Эрх чөлөөний хөшөөнд зочилсон хүмүүс түүний титэм дээр гарч Нью-Йоркийн боомтын үзэсгэлэнт газруудыг өндрөөс тольдон үзэх боломжтой боллоо. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн алба нь COVID-19 тахалтай холбоотой хамгийн сүүлчийн хязгаарлалтуудынхаа нэгийг цуцалж байна гэж NPR мэдээлэв.
Либерти хатагтайн толгойн "Титэм"-д зочлох тасалбар 10-р сарынх бараг зарагдаж дууссан бөгөөд Нью Жерси эсвэл Нью Йоркоос гатлага онгоцоор зорчих насанд хүрэгчдийн тасалбар 24.30 долларын үнэтэй байна. Мөн ихэнх аялал, түүхт Эллис арал дээрх Үндэсний цагаачлалын музейд зочлуулдаг байна.
Титэм хэсэгт хүрэхийн тулд, 215 гишгүүрээр /10 орчим давхар/ өгсөж хөшөөний тавцан дээр гарсныхаа дараа, дахин шатны 162 гишгүүрээр өгсөх ёстой. Тавцан дээр гарахын тулд, шатаар өгсөж чадахгүй хүмүүст зориулсан цахилгаан шат байдаг. Харин титэм хэсэг рүү гарах цахилгаан шат байдаггүй тул зарим жуулчид аяллын энэ хэсгийг алгасдаг байна.
Цар тахлын улмаас 2020 оны 3-р сарын 16-наас хойш хөшөөний титэм хэсгийг ашиглах боломжгүй болсон. Тэр цагаас хойш хөшөөний хэсгүүдийг аажмаар нээж байгаа бөгөөд хөшөөний тавцант хэсэг 2021 оны 7-р сард нээгдсэн. Харин 10-р сарын 12 -ноос титэм дээр гарч болох болж байна.
Албан ёсны нэр нь "Дэлхийг гэгээрүүлсэн эрх чөлөөний хөшөө" хэмээх энэхүү хөшөө нь Францын ард түмнээс АНУ-д өгсөн алдартай бэлэг бөгөөд Аравдугаар сар нь хөшөөний хувьд түүхэн чухал үе юм: Учир нь,1886 оны 10-р сард анх нээлтээ хийсэн. Мөн 1924 оны 10-р сард, ерөнхийлөгч Калвин Кулидж үндэсний дурсгалт газар гэж зарласан ажээ.
Эрх чөлөөний хөшөөг 2001 оны 9-р сарын 11-ний өдрөөс хойш, аюулгүй байдлын асуудлаас болон ерөнхий засварын ажилтай холбоотой сүүлийн 20 жилийн хугацаанд хэд хэдэн удаа хааж байсан. 2011 онд хөшөөг бүхэлд нь хааж, шатны хонгил болон гал унтраах төхөөрөмжүүдийг шинэчилсэн байна.