Лос-Анжелесын дөрвөн хүнийг даатгалыг луйвардсан гэмт хэрэгт буруутган баривчилжээ. Тэд үнэтэй машинуудаа баавгайн дайралтад өртсөн гэж мэдэгдсэн бөгөөд харин мөрдөн байцаалтын явцад уг үйлдлийг баавгай мэт хувцасласан хүн хийсэн болох нь илэрсэн гэж New York Post бичжээ.
Калифорнид болсон даатгалын луйврын хэргийг шалгаж буй хэлтэст, "сүйтгэгч баавгай" 2024 оны 1-р сарын 8-нд Лос Анжелес хотоос зүүн хойд зүгт, Сан Бернардино уулс дахь Аррохед нуурын ойролцоо, 2010 оны Rolls-Royce Ghost машиныг сүйтгэж хохироосон гэж мэдэгдсэн бөгөөд машиныг нь амьтан гэмтээсэн гэдгийг нотлох видео бичлэгийг машины эзэн даатгалын компанид өгсөн ажээ. Гэвч, даатгалын хэлтсийн ажилтнууд бичлэгийн үнэн эсэхэд эргэлзэж, видео бичлэгийг нарийвчлан шинжилсний дараа уг амьтан нь баавгайн хувцастай хүн болохыг тогтоосон. Рубен Тамразян, Арарат Чиркинян, Вахе Мурадханян, Альфия Цукерман нар даатгалын луйвар, хуйвалдааны хэрэгт буруутгагдаж байгаа юм.Эдгээр сэжигтнүүдийн залилангийн улмаас даатгалын компаниуд 141,839 ам.долларын хохирол амссан" гэж Калифорнийн даатгалын хэлтэс мэдэгджээ.
"Баавгайн хумс" гэж нэрлэгдэх болсон уг залилангийн үйл ажиллагааны дүрс бичлэгийг даатгалын компани нийтэлсэн бөгөөд бичлэгт баавгай Rolls-Royce-ийн зорчигч талын цонхоор чихэлдэж байгаа нь харагддаг. Гэвч, үс нь жинхэнэ зэрлэг амьтны арьс шиг биш, харин Halloween-ийн хувцас шиг гялалзсан, толигор харагдаж байгаа нь анхаарал татсан байна. Мөрдөн байцаагчдын өгсөн гэрэл зургуудаас харахад машины дотор суудал, хаалган дээр тэгшхэн зэрэгцээ зураас үүссэнийг эзэмшигч нь баавгайн хумсны ор гэж тодорхойлж байжээ.
Калифорнийн Загас, зэрлэг ан амьтдын хэлтсийн биологич уг бичлэгт дүн шинжилгээ хийснээр, энэ нь хүн байсан гэж мэдэгджээ. Мөн хожим нь сэжигтнүүдийн гэрт нэгжлэг хийх явцад энэхүү хувцас нь олдсон байна.
Энэ хэрэг нь мөн ганц удаагийн тохиолдол байгаагүй нь гайхалтай. Сэжигтнүүд, ижил өдөр, цагт, ижил байршлыг өөр өөр машинууд дээр ашигласан бичлэгүүдийг, өөр даатгалын компаниудад илгээсэн дахин хоёр нэхэмжлэлийг мөрдөгчид олсон бөгөөд "Эдгээр нэхэмжлэлийг, 2015 оны Mercedes G63 AMG болон 2022 оны Мерседес E350 машинуудад нь амьтан нэвтэрч, хохирол учруулсан гэж хуурамчаар үйлдсэн бичлэг байсан” гэж Калифорнийн даатгалын хэлтэс мэдэгджээ.