Хавайн эрх баригчид Их арлын оршин суугчдад дэлхийн хамгийн том идэвхтэй галт уул Мауна Лоа дэлбэрч болзошгүй дохиог илгээж байгааг, иргэдэд анхааруулж байна. Нөхцөл байдлын талаар APNews хэвлэлд дэлгэрэнгүй мэдээлэв.
Эрдэмтэд галт уулын дэлбэрэлт ойрын үед биш гэж хэлж байгаа ч, сүүлийн үед оргил хэсэгт нь газар хөдлөлтийн идэвхижил нэмэгдсэнийг ажиглаж байгаа бөгөөд хамгийн сүүлд 1984 онд дэлбэрч байсан галт уулын тогоонд ойр байрлах айлуудад лаав хүрэхэд хэдхэн цаг л шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна.Хавайн Иргэний хамгаалалтын агентлаг болзошгүй онцгой байдлын үед хэрхэн бэлдэх талаар оршин суугчдад сургах зорилгоор,"явган аялалын" хоол хүнстэй цүнх бэлэн байлгах, очих, байрлах газраа тодорхойлох, гэр бүлийн гишүүдтэйгээ хаана уулзах газраа товлосон төлөвлөгөө гаргахыг зөвлөж байна.
"Сандрах шаардлагагүй, гэхдээ та Мауна Лоагийн энгэрт амьдардаг гэдгээ мартаж болохгүй. Лаавын сүйрэлд өртөх магадлалтай” гэж Хавайн дүүргийн иргэний хамгаалалтын албаны дарга Талмадж Магно хэлэв.Түүний хэлснээр галт уул нь Хавайн арлын хуурай газрын 51%-ийг эзэлдэг тул арлын ихэнх хэсэг нь дэлбэрэлтэд өртөх боломжтой гэсэн байна.
Сүүлийн хэдэн арван жилд, Их арал хөгжиж, хүн ам нь хоёр дахин нэмэгдсэн (1980 онд 92,000 байсан бол 200,000). Хамгийн сүүлд 38 жилийн өмнө Мауна Лоа галт уул дэлбэрэхэд эдгээр оршин суугчдын ихэнх нь байхгүй байжээ. Тиймээс, албаны хүмүүс галт уулын тухай мэдээлэл түгээж, хүмүүсийг бэлтгэлтэй байхыг уриалж байгаа юм.
Далайн түвшнээс дээш 4169 метрийн өндөрт орших Мауна Лоа нь, 2018 онд орон сууцны хороололд дэлбэрч, 700 байшинг сүйтгэсэн Килауеа галт уулнаасхамаагүй том, зэргэлдээ орших хөрш уул юм. Энэ уулын зарим хэсэгт налуу нь Килауеагийнхаас хамаагүй эгц байдаг тул дэлбэрсэн тохиолдолд лаав нь илүү хурдан урсна гэж тооцож байна.
1950 оны дэлбэрэлтийн үеэр уулын лаав гурван цаг хүрэхгүй хугацаанд далай хүртэл 15 миль (24 километр) урссан байна..
АНУ-ын Геологийн албаны салбар Хавайн галт уулын ажиглалтын төвөөс, Мауна Лоа уул, өнгөрсөн сарын дунд үеэс оргил хэсгийнх нь газар хөдлөлтийн тоо өдөрт 10-20 байсан бол 40-50 болж өссөнөөс хойш "идэвхитэй хөдөлгөөнтэй" байна гэж мэдээлж байна. Сүүлийн өдрүүдэд чичирхийллийн давтамж багассан ч дахин нэмэгдэж магадгүй гэжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд хайлсан чулуулаг дэлбэрвэл лаав хэдхэн цагийн дотор хүрч болох Оушен Вьюд, мужийн иргэний хамгаалалтын албаны хүмүүс, иргэдийн цугларалт зохион байгуулсан байна.
Одоогийн сэрэмжлүүлгийн түвшин нь "зөвлөгөө" бөгөөд галт ууланд түгшүүрийн шинж тэмдэг илэрч байгаа ч, дэлбэрэлт болох эсэх нь тодорхойгүй байна. Арлын бусад хэсгийн оршин суугчидын хувьд, хариу үйлдэл үзүүлэхэд илүү их цаг хугацаатай байх болно. Мауна Лоагийн зүүн хойд талын лаав нь хэдэн өдөр эсвэл долоо хоног орон сууцны хороололд хүрэх боломжтой. Учир нь энэ талын уулын энгэр харьцангуй налуу нь бага, хотууд нь галт уулын тогооноос хол байдаг.
Хавайн галт уулын ажиглалтын төвийн судалгааны геологич Фрэнк Трусделл хэлэхдээ, хүн төрөлхтний түүхэн дэх Мауна Лоагийн бүх дэлбэрэлт нь түүний оргил дээрх тогооноос эхэлсэн гэж мэдэгджээ. Түүний лаавны тал орчим хувь нь тэндээ үлдэж, уулын бэл дэх нүхнээс лаав цацагдаж байсан, оргил хэсгийн лаав суурин газруудад хүрдэггүй гэж байв.
Мауна Лоа 1843 оноос хойш 33 удаа дэлбэрчээ. Хамгийн сүүлд 1984 онд, лаав зүүн энгэртээ урсаж, Их арлын хамгийн их хүн амтай хот болох Хило хотоос 7,2 км-ийн зайд 4,5 миль (7,2 км) зайд зогссон тохиолдол гарч байжээ.
Мауна Лоа нь асар их хэмжээний лаав урсгаж байсан түүхтэй.
1950 онд 23 хоног үргэлжилсэн дэлбэрэлтийн үеэр Мауна Лоа секундэд 1000 шоо метр (1307 куб юд) лаав гаргаж байжээ. Харин Килауеа 2018 онд секундэд ердөө 300 шоо метр (392 шоо ярд) гаргаж байсан байна. Дэлбэрэлт болохоос өмнө газар хөдлөлт идэвхижиж хэсэг хугацаанд үргэлжилдэг байпал ажиглагддаг. 1975 онд дэлбэрэлт болохоос өмнө нэг жил, 1984 онд дэлбэрэлт болохоос өмнө нэг жил хагас газар хөдлөлтийн идэвхижил нэмэгдэж үргэлжилж байжээ. Гэхдээ газар хөдлөлтийн чичиргээ мөн намжих боломжтой бөгөөд энэ удаад Мауна Лоа дэлбэрэхгүй байж ч магадгүй юм.