Калифорнийн Дос Палос дахь Брайант ахлах сургуулийн зургийн багш, ангид нь байсан сарьсан багваахайд хазуулж халдвар авснаар сар орчмын дараа буюу арваннэгдүгээр сарын 22-нд галзуу өвчнөөр нас барсан гэж CNN мэдээллээ.
60 настай Лиа Сененг, сарьсан багваахайг гаргах гэж явахдаа хазуулсан, Үүнд огт санаа зовоогүй зүгээр л охиндоо болсон явдлын талаар ярьсан ажээ.
Галзуу өвчнөөр өвчилсөн амьтантай харьцсан даруйд эмнэлгийн тусламж авах нь чухал гэдгийг эрүүл мэндийн албаныхан онцолж байна. Гэвч Сененг яагаад цаг тухайд нь хандаагүй нь тодорхойгүй байна.
Энэ явдлаас хойш нэг сарын дараа буюу арваннэгдүгээр сарын дундуур Сененг халуурч, гар нь чичирч эхэлснээр, арваннэгдүгээр сарын 18-нд эмнэлэгт хэвтсэн бөгөөд маргааш нь комд орсон байна. Дөрвөн өдрийн дараа ойр дотныхныг нь салах ёс гүйцэтгүүлэхээр дуудаж нөхөр, охин хоёр нь хамт байж, охин нь дуртай хамтлагийнх нь дууг бишгүүрээр тоглож сүүлчийн замд нь үджээ. Лиа бол туршлагатай явган аялагч, аялагч, зураач байсан ажээ.
Калифорнийн Нийгмийн эрүүл мэндийн газраас, Сененгийн тохиолдол галзуу өвчин болох нь батлагдсан гэж мэдэгдсэн бөгөөд АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн (CDC) мэдээлснээр, галзуугийн вирус нь өвчтэй амьтантай шууд харьцах үед, тархи, мэдрэлийн системд шүлс, эд эсээр дамжин халдварлаж, энэ нь үхэлд хүргэдэг тархины өвчин үүсгэдэг, АНУ-д галзуу өвчний ихэнх тохиолдол сарьсан багваахайнаас үүсдэг гэсэн байна. Нисч чадахгүй байх, өдрийн цагаар идэвхтэй байх, байр, байшинд орж ирэх, газар унасан байх зэрэг үйлдлүүд нь, сарьсан багваахайн хувьд галзуу өвчний шинж тэмдэг юм. Бусад зэрлэг амьтад, тухайлбал, өмхий, үнэг, элбэнх зэрэг нь мөн вирус тээгч байж болно. Сарьсан багваахайнд хэзээ ч хүрч болохгүй, хэрэв сарьсан багваахайд маажуулах, хазуулсан мэт санагдвал шархыг савантай усаар угааж, эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Сарьсан багваахайн хазалт, маш жижиг, илрүүлэхэд хэцүү байдаг. Яаралтай эмнэлгийн тусламж авах нь чухал гэж Калифорнийн Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга, мужийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан доктор Томас Х.Арагон зөвлөжээ.
Гэхдээ аз болоход, нас барах тохиолдол ховор байдаг. АНУ-д жилд 10 хүрэхгүй хүн галзуу өвчнөөр нас барж, 60,000 орчим нь вирусын халдвар авсны дараа жил бүр халдварын дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагддаг.
Ихэнх яаралтай тусламжийн тасагт, хазуулсны дараах эмчилгээг хийлгэх боломжтой байдаг. Галзуу өвчний эсрэг вакцин хийлгээгүй хүмүүсийн эмчилгээнд, иммуноглобулиныг нэг тунгаар, хоёр долоо хоногийн турш дөрвөн тунг тарьдаг байна.