January
30
2025
Anu.mn
Мэдээ
Колумбын Ерөнхийлөгч, АНУ-аас албадан гаргасан цагаачдыг авчирсан онгоцыг буцааж, Трамп х ...
Колумбын Ерөнхийлөгч, АНУ-аас албадан гаргасан цагаачдыг авчирсан онгоцыг буцааж, Трамп хариуд нь 25 хувийн татвар ногдууллаа
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Колумбын Ерөнхийлөгч, АНУ-аас албадан гаргасан цагаачдыг авчирсан онгоцыг  буцааж, Трамп хариуд нь 25 хувийн татвар ногдууллаа

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп , Колумбын ерөнхийлөгч Густаво Петро нар хууль бус цагаачдыг албадан гаргах Трампын кампанит ажлын улмаас нэгдүгээр сарын 26-нд худалдааны дайн эхлүүлэх шахсан ч, Вашингтон, Богота хоёр үүнийг эхлүүлэхгүй байх шийдэлд хүрсэн гэж ВВС бичжээ.

Нэгдүгээр сарын 26-нд, Америкийн цэргийн тээврийн хоёр онгоц Колумбын хууль бус цагаачдыг Калифорниас Колумб руу хүргэх ёстой байсан ч, Колумбын Ерөнхийлөгч Густаво Петро тэднийг газардуулахгүй байхыг тушаасныг олон нийтэд зарлаж, Дональд Трамп үүний хариуд өөрийн нийгмийн сүлжээ болох Truth Social хуудсандаа Колумбаас импортолж буй бүх бараанд 25 хувийн татвар ногдуулж, Колумбын удирдлагуудын эсрэг визний хориг арга хэмжээ авах болсноо зарласан юм.

Густаво Петро, Колумб Америкийн импортод ижил төрлийн татвар ногдуулна гэж хариулснаар, Трамп Колумбаас ирэх бүх бараанд 25% -ийн татвар нэн даруй ногдуулж, долоо хоногийн дараа 50% хүртэл нэмнэ гэж "Truth Social" нийгмийн сүлжээнд бичжээ. Мөн, Колумбын засгийн газрын бүх гишүүд, төлөөлөгчид, бүх намууд, дэмжигчид, гэр бүлийн гишүүд, Колумбын засгийн газрыг дэмжигчдэд" виз олгохгүй, хилээр нэвтрэх хориг тавихаа мэдэгдэв.

Гэсэн ч, 1-р сарын 26-ны орой Цагаан ордон мэдэгдэл гаргаж, Колумби байр сууриа өөрчилж буулт хийсэн тул татварын тариф, хориг арга хэмжээ авахгүй. Колумбын засгийн газар, Колумбын цагаачдыг тээвэрлэх АНУ-ын цэргийн нисэх онгоцыг ямар ч хязгаарлалт сааталгүйгээр нэвтрүүл гэсэн Ерөнхийлөгч Трампын бүх нөхцөлийг зөвшөөрсөн гэж мэдэгдэв. Мөн “Өнөөдрийн үйл явдлууд, Америкийг улс орнууд дахин хүндэлж байгааг тодорхой харуулж байна. Ерөнхийлөгч Трамп, АНУ-д хууль бусаар оршин сууж буй иргэдийг албадан гаргахад дэлхийн бусад улс орнууд бүрэн хамтран ажиллана гэж найдаж байна” гэж Цагаан ордны мэдэгдэлд дурджээ.

Колумбын ГХЯ-ны сайд Луис Гилберто Мурильо, 1-р сарын 26-ны орой АНУ, Колумби улсууд тухайн нөхцөл байдлаас гарах арга замыг олсон гэж мэдэгдээд, америкчууд цэргийн онгоцоор авчрахаар төлөвлөж байсан иргэдээ авахаар ерөнхийлөгчийн онгоцоо илгээхэд бэлэн байна гэсэн ч, Колумбчуудыг Америкийн цэргийн нисэх онгоцоор албадан гаргах магадлалыг үгүйсгээгүй байна. Харин Густаво Петро, америкийн цэргийн тээврийн онгоцыг хүлээн авахаас татгалзаж байгаагаа мэдэгдсэнийхээ дараа, Колумб улс иргэдээ гэмт хэрэгтэн гэж үзэхгүйн тулд иргэний онгоцоор хүлээн авна гэж мэдэгджээ.

Колумб нь АНУ-ын кофены импортын 20 орчим хувийг эзэлдэг бөгөөд жилдээ 2 тэрбум доллар эргэлддэг. Үүнээс гадна Колумб нь АНУ-д газрын тос, банана, авокадо, цэцэг болон бусад бараа бүтээгдэхүүн экспортолдог.

Бүс нутаг дахь АНУ-ын сурвалжлагчдын тэмдэглэснээр, зүүний үзэлтэй улстөрч Колумбын ерөнхийлөгч Петро,Трампад дургүй гэдгээрээ эртнээс алдартай байсан. Петро, Трампыг Колумбчуудыг дорд арьстан гэж үзэж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээс татгалзаж, шуналын улмаас бүх хүн төрөлхтнийг устгахад бэлэн хүн гэж буруутгадаг. Петро Трампын эсрэг тэмцэхэд бэлэн гэдгээ мэдэгдэж байсан юм.

Харин цагаачлалтай амжилттай тэмцэхийн тулд АНУ-ын эрх баригчид, Колумб зэрэг Латин Америкийн хөршүүдтэйгээ сайн харилцаатай байх шаардлагатай, цагаачлалын урсгалыг бууруулахын тулд бусад оронтой хамтран ажиллах нь АНУ-ын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байх ёстой. Жил бүр зөвхөн Латин Америкийн төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс олон арван мянган цагаачид АНУ-ын өмнөд хилээр дамжин өнгөрдөг. Тэд Колумб зэрэг Латин Америкийн орнууд руу нисч, улмаар АНУ-ын өмнөд хил рүү чиглэдэг. Хууль бус цагаачдыг тээвэрлэх ажлыг ихэвчлэн орон нутгийн гэмт хэргийн бүлэглэлүүд гүйцэтгэдэг гэж Кристофер Ландау ярьжээ.

Дональд Трамп, ерөнхийлөгчийн албан тушаалаа авахаасаа өмнө хууль бус цагаачдыг бөөнөөр нь албадан гаргана гэж амласныхаа дагуу албан тушаалаа авсан эхний өдрөө энэ асуудлаар хэд хэдэн зарлигт гарын үсэг зурсан юм.

Эдгээр тушаал нь, хууль бус цагаачдыг баривчлах, албадан гаргах, холбооны цагаачлал, гаалийн хяналтын (ICE) газруудын эрх мэдлийг өргөжүүлэхтэй холбоотой байв.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Левитт АНУ-д нэг өдрийн дотор буюу нэгдүгээр сарын 23-нд 538 хууль бус цагаачийг баривчилсан гэж мэдэгдлээ.

Байдены сүүлчийн жил буюу 2024 онд ICE 149,700 гаруй хүнийг баривчилсан нь өдөрт дунджаар 409 хүн байжээ.

Дональд Трамп, Мексикийн хил дээр онц байдал зарлаж, армиа тийш нь илгээсэн бөгөөд Хил хамгаалах, хууль бус цагаачлалтай тэмцэх асуудал эрхэлсэн дээд албан тушаалтан болох Трампын "хилийн ван" гэгдэгч Том Хоман, нэгдүгээр сарын 26-нд ABC News телевизэд өгсөн ярилцлагадаа, “Цэргүүд Мексикийн хил дээр байрлаж, цэргийн тээврийн онгоцоор албадан гаргах ажлыг зохион байгуулж байна. Мөн хилийн саад хашаа барихад тусалж байна. Энэ арга хэмжээ бол дэлхийн хэмжээний хүчтэй дохио юм. Манай хил хаагдсан" гэж Хоман онцлон дурджээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.