Санал хураалтын урьдчилсан мэдээгээр, Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд яллаа. Одоогоор энэ нь албан бус үр дүн гэдэг ч, хэдхэн хоногийн дараа албан ёсоор зарлах болно.
Арваннэгдүгээр сарын 6-ны өглөө, Трамп 270 гаруй санал авч, хоёр дахь удаагаа АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч боллоо. Тэр өмнө нь 45-дах ерөнхийлөгч байсан, гэхдээ дараалан улиран сонгогдож чадаагүй юм. Энэ нь ховортохиолдол ч, Трамп дахин сонгогдсон анхны ерөнхийлөгч биш бөгөөд бараг 150 жилийн өмнө АНУ-ын 22, 24 дэх Ерөнхийлөгч Гровер Кливленд (тэр 1885-1889, дараа нь 1893-1897 он хүртэл тус улсыг удирдаж байсан) дахин сонгогдож байжээ. Гэхдээ Трамп нэгэн дээд амжилт тогтоосон нь, сонгогдох үедээ хамгийн өндөр настай (тэр 78 настай) байсан нь юм.
Хуулийн дагуу Трамп, 2025 оны 1-р сард ерөнхийлөгчийн албан тушаалаа авна. Зеленский, (Путин одоохондоо түүнд баяр хүргэхгүй гэж хэлсэн), Израилийн Ерөнхий сайд болон бусад улс төрчид, Европын ихэнх удирдагчид түүнд баяр хүргэсэн байна.
Түүний сонгуулийн өмнө амласан зүйлс болон түүнээс юу хүлээж болохыг сануулая. Ямар ч тохиолдолд, түүнд бүх амлалтаа биелүүлэх маш өндөр боломж байгаа, учир нь эдгээр сонгуулийн дараа Бүгд найрамдахчууд Сенатыг хянах нь гарцаагүй. Төлөөлөгчдийн танхимын хувь заяа хараахан тодорхой болоогүй байгаа ч, Бүгд найрамдах намынхан ч тэнд маш сайн үзүүлэлттэй байгаа юм.
Ерөнхийлөгч ялалтынхаа үгэндээ, дэмжигчдээ "урьд өмнө байгаагүй, урьд өмнө хэзээ ч байгаагүй улс төрийн хөдөлгөөн", харин энэхүү ялалтаа "түүхэн" хэмээн нэрлэж, Америкийн "алтан үе" одоо эхэлж байна гэж онцлон тэмдэглэсэн байна.
Сонгуулийн амлалтууд
Сонгуулийн кампанит ажлын үеэр нэр дэвшигч нь, сонгогчдын сэтгэлийг хөдөлгөх гол сэдвийг тодорхойлдог. Хамгийн үр дүнтэй байдаг үндсэн сэтгэл хөдлөлүүдээс Трамп айдсыг сонгосон. Түүний гол сэдэв бол "аймшигтай цагаачдын" заналхийлэл бөгөөд Трампынхаар бол тэд муур хүртэл иддэг юм.
Цагаачид. Трамп, АНУ-ын түүхэн дэх хамгийн том албадан гаргах кампанит ажлыг эхлүүлэхээ амлаж байсан. Энэ хүрээнд 13 сая орчим цагаачийг тус улсаас хөөж гаргах боломжтой гэсэн. Тэрээр 2019 онд хэрэгжүүлсэн "Мексикт үлд" хөтөлбөрөө сэргээхээр зэхэж байгаа бөгөөд АНУ-ын хил дээр орогнол хүсэгчдийг, хэргийг нь хянан шийдвэрлэх хугацаанд Мексикт хүлээхийг шаардах болно. Мөн АНУ-д зөвшөөрөлгүй нэвтэрсэн болон цагаачлалын бусад хуулийг зөрчсөн цагаачдыг баривчлахаа амласан. Тэрээр Газын зурвас, Ливи, Сомали, Сири, Йемен болон "аюулгүй байдалд заналхийлж болзошгүй бусад улсын" хүмүүсийг хориглоно гэж мэдэгдсэн.
Түүнчилэн Трамп, коммунистууд, марксистууд, социалистуудыг АНУ-д нэвтрэхийг хориглож, хууль бус цагаачдын америкт төрсөн хүүхдүүдэд иргэншил олгохоо зогсоож, DACA хөтөлбөрийг хаана (хүүхэд байхдаа тус улсад ирсэн хууль бус цагаачдыг АНУ-д үлдэх эрх өгдөг) гэж сүрдүүлдэг.
Гэмт хэрэг. Трамп, гэмт хэргийг бууруулахын тулд илүү хатуу бодлого хэрэгжүүлэхээ амласан. Тиймээс тэрээр орон гэргүйчүүдийн хуарангуудыг хотоос гадагш нүүлгэх, цагдаа нарт илүү их эрх мэдэл олгох, хар тамхины наймаачидтай тэмцэхэд арми ашиглах, хар тамхины наймаачдад цаазаар авах ял оноох зэрэг саналуудыг дэвшүүлсэн. Цагдаа нар ажилд авах, давтан сургахад их хэмжээний санхүүжилт олгох, цагдаа нарын хамгаалалтыг чангатгах, хууль сахиулах ажилтнууд руу халдсан тохиолдолд шийтгэлийг чангатгахаар төлөвлөж байна. Тэрээр гэмт хэргийн гаралт ихтэй газруудад холбооны прокурорууд болон Үндэсний гвардийг илгээнэ гэж амлаж байсан юм.
Эдийн засаг. Трамп, “Татварыг багасгаж, цалин, ажлын байр нэмэгдүүлнэ” гэж амласан. Үүнд хүрэх арга замаа,импортын бүх бараанд татвар ногдуулснаар “дотоодын үйлдвэрлэлийг урамшуулах”, мөн гадаадын компаниудад татвар ногдуулах явдал гэж тодорхойлдог. Энэ нь ирээдүйтэй мэт боловч, нэртэй эдийн засагчид үүнийг маш муу санаа гэж үзэж байгаа юм. Трамп, Хятад болон Европтой худалдааны шинэ дайн эхлүүлэх төлөвлөгөөтэй. Анхны бүрэн эрхийн хугацаандаа Хятадын бүх бараанд 25 хувийн татвар ногдуулж, Европын бараа бүтээгдэхүүнд хэд хэдэн татвар нэмж байсан бол одоо гаалийн татварыг 60 хувь хүртэл нэмэгдүүлж, Хятад болон хөрш Мексикийн автомашин болон бусад бараа бүтээгдэхүүний импортыг хязгаарлана гэж амласан. Мөн Европод импортын татвар ногдуулахаар төлөвлөж, үйлдвэрлэлээ гадаад руу шилжүүлж буй Америкийн компаниуд болон олон улсын төлбөр тооцоонд ам.доллар ашиглахыг хүсэхгүй байгаа улс орнуудыг заналхийлж байна. Түүхий эдийн үнийн гарцаагүй өсөлтөөс болж америкчууд эдгээр шинэчлэлийн төлбөрийг өөрсдийн халааснаасаа төлнө гэж эдийн засагчид үзэж байна.
Трамп хөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд, томоохон бизнес эрхлэгчид болон чинээлэг хүмүүст татварын хөнгөлөлт үзүүлэхийг санал болгодог. Тэрээр, 45 дахь ерөнхийлөгч байхдаа амжилтанд хүргэж чадаагүй, татварын бууралт нь эдийн засгийг 3%-иар өсгөнө гэсэн үзэл бодлоо үргэлжлүүлнэ. Дональд Трамп,үйлчилгээний салбарын ажилчдын цайны мөнгө, тэтгэмжид татвар ногдуулахгүй байхыг санал болгосны зэрэгцээ,илүү цагийн цалингаас татвар авахгүй гэж амласан юм.
Төсөв ба үнэ. Трамп, "үргүй зардал, луйвар, албан тушаал урвуулан ашиглах" боломж олгодог санхүүжилтийг танах бодолтой байна. Энэ нь, гадаадад туслах тусламж, цагаачлал, цаг уурын өөрчлөлт, ЛГБТК-ын эрхийн асуудалтай холбоотой хөтөлбөрүүд юм.
Үүний зэрэгцээ эмчийн жороор олгодог эмийн үнэ, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бууруулахаа амласан.
Эрчим хүч. Трамп дахин сонгогдвол, Пенсильвани, Баруун Виржиниа, Нью-Йорк дахь Марселлусын занарын ордуудад хийн хоолой барих ажлыг яаралтай эхлүүлнэ гэж амласан. Мөн Трамп Парисын цаг уурын гэрээнээс дахин гарна. Тэр үүнийг өмнө нь хийсэн боловч Байден энэ гэрээнд буцааж оруулсан юм.
Дайнууд. Есдүгээр сард болсон мэтгэлцээний үеэр Трамп, Украин, Оросын дайныг зогсоохыг хүсч байгаагаа хэлжбайсан. Гэвч тэрээр Украиныг ялуулахыг хүсч байгаа эсэх талаар асуухад хариулахаас шууд татгалзаж байв. Сонгуулийн сурталчилгааны албан ёсны мэдэгдэлдээ тэрээр, зүгээр л "гал зогсоохыг" уриалж байсан юм. Мөн тэр, “нэг өдрийн дотор зөрчилдөөнийг шийдэж чадна” гэж ярьж байсан билээ.
Трамп, 2024 онд дахин сонгогдсон тохиолдолд, Израиль, Хамас хоёрын дайнтай холбоотой ямар нэг төлөвлөгөөбайгаа талаар огт дурсаагүй. Тэрээр зөвхөн, хэрэв тэр ерөнхийлөгч байсан бол дайн хэзээ ч эхлэхгүй байсан (Украины дайны талаар мөн адил зүйлийг хэлсэн) гэж хэлж байсан бөгөөд харин аравдугаар сард Fox News-т өгсөн ярилцлагадаа, "Бид Израилийг хамгаалах хэрэгтэй. Ямар ч сонголт байхгүй." гэсэн юм.
Үр хөндөлт. Энэ бол Камала Харрисын сонгуулийн кампанит ажлын гол сэдэв байсан боловч, Трамп сонгуулийн мэдэгдэлдээ энэ эмзэг цэгийг ихэд ашигласан. Есдүгээр сард болсон мэтгэлцээний үеэр Трамп, үр хөндөлтийг хориглох тухай хориг тавих амлалтаасаа татгалзаж, АНУ даяар үр хөндөлтийг хуульчилсан Роу Уэйдийн эсрэг шийдвэрээ цуцалснаа “агуу ялалт” гэж нэрлэсэн билээ. Truth Social дээр тэрээр, үргүйдлийг эмчлэх эмчилгээг "бүрэн" дэмжиж, жирэмслэлтээс хамгаалах аргыг хязгаарлахыг "хэзээ ч, бүр хэзээ ч дэмжихгүй" гэж бичжээ.