Асар их бороо орсны улмаас, Кентакки болон Охайогийн хөндий, Атлантын далай дахь бүс нутгуудаар их хэмжээний үер болжээ. Орон даяар болсон өвлийн шуургатай холбоотой байсан гэж CNN мэдээлэв
Жоржиа, Баруун Виржиниа, Кентакки мужууд хүчтэй салхины улмаас хамгийн их үерт нэрвэгдэн, 14 хүн амиа алдаж, хэд хэдэн хүн сураггүй болоод байна.
Кентаккигийн Амбан захирагч Энди Бешиар “Бидэнд сүүлийн арван жилд тохиолдоогүй хамгийн хүнд цаг агаарын үзэгдэл боллоо” гэж мэдэгджээ.
Ерөнхийлөгч Доналд Трамп, Бешиарын хүсэлтийг хүлээн зөвшөөрч, муж даяар онц байдал зарлахыг зөвшөөрснөөр муж холбооны тусламж авах боломжтой болов.
Үерт нэрвэгдэгсдийг эрэн хайх, аврах ажилд Кентакки мужийн үндэсний гвардийн 146 цэрэг, уснаас аврах багийнхан ажиллаж, 1000 гаруй аврах ажиллагаа явуулжээ. Мөн албаны хүмүүсийн мэдээлснээр зарим бүс нутагт усны түвшин нэмэгдсээр байгаа бөгөөд муж даяарх замууд үерт автсан байдалтай байна.
Мөн олон зуун хүн орон гэргүй болсон. Энэ тоо өснө гэж бодож байна. Мартины хоёр орон сууцны хорооллоос 237 хүнийг нисдэг тэрэг болон завиар нүүлгэн шилжүүлсэн. Нас барсан хүмүүсийн дийлэнх нь үерт автсан замаар эсвэл усан дундуур машин жолоодохоор шийдсэн хүмүүс байсан. Замаас хол байхыг анхааруулж байна. Тус мужид 340 гаруй зам үерийн улмаас хаагдсан бөгөөд энэ нь дээд амжилт юм " гэж Бешер мэдэгджээ.
Кентакки мужийн Падуках дахь Үндэсний цаг уурын албанаас, "Бүс нутгийн ихэнх хэсэгт зам талбайн үер үргэлжилсээр байна. Зарим нутгаар ойрын хэдэн өдөр гол, мөрний урсацын түвшин нэмэгдэж, үер бууж болзошгүй." гэж сэрэмжлүүлсээр байна.
Кентакки мужийн Хазард хотын төвд гол гудамжинд байрлах зарим барилгуудад усны түвшин бараг зургаан фут хүрчээ. Үерт өртсөн бүс нутагт энэ долоо хоногт агаарын температур огцом буурч, үерт автсан газруудад цас орно гэсэн сэрэмжлүүлэг өгч байна. PowerOutage.us сайтын мэдээлснээр, Кентакки мужид 13,000 гаруй, Баруун Виржиниа мужид 15,000, Мэрилэнд мужид 20,000 орчим, Пенсильванид 30,000 гаруй, байшин, барилга цахилгаангүй болоод байна.
Кентаккийн энэ үер, 43 хүний аминд хүрч, муж улсын зарим хэсгийг сүйрүүлсэн гамшигт үерээс хоёр жил хагасын дараа тохиож байна. Хэдийгээр усны түвшин энэ удаад 2022 оны долдугаар сарын аймшигт үерийн хэмжээнд хүрээгүй ч, үерт автсан талбай илүү том байсан нь аврах, сэргээн босгох ажилд хүндрэл учруулж байна.
Мөн Кентакки нь үерт нэрвэгдсэн цорын ганц муж биш юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Виржиниа, Баруун Виржиниа, Теннесси мужуудад үерийн аюулаас сэрэмжлүүлснээр, тус мужид онц байдал зарлаж, Ривс хотод албадан нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан байна. Виржиниа мужид үер бууж, цас мөстэй холилдон маш аюултай нөхцөл байдал үүсээд байна. Энэ долоо хоногт агаарын температур огцом буурах төлөвтэй байгаа нь эрсдэлийг улам бүр ноцтой болгохоор байна. Индиана мужид усанд автсан байшин, замуудыг дроноор хийсэн зурагнууд харуулжээ.
Үерийн аюулд хүргэсэн энэхүү шуурга, улсын өмнөд хэсгээр аюултай аянга цахилгаан, Их нууруудын бүс болон зүүн хойд хэсгээр их хэмжээний цас орох, нутгийн зүүн хэсгээр хүчтэй салхи шуурга болоход хүргэнэ гэж анхааруулж байна.