Нэгэн цагт Адольф Гитлерийн эзэмшилд байсан “Ostwind” хэмээх дарвуулт онгоц нь, Флоридад далайгаас олдсон олон хачирхалтай зүйлсийн нэг юм. Энэ хөлөг онгоц тэнд хэрхэн очсон талаархи түүхийг Click Orlando нийтэлжээ.
Майами-Бич эргээс 8 км орчим зайд, далайн ёроолд уг живсэн дарвуулт онгоц байдаг байна.
Ostwind хэмээх 24 метрийн урттай, 1938 онд Гитлерийн захиалгаар Олимпийн уралдааны дарвуулт завь болгон бүтээгдсэн боловч, хэзээ ч тэмцээнд оролцож байгаагүй энэхүү хөлөгийг Гуравдугаар Рейхийн Фюрер, Адольф Гитлер эзэмшдэг байсан бөгөөд тэрээр, дэлхийн 2-р дайнд ялалт байгуулсныхаа дараа, уг дарвуулт хөлгөөрөө Англид очиж, Уинстон Черчиллийг бууж өгөх арга хэмжээг завиндаа хүлээж авахаар төлөвлөж байсан гэж түүхч Майк Миллер бичсэн байдаг.
Харин түүх энэ төлөвлөгөөг эгнэгт өөрчилжээ.
Герман ялагдсаны дараа, АНУ “Ostwind” хөлөгийг эзэмшилдээ авч, АНУ-ын Тэнгисийн цэргийн академийн сургалтын хөлөг онгоц болгон хэсэг хугацаанд ашиглаж байгаад 1970-аад онд, нэгэн нацистын ховор эд зүйлс цуглуулагчид заржээ. Уг цуглуулагч дарвуулт завийг засварлахаар Жексонвилл руу аваачсан боловч эцэст нь хөлөг онгоцыг тэнд нь орхисон тул, усан онгоцны буудлын эзэн, Ostwind-ийг эзэмших болсноор мөн заржээ. 20-д жилийн хугацаанд дарвуулт завь эздээ нэг бус удаа сольсон бөгөөд тэдний нэг нь, бэлэг дурсгалын зүйл болгон зарахаар хөлөг онгоцыг хэсэгчилэн задалсан нь, Гитлерийн дарвуулт онгоцны нумны булцуунаас хайлуулсан хар тугалганы цутгамал хавтан, дарвуулын хэсэгүүд, олс татлаганы тасархайнууд гэх мэт олон зүйлсийг өвөрмөц түүхтэй эд зүйлс сонирхогчдод харьцангуй хямд үнээр худалдаж авах боломж олгосон гэдэг.
Хэрэв, Плимут дахь Цэргийн музейн ажилтан Чарльз Сандерс дарвуулт завийг сэргээж, түүхэн үзмэр болгох санаа гаргаагүй бол, Ostwind удалгүй хувийн цуглуулгад тараагдан үгүй болох байжээ. Гэтэл, олон нийт Гитлерийн дарвуулт онгоцыг мөнхжүүлэх санааг буруутган ихээхэн шуугиан дэгдэснээр Сандерс санаагаа орхисноор барахгүй, хөлөг онгоцыг Майами Бич дэх еврейчүүдэд 1 доллараар бэлгэдлийн үнээр худалдахад түлхэц болсон байна. Еврейчүүдийн нийгэмлэгийн тэргүүн, тэтгэвэрт гарсан цагдаагийн офицер Абэ Ресник, Ostwind дарвуулт онгоцыг шатаах санал гаргасан боловч, үнс нурам нь неонацизмыг шүтэн бишрэгчидийн цугладаг газар болно гэж айж болгоомжилсноос больж, 20,000 доллар зарцуулан Майамигийн боомт руу аваачиж живүүлжээ. Одоо хясаагаар хучигдаж, замганд орооцолдсон Ostwind дарвуулт онгоц, усны ёроолд загаснуудын дунд нойрсож байна. Гитлерийн дарвуулт онгоцны хэмээн нэрлэгдсэн энэ хэсэг, усанд шумбагчдын дунд ихээхэн алдартай байдаг байна.