Долларын дэвсгэрт дээрх гурвалжин дотор байрлуулсан нүдний зургийг дэлхий даяар хүн бүр харж байсан байх. Үүнийг “conspiracy theory” буюу хуйвалдааны онолуудын үрээр бий болсон гэж үздэг бөгөөд конспиролог буюу “хуйвалдааны онолчид” үүнийг юу гэж үздэг талаар ВВС-д бичжээ.
Бүх нууцлаг тэмдэгтүүд болон далд утгатай нууц тэмдгүүд нь эртнээс “хуйвалдааны онолчид”-ын сонирхлыг ихэд татаж, олон санааг дэвшүүлсээр ирсэн бөгөөд доллар дээрхи энэхүү бүхнийг харагч нүд нь ийм бэлгэдлүүдийн нэг нь юм. Үүнийг дэлхийн дэг журмыг хянадаг нууц нийгэмлэгүүд болох “Массон” ба “Иллюминат”-ын гишүүдтэй холбон үздэг.
Бүхнийг харагч нүдний зурагтай энэхүү тэмдэг нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа тоо томшгүй олон сүм хийдүүд, масонуудын байшингууд, Америкийн нэг долларын дэвсгэрт, мөн Их тамга, АНУ-ын төрийн тамган дээр байдаг нь бүр ч сонирхол төрүүлдэг байна.
Энэ тэмдгийн сонголт нь нэлээд хачирхалтай бөгөөд тайлбарлахад хэцүү. Зарим хүмүүс Нүдийг эргэн тойронд болж буй бүх зүйлийг хардаг нэгэн төрлийн Том ахыг бэлгэддэг гэж нотлохыг оролддог. Мөн нүд ба пирамидын хослол нь эртний эзотерик шүтлэгтэй төстэй болгодог.
Энэхүү тайлагдашгүй тэмдэг хаанаас гарсан бэ, яагаад энэ нь дэлхийн бүх хүмүүсийн сохирхолыг татна вэ? Түүнийг дэлхийг бүхэлд нь хянадаг ямар нэгэн нууц дэг журамтай холбоотой гэдэг нь үнэн үү? гэсэн асуултууд хөвөрдөг.
Христийн шашны эхэн үед, Бүхнийг харагч нүд нь Бурханыг, гурвалжин нь Ариун Гурвалыг бэлгэддэг байв.
Сэргэн мандалтын үед зураачид энэ тэмдгийг ашигладаг байсан бөгөөд үүний нэг жишээ нь Жакопо Понтормогийн Эммаусын Зоог (1525 он) юм. Гэхдээ, Шинэчлэлийн эсрэг бүлгэмээс хориглосон гурван нүүрт Гурвалын бэлгэдлийг далдлах зорилгоор Нүдийг анхны бүтээлдээ хожуу нэмж зурсан гэж үздэг.
1593 онд анх хэвлэгдсэн Iconologia оюун санааны бэлгэдлийн цуглуулгын хэвлэлд "Бүхнийг харагч нүд" нь "Бурханы нигүүсэл", өөрөөр хэлбэл хүмүүст үзүүлэх Бурханы нигүүсэл, энэрэнгүй тэнгэрлэг сонор сэрэмж, харагдах байдлын илэрхийлэл хэмээн бичсэн байдаг.
Өнгөрсөнд үндэслэж тулгуурласан хувилбар
Бүхнийг хардаг нүдийг хэн зохион бүтээснийг бүрэн тодорхой хэлэх боломжгүй ч нэг зүйл тодорхой байгаа нь урьд өмнө байсан шашны сэдлийн үндсэн дээр тулгуурлан хийгдсэн гэж үздэг.
Гурвалжин бол Христийн шашны Ариун Гурвалын Эцэг, Хүү, Ариун Сүнс гэсэн эртний бэлгэ тэмдэг юм. Тиймээс өмнө нь Бурханы толгой дээр гурвалжин дүрс дүрслэгдсэн байдаг байв.
Тэгвэл яагаад Нүдийг дангаар нь биегүй дүрсэлсэн юм бол? Бурханыг бол олон янзаар, үүлнээс сунгасан гар гэх мэтээр дүрсэлсэн байдаг. Харин яагаад дан ганц нүд гэж?
Нүд нь хүчтэй нөлөөг бий болгож, маш хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг бөгөөд эрх мэдэл хүч чадлыг, мөн нэгэн зэрэг ойлголцол, өр өвдөх мэдрэмжийг хуваалцах, харуулах чадвартай гэж авч үзсэн байдаг. Мөн байгаль дахь зарим амьтад хувьслын явцад бие дээр нь, том нүдтэй дүрс гарч ирж, махчин амьтдыг айлгахад тусалдагтай холбон тайлбарладаг ажээ.
Сюрреалист гэрэл зурагчин Рене Магритт "Хуурамч толь" (1928) уран зурагтаа бие махбодгүй болсон нүдний тайлагдашгүй ер бусын сэтгэл татам байдлыг ашигласан. Тосон будгаар будсан зотон дээр үүлэрхэг хөх тэнгэрээр хүрээлэгдсэн хүний нүд байдаг. Нүдний цөцгийний оронд үүл дүрслэгдсэн байдаг.
Гэхдээ Нүдний түүх илүү гүн гүнзгий юм. МЭӨ гурван мянган жилийн өмнө хүн төрөлхтөний соёл иргэншлийн гарал үүсэл уламжлалтай холбоотой эртний Шумерчууд(Sumerians) бурхадын баримлын ариун байдлын зэрэглэлийг ер бусын асар том нүдээр харуулж - тэдний дэргэд хүндэтгэлтэй сэрэмжтэй байх мэдрэмжийг өсгөхөд ашигладаг байсан байна.
Мөн биегүй нүдийг эртний египетчүүд талийгаачийг нас барсныхаа дараа ч бүгдийг харж байг гэж булшны дээр хоёр нүд зурж “бүтээдэг” байсан гэсэн онол ч байдаг.
Эртний Египетийн хамгийн алдартай бэлгэдлийн нэг бол Хорусын нүд (эсвэл Сет бурхантай тулалдсан Хорусын шонхорын зүүн нүд) юм. Бурхан Тот түүний нүдийг эдгээсэн гэдгээс хожим нь фараонууд хамгаалалт болгон нүдний хэлбэртэй сахиус зүүдэг байжээ.
Энэхүү нүд болон хүний нүдийг дүрсэлсэн Египетийн иероглиф(hieroglyph)ууд нь Сэргэн мандалтын үеийн Европын уран бүтээлүүдэд ихээхэн нөлөөлж, эрдэмтэд, уран бүтээлчид Египетийн дүрс зураг, бичгийн ид шидэнд автсан байсан гэдэг. Гэхдээ тэд учирыг нь сайн ойлгодоггүй байснаас, агуулгын дамжуулалт, хөрвүүлэлт нь ихэвчлэн утгын хувьд алдаатай байдаг байжээ.
Жишээлбэл, Hypnerotomachy Poliphilus (1499) хэмээх ид шидийн романд Египетийн нүдний дүр төрхийг "Бурхан" гэж орчуулсан байдаг.
Орчуулах бэрхшээл
Иероглифийн хэрэглээний үндсэн буруу ойлголтоос болж янз бүрийн хэрэг гардаг. Одоо иероглиф нь зөвхөн авиа зүйн бичмэл дүрслэл гэдгийг аль хэдийн мэддэг болсон. Харин 15-16-р зууны үед тэдгээрийг ямар нэгэн ид шидийн утгатай гэж үздэг байв.
Амьтан, шувууд, хийсвэр дүрсүүдийн иероглифийн дүрсийг нууцлаг зүйл хэмээн үзэж тус бүрийн утгыг онгодоор дамжуулан ойлгодог байв. Иероглиф бол олон утгатай оньсого гэж тэр үед боддог байсан. Энэхүү хандлага нь Европын урлагт, тэр дундаа Бүхнийг хардаг нүдийг ойлгоход хүчтэй нөлөөлсөн бөгөөд энэ нь огт байгаагүй эзотерик утга руу хөтөлсөн байдаг.
18-р зууны төгсгөлд Нүдний бэлгэдэл, урьд өмнө огт дурдаагүй зүйл, ойлголтуудыг багтаасан ойлголтууд болон өргөжив.
Жишээ нэг. Хувьсгалын дараах Францад Францын түүхч, зураач Жан-Жак-Франсуа ле Барбье "Бүхнийг хардаг нүд"-ийг Хүн ба иргэний эрхийн тунхаглалын зургийн дээд талд байрлуулсан бөгөөд үүнийгээ, бие махбодгүй анхааралтай нүд нь эрх тэгш байдлыг олж авсан үндэстнийг хянах эцгийн ухаалаг байдлыг илэрхийлнэ гэж зарлав.
Хоёр дахь жишээ. Английн гүн ухаантан, хуульч Жереми (Жеремиа) Бентам (1748 - 1832) "Бүхнийг хардаг нүд"-ний бэлгэдэл бүхий "Паноптикон" (грек хэлнээс "бүх зүйл харагдаж байна") шоронгийн зургийг бүтээжээ. Энэхүү "төгс шорон", хоригдлуудыг хэзээ харж, хэзээ ажиглаж байгааг нь мэдэхгүй байхаар, цаг наргүй хянаж байх боломжийг олгож, бие махбодгүй нүд нь, үл худалдагдах хуулийн анивчдаггүй харцыг бэлэгдэж, зураг нь "өршөөл", "шударга ёс", "сонор сэрэмж" гэсэн үгсээр хүрээлэгдсэн байв.
Жишээ гурав. Бентамын шоронгийн зургаас хэдэн жилийн өмнө буюу 1782 онд АНУ-ын засгийн газраас гаргасан баримт бичгүүдийг баталгаажуулахад ашиглах төрийн сүлд, Америкийн Нэгдсэн Улсын Их Тамгыг нэвтрүүлэв. Томас Жефферсон, Бенжамин Франклин, Жон Адамс нар өөрсдийн саналуудаа гаргасан боловч Тивийн Конгрессын нарийн бичгийн дарга Чарльз Томсоны (Тусгаар тогтнолын тунхаглалыг баталсан) орой хэсэгтээ бүхнийг хардаг нүд бүхий пирамид дүрслэх санаа нь биелэлээ олсон байна. Томсон энэ санаагаа хэрэгжүүлэхийн тулд залуу хуульч, зураач Уильям Бартонтой хамтран ажиллажээ. Дуусаагүй пирамидаар "цаг хугацааны эрх мэдэл, урт хугацаа"-г, харин 13 шатаар тухайн үед АНУ-ын бүрэлдэхүүн хэсгүүд байсан 13 мужийг, харин “Нүд”-ээр шинэ залуу үндэстнийг өрөвдөн тольдож буй Бурханыг бэлгэдсэн гэдэг.
Энэ бэлгэдлийг сонгоход ”Масон”-ууд ямар ч тохиолдолд нөлөөлөөгүй, үүрэг гүйцэтгээгүй харагддаг. Харин “Иллюминати”-ууд хөндлөнгөөс оролцсон уу?
Баварийн “Иллюминати”-н талаар тодорхой зүйл маш бага. Энэ нь, 1776 оны 5-р сарын 1-нд үүсгэн байгуулагдсан 1787 онд татан буугдсан 18-р зууны Германы нууц нийгэмлэг юм.
“Иллюминати”-ууд “масон”-уудын үзэл бодлоос санаа авсан нь үнэний хувьтай гэдэг. Харин Массонууд бүх зүйлийг хардаг нүдийг үе үе, Ертөнцийн агуу архитекторын бэлгэдэл болгон тэр үеийн олон сүмүүд шиг мөн ашигладаг байсан. Гэхдээ Freemasons-ууд 18-р зууны эцэс хүртэл Нүдний дүр төрхийг өргөнөөр ашиглахгүй байхыг хичээсэн бөгөөд тэр үед Ле Барбиер, Бентам, Томсон, Бартон нар үүнийг өөрсдийн зорилгодоо тохируулан ашиглаж байв.
Сонирхолтой нь, “хуйвалдааны онолчид” долларын дэвсгэрт дээрх "Бүхнийг хардаг нүд"-ийг нууц элитүүдийн хүч чадлыг илэрхийлдэг гэж үзэж ирсэнийг сүүлийн үед няцааж 18-р зууны төгсгөл үеийн гоо зүйн талаар харуулсан гэж үздэг болсон.
Орчин үед, Madonna, Jay-Z, Kanye West нар Иллюминатигийн бэлгэдлийг нэг бус удаа, тэр дундаа бие махбодгүй нүдний дүрсийг ашигласан гэж буруутгагдаж байсан билээ. Үүнийг ашигласан тухайн жүжигчин нь дэлхийг захирч буй нууц нийгэмлэгтэй ямар ч холбоогүй, харин хараанд өртсөн сэтгэл татам хэрэгслийг ашигласан чадвартай хүмүүс юм.
"Бүхнийг харагч" нүдний дүрсийг ашиглах нь дэлхийг эрхшээлдээ оруулах гэсэн далд хуйвалдаан байдгийн нотолгоо биш, харин логоны дизайны загвар болох Нүдний мөнхийн гайхамшигт байдлын тод баталгаа ажээ.
Эх сурвалж: forumdaily.com