Энэхүү туршилтын төсөл нь, орон гэргүй хүмүүст тавилгатай байр түрээслэх, хүүхдүүдтэйгээ илүү их цагийг өнгөрөөх, илүү сайн цалинтай ажил олох боломжийг олгосон гэж Laws Business Insider сэтгүүл нийтэлжээ.
2022 оны намраас хэрэгжиж эхэлсэн, энэхүү Денверийн бага орлоготой хүмүүсийг дэмжих туршилтын хөтөлбөрт, Колорадо мужийн орон гэргүй 800 гаруй хүмүүсийг хамруулсан бөгөөд хамрагдагсдад ямар нэгэн болзолгүйгээр шууд бэлэн мөнгө олгож, мөн мөнгөө хүссэнээрээ зарцуулах боломж өгчээ. Уг төсөл нь, үүгээрээ SNAP эсвэл Medicaid гэх мэт уламжлалт нийгмийн хөтөлбөрүүдээс ялгаатай юм.
Төслийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Марк Донован, "Төслийн үндсэн ялгаа нь, итгэлцэл дээр суурилж төслөө хэрэгжүүлж байгаа маань юм. 6-р сарын 18-нд төслийн эхний жилийн үр дүнгийн тайлангаа гаргасан. Хамрагдагсдын 45% нь, 10 дах сарын төлбөрөө авсны дараа орон сууц түрээслэдэг болсон. Тэд түр байранд хоргодох, эмнэлэг, болон яаралтай тусламжид хүргэгдэх нь цөөрсөн. Мөн шоронд орох нь ховор болж, энэ нь хотын зардлыг 589,214 доллараар хэмнэсэн. Хөтөлбөрийг 2024 оны нэгдүгээр сард нэмж зургаан сараар сунгасан” гэж ярьжээ.
Денверийн Орлогын доод хэмжээг дэмжих төслийн тайланд, энэ мөнгө оролцогчдод унаа, эрүүл ахуй, хувцас, хүнсний бүтээгдэхүүн зэрэг яаралтай зардлаа төлөхөд тусалсан болохыг тогтоожээ. Түрээсийн төлбөр, эмнэлгийн төлбөр, зээлийн эргэн төлөлт зэргийг тогтмол төлөх нь ихэнх гэр бүлийн хувьд гол чиглэл нь байгаа нь харагдсан. Бүх бүлгийн оролцогчидын санхүүгийн тогтвортой байдал нэмэгдэж, яаралтай санхүүгийн тусламжийн хөтөлбөрөөс хараат байдал буурсан гэж тэмдэглэсэн байна.
Төсөлд хамрагдагсдыг сугалаагаар гурван бүлэгт хуваасан бөгөөд тэдний нэг бүлэг нь нэг жилийн турш сар бүр 1000 доллар авах, өөр нэг бүлэг нь нэг удаа 6500 доллар авч, дараа нь сар бүр 500 доллар авч байх, харин гурав дахь нь сард 50 доллар.авах болзолтой хяналтын бүлэг гэж зохицуулсан. Нэг удаагийн 6500 долларын төлбөр авсан хүмүүс болон сар бүр 1000 доллар авдаг хүмүүст тогтвортой, бүтэн цагийн ажил олох магадлал нь өндөр байсан бөгөөд тэд хуримтлал үүсгэж, түрээсийн байр хөлслөх, машин зээлээр авах зэргээр амьдралаа өөрчлөх боломжтой болж байв.
Хамрагдагсдын гэр бүлийн сэтгэцийн эрүүл мэнд сайжирч, гэр бүл, найз нөхөдтэйгээ харилцах чадвар сайжирсан.Эцэг эхчүүд хүүхдүүд, ач зээ нартаа илүү их анхаарал хандуулах боломжтой болж байгаа нь харагдсан. Энэ бол зорилгодоо хүрч чадахгүй байсан хүмүүсийн ядуурлаас ангижрах эрх чөлөө. Энэхүү төсөл нь ядууралтай тэмцэх үндэсний стратеги болж чадна. Калифорниа, Нью Мексико зэрэг мужууд энэ хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэхийг санал болгож байна. Харин Денвер энэ төслөө гурав дахь жилдээ сунгана гэж найдаж байна. Улс орон даяар хэрэгжүүлэх ижил төстэй хөтөлбөрүүдийн үр дүнг анхааралтай ажиглах болно. Хэрэв бид хүмүүсийг хямд зардлаар орон гэртэй болгох сайн үр дүнд хүрч чадвал, яагаад энэ хүчин чармайлтаа хөгжүүлж болохгүй гэж?" хэмээн Марк Донован онцлон тэмдэглэжээ.