэхгүй. Зочид буудал, тансаг зэрэглэлийн орон сууц, оффисын талбай зэргийг байрлуулахаар төлөвлөж байсан. Барилгын ажил 2008 онд эхэлсэн бөгөөд зураг төслийн дагуу барилгын оройг таягны бариул дээрх гялалзсан чулууг санагдуулам алмаазан титмээр чимэглэх ёстой байв. Зочид ажиглалтын тавцан, ресторанаас хотын төвийн гайхалтай үзэмжийг үзэх боломжтой. Гэвч 2010-аад оны дундуур, хөгжүүлэгч Голдин групп санхүүгийн бэрхшээлтэй тулгарч ажил нь зогссон бөгөөд тухайн үед төслийг дуусгахад 10 тэрбум доллар шаардлагатай байсан гэж Форбс 2022 онд бичжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.