Грин карт эзэмшигчдэд зориулсан Medicare: Цагаачид юу мэдэх хэрэгтэй вэ?

Хэрэв та грин карттай эсвэл удахгүй грин карт авахаар төлөвлөж байгаа бол, хэзээ Medicare хөтөлбөрт хамрагдаж болох талаар сонирхох нь дамжиггүй. Энэ нь тодорхой шаардлагуудыг хангасан тохиолдолд л боломжтой байдаг талаар CitizenPath дэлгэрэнгүй тайлбарлажээ.
Medicare-ийн хөнгөлөлт нь, ажилласан хугацаа болон АНУ-д оршин суусан хугацааны шаардлагыг хангасан хууль ёсны байнгын оршин суугчдад (Lawful Permanent Residents) олгогддог.
Тиймээс хэзээ, ямар нөхцөлд Medicare-д хамрагдах эрх үүсдэгийг мэдэх нь тэтгэвэрт гарах төлөвлөгөөгөө урьдчилан зөв гаргахад тусална.
Ямар цагаачид Medicare-д хамрагдах эрхтэй вэ?
Medicare нь, 65 ба түүнээс дээш насны хүмүүс, мөн тодорхой төрлийн хөгжлийн бэрхшээлтэй зарим залуу хүмүүст зориулсан холбооны эрүүл мэндийн даатгалын хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрт хамрагдахын тулд АНУ-ын иргэн байх шаардлагагүй.
Гэхдээ таны цагаачлалын статус, АНУ-д ажилласан хугацаа нь, Medicare-д бүртгүүлэх эрхтэй эсэхийг тодорхойлдог.
Medicare-ийн бүртгэлийг АНУ-ын Нийгмийн хамгааллын газар (Social Security Administration) хариуцдаг бөгөөд дараах хоёр хүчин зүйлийг үнэлдэг.
- Цагаачлалын статус
- АНУ-д ажиллаж, амьдарсан хугацаа
Грин карт эзэмшигч Medicare-д хэрхэн хамрагдах вэ?
Хууль ёсны байнгын оршин суугч дараах хоёр аргын аль нэгээр Medicare авах эрхтэй болно.
1. Ажилласан хугацаагаар
Та эсвэл таны эхнэр/нөхөр, АНУ-д 10 жил (40 улирал) ажилласан,
Энэ хугацаанд Medicare-ийн татвар төлсөн
Medicare Part A (эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх даатгал)-д сар бүр шимтгэл төлөхгүйгээр хамрагдах эрхтэй.
2. Таван жил тасралтгүй оршин суусан бол, хэрэв 40 ажлын кредит байхгүй ч, грин карттай,
Medicare-д бүртгүүлэхээс өмнө АНУ-д тасралтгүй 5 жил хууль ёсны байнгын оршин суугчаар амьдарсан бол Medicare-д хамрагдах боломжтой.
Гэхдээ энэ тохиолдолд Part A-ийн сарын шимтгэлийг өөрөө төлөх шаардлагатай.
Харин Part B (эмчийн үйлчилгээ, амбулаторийн тусламж) нь бүх хүнд төлбөртэй байдаг.
"Таван жилийн дүрэм" гэж юу вэ?
Хэрэв танд грин карт байгаа ч 40 ажлын кредит цуглуулаагүй бол Medicare-д хамрагдахын тулд:
хууль ёсны байнгын оршин суугчийн статустайгаар, АНУ-д тасралтгүй 5 жил амьдарсан байх шаардлагатай. Энэ хугацааг АНУ-д байнга суурьших зорилгоор анх ирсэн өдрөөс эхлэн тооцно. Богино хугацаагаар гадаад руу явах нь (нэг удаад 6 сараас бага) энэ хугацааг тасалдуулдаггүй.
Жишээлбэл, хэрэв таны эцэг эх саяхан грин карт авч, аль хэдийн 65 нас хүрсэн бол тэд Medicare-д шууд хамрагдах боломжгүй. Эхлээд таван жилийн хугацаагаа гүйцээх хэрэгтэй.
Энэ хугацаанд ACA Marketplace-ийн эрүүл мэндийн даатгал зэрэг өөр сонголтыг ашиглаж болно.
Medicare-ийн хэсгүүд:
Part A – Эмнэлгийн даатгал. Дараах үйлчилгээ хамрагдана.
- Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх
- Асрамжийн газрын тодорхой үйлчилгээ
- Зарим гэрийн сувилгаа
- Хосписийн үйлчилгээ
2026 оны шимтгэл
- 40 кредиттэй бол үнэ төлбөргүй
- 30–39 кредиттэй бол сард 311 доллар
- 30-аас бага кредиттэй бол сард 565 доллар
Part B – Эмнэлгийн үйлчилгээ. Үүнд:
- Эмчийн үзлэг
- Амбулаторийн үйлчилгээ
- Урьдчилан сэргийлэх үзлэг
- Урт хугацааны эмнэлгийн тоног төхөөрөмж
2026 оны шимтгэл, сард 202.90 доллар
Part D – Жороор олгодог эм
- Жороор олгодог эмийн даатгал.
Medicare-ийн баталсан хувийн компаниуд санал болгодог.
Үнэ нь сонгосон төлөвлөгөө болон орлогоос хамаарна.
Part C (Medicare Advantage) энэ нь, Part A, Part B, ихэнхдээ Part D болон шүд, нүд зэрэг нэмэлт үйлчилгээг нэгтгэсэн хувилбар юм.
Үүнийг хувийн даатгалын компаниуд санал болгодог бөгөөд үнэ нь өөр өөр байдаг.
2025 оны H.R.1 хууль ямар өөрчлөлт оруулсан бэ?
- 2025 оны долоодугаар сард батлагдсан H.R.1 төсвийн хууль Medicare-д хамрагдах эрхтэй цагаачдын хүрээг эрс хязгаарласан.
- Өмнө нь олон ангиллын хууль ёсны цагаачид шаардлага хангавал Medicare авах боломжтой байсан бол шинэ хуулиар энэ боломж багасжээ.
Одоо эрхтэй хэвээр байгаа хүмүүс:
- Грин карт эзэмшигчид (5 жилийн болон ажлын шаардлага хангасан)
- Куба, Гаитигийн тодорхой ангиллын цагаачид
- Микронез, Палау, Маршаллын арлуудын иргэд (Чөлөөт холбооны гэрээний дагуу)
Эрхээ алдсан бүлгүүд: Шинэ хуулиар дараах хүмүүс Medicare авах эрхгүй болсон.
- Дүрвэгсэд
- Орогнол авсан хүмүүс
- TPS (Temporary Protected Status)-тэй хүмүүс
- VAWA-ийн дагуу өргөдөл нь шийдэгдээгүй гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид
- Хүний наймааны хохирогч (T визтэй)
- Олон жил Medicare-ийн татвар төлсөн боловч дээрх шинэ ангилалд хамаарахгүй бусад виз эзэмшигчид
2025 оны долоодугаар сарын 4-нөөс өмнө Medicare-д бүртгэлтэй байсан ч, шинэ шаардлага хангахгүй болсон хүмүүсийн даатгал 2027 оны нэгдүгээр сарын 4-нөөс дуусах бөгөөд энэ нь ойролцоогоор 100,000 цагаачид нөлөөлөхөөр байна.
Хэрэв танд энэ өөрчлөлт хамаарах эсэх нь эргэлзээтэй бол, өөрийн цагаачлалын статусаа нягталж, шаардлагатай бол цагаачлалын хуульчаас зөвлөгөө авахыг зөвлөж байна.
АНУ-ын иргэн болох нь Medicare-д хэрхэн нөлөөлөх вэ?
АНУ-ын иргэн болсон тохиолдолд таны цагаачлалын статус Medicare-д нөлөөлөхөө болино.
Иргэн болсон хүн:
- 65 нас хүрсэн,
- 40 ажлын кредиттэй бол, АНУ-ын бусад иргэдийн нэгэн адил Part A-г үнэ төлбөргүй авна.
Хэрэв та грин картаа 5 жилээс дээш хугацаанд эзэмшсэн бол иргэншил хүсэх үндсэн шаардлагыг хангасан байх магадлалтай.
Medicare хүртэл ямар даатгал ашиглаж болох болон хэрэв та Medicare-д хамрагдах эрх тань хараахан үүсээгүй байгаа бол дараах сонголтууд бий.
- ACA Marketplace-ийн эрүүл мэндийн даатгал (орлогоос хамааран татварын хөнгөлөлт авах боломжтой)
- Ажил олгогчийн санал болгодог эрүүл мэндийн даатгал
- Medicaid (орлого болон мужийн шаардлагыг хангасан тохиолдолд)
Гэхдээ H.R.1 хууль Medicaid-ийн нөхцөлийг мөн өөрчилсөн тул өөрийн амьдарч буй мужийн дүрмийг урьдчилан шалгах хэрэгтэй.
Medicare-н бүртгэлийг дараах аргаар хийж болно.
- Онлайнаар Social Security Administration-ийн системээр
- Утсаар
- Орон нутгийн Social Security-ийн салбарт биечлэн
Бүртгэлийг:
65 нас хүрэхээс 3 сарын өмнөөс эхлэн нийт 7 сарын хугацаанд хийх ёстой.
Хугацаагаа алдвал, торгууль төлөх, дараагийн ерөнхий бүртгэлийн хугацааг (жил бүрийн 1-р сарын 1-нээс 3-р сарын 31 хүртэл) хүлээх шаардлагатай болдог.
Хэрэв та таван жилийн дүрмээр бүртгүүлж байгаа бол:
- Грин карт,
- АНУ-д тасралтгүй оршин суусан баримтаа нотлох шаардлагатай.
Part A болон Part B-ийн бүртгэлийг Social Security Administration хийдэг бол Part C болон Part D-д тусдаа, Medicare-ийн баталсан хувийн даатгалын компаниудаар дамжуулан бүртгүүлдэг.
Түгээмэл асуултууд:
Цагаачид Medicare авч болох уу?
Тийм. Гэхдээ эрх нь цагаачлалын статус болон АНУ-д ажилласан хугацаанаас хамаарна.
Грин карттай хүн хэдэн жил хүлээх вэ?
Ерөнхийдөө 5 жил тасралтгүй амьдарсан байх шаардлагатай. Харин та эсвэл эхнэр/нөхөр тань АНУ-д 10 жил ажиллаж, Medicare-ийн татвар төлсөн бол энэ хүлээлт шаардлагагүй.
Цагаачид америк иргэдээс илүү төлдөг үү?
Боломжтой. Part B-ийн шимтгэл 2026 онд бүх хүнд сард 202.90 доллар байна.
Харин 40 ажлын кредитгүй грин карт эзэмшигчид Part A-д:
Сард 565 доллар, эсвэл
30–39 кредиттэй бол 311 доллар төлөх шаардлагатай.
Иргэн болсноор Medicare авахад тус болох уу?
Тийм. Натурализаци хийлгэсний дараа цагаачлалын статус Medicare-д нөлөөлөхгүй бөгөөд АНУ-ын бусад иргэдтэй ижил нөхцөлөөр хамрагдана.
2025 оны хууль Medicare-д нөлөөлсөн үү?
Тийм. H.R.1 хууль Medicare-д хамрагдах эрхтэй цагаачдын хүрээг эрс хязгаарласан. Дүрвэгсэд, орогнол авсан хүмүүс, TPS эзэмшигчид болон өмнө нь хамрагдах боломжтой байсан хэд хэдэн ангиллын цагаачид шинэ журмаар эрхээ алдсан. 2025 оны 7-р сарын 4-нөөс өмнө бүртгэлтэй байсан боловч шинэ шаардлага хангахгүй хүмүүсийн Medicare хамрах хүрээ 2027 оны 1-р сарын 4-нд дуусна.








