January
3
2025
Anu.mn
Мэдээ
Флорида мужид байшин, машин дор газар нурж, нүх үүсдэг. Эрсдэлтэй газруудыг хэрхэн олж мэд ...
Флорида мужид байшин, машин дор газар нурж, нүх үүсдэг. Эрсдэлтэй газруудыг хэрхэн олж мэдэх вэ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Флорида мужид байшин, машин дор газар нурж, нүх үүсдэг. Эрсдэлтэй газруудыг хэрхэн олж мэдэх вэ
Photo: Boarding1now | Dreamstime.com

Хэрэв та Флорида мужид амьдардаг бол, карстын цөмрөлтийн тухай сонссон байх. Гэнэт газар цөмөрч, дээр нь байсан байшин барилга, зам, машин зэрэг бүх зүйлс доош унадаг гамшиг юм. Эрдэмтэд, Флоридагийн төв хэсгийн ихэнх нь "Синхолын гудамж" буюу карстын цөмрөлттэй хөрстэй гэснийг Click Orlando бичжээ.

Доктор Манож Чопра, Төв Флоридад газар цөмөрч үүссэн нүх, хөрсний элэгдлийг судалснаар, Төв Флоридагийн ихэнх хэсэг нь, Хиллсборо муж болон Тампагийн ойролцоох Дейтона хүртэл үргэлжилдэг, Майтланд болон Винтер Паркийн бүсээр дамжин өнгөрдөг Синхолийн гудамжны нэг хэсэг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Тэрээр, “Орландо хотын төвд орших Эола нуур үнэндээ карстын цөмрөлтөөр, хөрсний зарим хэсэг уст давхаргад унаж, нүх усаар дүүрснээр үүссэн. Нуурын ихэнх хэсэг нь гүехэн боловч цөмөрсөн хэсэг нь маш гүн. Мөн Орландогийн Винтер Парк дахь Сарнай нуур ч мөн адил цөмрөлтөөс үүссэн. Үүнээс болж автомашины дэлгүүр нурж, зарим машинууд нь хэзээ ч сэргээгдэхгүй гэмтсэн юм. Хэрэв та, Төв Флоридагийн дээгүүр нисэх үедээ төгс дугуй нууруудыг харвал, тэдгээр нь цөмрөлтөөс үүссэн байх магадлалтай. Дээрээс нь харахад ийм нуурууд үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг ч, бодит байдал дээр энэ нь аюулын дохио юм, ялангуяа суурьшлын бүсэд байгаа бол " гэж ярьжээ.

Хэрэв та гамшигт өртөх магадлалтай бүс нутагт амьдардаг бол, Флоридагийн геологийн судалгааны газрын карстын цөмрөлтийн газрын зурагтай танилцаж, тухайн газрын түүхийг судлах хэрэгтэй.

Чопра, “Хоёр төрлийн цөмрөлт байдаг: элсний доор үүссэн нүхнүүд нь ихэвчлэн шохойн чулуу нь доошоо нурахаас өмнө хөрсөнд хонхор үүсгэдэг. Харин Сеффнерийн хар шавран давхаргатай хөрсний цөмрөлт гэнэт нурдаг, сэрэмжлүүлэх шинж тэмдэггүй байдаг” гэжээ.

Сеффнерийн синхол, 2013 оны 2-р сарын 28-нд Флорида мужийн Хиллсборо мужид болсон. Уг нүх Бушийн гэр бүлийн байшингийн яг доор үүсч, тухайн үед дотор нь байсан 37 настай Жефф Бушийн өрөө өртжээ. Жефф 6 метр орчим өргөн, гүн нь мэдэгдэхгүй асар том нүхэнд унажээ. Нурах үед Жефф унтаж байсан бөгөөд түүний ах Жереми Буш хүчтэй чимээ, хашгирах чимээг сонсоод ороход, Жеффийн унтлагын өрөө нурж, том нүх үүссэн байжээ. Дүүгээ аврахаар нүх рүү буухыг оролдсон боловч газар нурсаар байсан тул аврагчид зогсоосон бөгөөд аврах албаныхан ч нүхэнд орж чадаагүй юм. Хэдэн өдрийн турш оролдсоны эцэст Жеффийг амьд олох боломжгүй гэж мэдэгдсэн. Түүний цогцос олдоогүй ажээ. Цаашид байшинг нурахаас сэргийлж аюулгүй байдлын үүднээс байшинг нурааж, тухайн гэр бүлийг нүүлгэж, уг газрыг хөгжүүлэхэд аюултай гэж тодорхойлсон байна.

Энэ үйл явдал ихээхэн резонанс үүсгэж, карстын цөмрөлттэй бүс нутагт амьдрах эрсдэлийг сануулснаар, эрх баригчид аюултай байж болзошгүй газруудад хяналт тавих ажлыг эрчимжүүлж, Флорида дахь даатгалын компаниуд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийхдээ цөмрөлтийн аюулыг тооцдог болсон байна.

Хэрэв та өөрийн амьдарч буй газраа аюултай эсэхийг шалгахыг хүсч байвал Флоридагийн төвийн мэргэжилтнүүдэд хандах эсвэл хөрсийг өрөмдөж, турших геотехникийн фирм хөлслөхийг Чопра зөвлөсөн байна.

Цөмрөлтүүд хэрхэн үүсдэг вэ?

Шохойн чулуу, гөлтгөнө, доломит зэрэг газрын гадаргын дор орших чулуулгууд ууссанаар цөмрөлтийн нүхнүүд үүсдэг. Нүүрстөрөгчийн давхар исэл (CO₂) агуулсан гүний ус нь сул нүүрстөрөгчийн хүчил болж хувирдаг. Энэ ус нь чулуулгийн хагарлаар нэвтэрч, аажмаар уусгаж, газар доорх хоосон зайг үүсгэдэг. Цаг хугацаа өнгөрөх тусам хоосон зай улам бүр нэмэгддэг. Хэрэв хөрсний тулгуур давхарга нь дээд давхаргын жинг тэсвэрлэхэд хангалттай хүчтэй биш бол нуралт үүсдэг. Дээд талын хөрсний давхарга хангалттай зузаан байвал чулуулаг уусах үйл явц нь гадаргуугийн суултыг удаашруулдаг. Хэрэв дээр байгаа хөрс нь шавар, элсний нимгэн давхаргатай байвал гэнэт цөмөрч нүх үүсдэг байна.

Цөмрөлт үүсэх процессыг хурдасгах хүчин зүйлүүд

  • Гүний усны түвшний өөрчлөлт: Усны түвшин огцом буурах эсвэл нэмэгдэх (жишээлбэл, хур тунадас, усалгаа, хүмүүс хэрэглээний усаа соруулж авах зэргээс шалтгаалж) цөмрөлт үүсэх нь түргэсдэг.
  • Газар хөдлөлтийн идэвхжил: Газар хөдлөлт болон газрын доорх хөдөлгөөнүүд нь газар доорх хоосон зайг нурахад хүргэдэг.
  • Барилга ба хүний ​​үйл ажиллагаа: Барилга, зам, инженерийн ажлын жин нь хөрсний тогтворгүй байдлыг үүсгэдэг.

Газрын гадаргаас доош уусдаг чулуулаг ихтэй карст геологи бүхий бүс нутгуудад, газар цөмөрч нүх үүсэх тохиолдол хамгийн түгээмэл байдаг. АНУ-д эдгээр нь Флорида, Техас, Кентакки мужууд юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.