Висконсин дахь тахианы ферм, есөн мужид 65 хүн сальмонеллёз өвчнөөр өвчилж дэгдэлт гарсны дараа худалдаанд гаргасан бүх өндөгийг эргүүлэн татаж, үйлдвэрлэлээ зогсоожээ. Энэхүү эргэн таталт нь, Висконсин мужийн Бондвелл дахь Мило шувууны фермийн бүх тахианы өндөгнүүдэд хамаарч байгаа аж. Хэрэглэгчдэд Мило шувууны ферм эсвэл Тонигийн шинэ зах гэсэн шошготой худалдаж авсан өндөгнүүдээ хаяхыг зөвлөлөө гэж The Washington Post сонин мэдээлжээ.
Ихэнх халдвар Висконсин болон Иллинойс мужид бүртгэгдсэн боловч, Мичиган, Миннесота, Айова, Виржиниа, Колорадо, Юта, Калифорни мужид мөн сальмонеллёзын тохиолдлууд бүртгэгдсээр байна.
5-р сарын 23-аас 8-р сарын 10-ны хооронд, 2-88 насны 65 хүн халдвар авч, 24 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхшаардлагатай болсон гэж Хүнс, эмийн хяналтын газар (FDA) мэдээлэв. Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх үндэсний төвөөс (CDC) мэдээлснээр, өвчилсөн хүмүүсийн ихэнх нь, хэд хэдэн ижил ресторанд хооллодог байсан байна. Нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Салмонелла бол халууралт, суулгалт, хэвлийгээр өвдөх, эсвэл хүнд тохиолдолд артерийн судасны халдварт өвчин үүсгэдэг бактерийн халдвар юм. Салмонелла нь 5-аас доош насны хүүхэд, өндөр настан, дархлаа султай хүмүүст онцгой аюултай. Халдварлагдсан хоол идсэнээс хойш 12-72 цагийн дараа шинж тэмдэг нь илэрдэгбайна.
CDC-ээс, хэрэглэгчдийг асуудал гарсан тохиолдолд 715-758-6709 утсаар холбогдохыг зөвлөжээ.