Louis Vuitton цүнхний маш жижигхэн, ердөө 657 x 222 x 700 микрон ( 0,7 мм) хэмжээтэй хуулбар, дуудлага худалдаагаар 63,000 гаруй доллараар зарагдсан талаар CNN мэдээлэв.
Хүний нүдэнд бараг харагдахгүй Louis Vuitton-ы алдартай загварын хуулбар флюресцент шаравтар ногоон цүнхийг Нью-Йоркийн урлагийн арт-нэгдлийнхэн бүтээсэн аж.
Бруклинд төвтэй MSCHF групп, өөрсдийн бяцхан бүтээлээ "Микроскопийн цүнх" гэж нэрлээд, энэ нь далайн давсны ширхэгээс ч жижиг бөгөөд зүүний нүхээр багтах хэмжээтэй гэж мэдэгджээ. Уг цүнхийг, микро хэмжээтэй хуванцар эд ангиудыг 3D хэвлэхэд ашигладаг үйлдвэрлэлийн технологоор хоёр фотоны полимержуулалтыг ашиглан хийсэн бөгөөд цүнхийг харах боломж олгох дижитал дэлгэцээр тоноглогдсон микроскопоор харуулан, микроскопынх нь хамт худалдсан байна. Сурталчилгааны зургандаа, Louis Vuitton "LV" монограмыг мөн одоогоор 3,100-аас 4,300 доллараар зарагдаж байгаа ердийн хэмжээтэй OnTheGo цүнх дээр үндэслэсэн цүнхний дизайныг илүү нарийвчлалтай харуулсан ажээ.
Дуудлага худалдааг Америкийн хөгжимчин, продюсер, дизайнер Фаррелл Уильямсын үүсгэн байгуулсан Joopiter онлайн дуудлага худалдааны ордон зохион байгуулжээ. Уильямс одоо ч, Louis Vuitton-ы эрэгтэй хувцасны загвар зохион бүтээгч, захирлаар ажилладаг. Харин MSCHF-ийн захирал Кевин Виснер, манай хамт олон түүнээс болон LV компаниас лого, загварыг нь ашиглах зөвшөөрөл аваагүй, "Фарелл, маш том бүрх малгайнд дуртай, тиймээс бид түүнд гайхалтай жижигхэн цүнх хийсэн" гэж ярьжээ.
2016 онд үүсгэн байгуулагдсан MSCHF групп нь, ихэвчлэн хэрэглээний капитализмыг дооглож тохуурхсан, мөн үүнийхээ зэрэгцээ ашиг олдог урлагийн төслүүдээрээ шуугиан тарьсаар байгаа юм. Nike компани, хүний жинхэнэ цусны дуслууд бүхий 666 хос Nike пүүзний хуулбар "Сатаны гутал" цуврал гаргасных нь төлөө тус группийг шүүхэд өгсөн ч, эцэст нь энэхүү маргааныг шүүхээс гадуур тохиролцон шийдвэрлэсэн ажээ.
Урлагийн ертөнцийг хэтрүүлэн тохуурхдагаараа (Энди Уорхолын хуурамч зургууд, Дэмиан Херстийн зургийн хайчилбар гэх мэт) алдаршсан тус групп тансаг загварын ертөнцөд анхаарлаа хандуулж эхэлснээр 2021 онд тус групп, Birkin-ий 4 цүнхийг урж, нэг хос нь 76,000 долларын үнэтэй Birkinstocks гэж нэрлэсэн шаахайнуудыг бүтээж байв. Саяхан бүтээсэн "Том улаан гутал" гэгддэг хүүхэлдэйн киноны резинэн гутлыг нь Dodge Cat, Iggy Azalea, Janelle Monáe зэрэг одод өмссөн нь олны анхаарлыг татаж шуугиулсаар байгаа юм.
Энэ удаагийн дуудлага худалдаа эхлэхээс өмнө MSCHF, гар цүнх бүтээгдсэнтэй холбоотой асуултуудад хариулахаас татгалзаж байсан хэдий ч, дуудлага худалдааны танилцуулгадаа, загварын салбарынхан жижиг цүнхнүүдэд дуртай байдаг нь тэднийг "цэвэр брэндийн бэлэг тэмдэг, илүү их хийсвэр зүйл” бүтээхэд түлхсэн гэж мэдэгдсэн бөгөөд "Өмнөх жижиг цүнхнүүдийг авч явахад заавал гараар барьдаг, энэ нь төвөгтэй байсан", харин "Бичил гар цүнх үүнийг үнэт эдлэл болгон хувиргаж, зориулалт нь үгүй болж бүрэн логик дүгнэлтэд шилжсэн." гэж дурдсан байжээ.