Тесла 10-р сарын 10-ны орой Холливудын студид удаан хүлээсэн робот таксигаа танилцуулсан бөгөөд тус брэндийн цахилгаан автомашиныг сонирхогчид 2026 он хүртэл худалдаанд гарахыг нь хүлээх хэрэгтэй болно гэж CBS News мэдээлэв.
Илон Маск, хүний оролцоогүйгээр машин жолоодох боломжийг олгодог автомат жолоодлогын технологийн салбарт гайхалтай үр дүнд хүрсэн гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлж байв. Гэвч хөрөнгө оруулагчидадтийм ч их сэтгэгдэл төрүүлэхгүй байгаа нь,Tesla Inc-ийн хувьцаа 10-р сарын 11-ний өглөө 9%-иар буурснаар харагдсан бөгөөд уг үйл явдал Маскийн хүлээлт амжилттай биш болсны шинж гэж үзэж байна. Тесла есөн жилийн өмнөөс “Бүрэн бие даасан автомат жолоодлого” программ хангамжаа худалдаалж эхэлсэн. Гэхдээ түүний найдвартай байдал эргэлзээ төрүүлсээр байгаа юм.
Cybercab худалдаанд гарах огнооны таамаглал
Маск энэ арга хэмжээний үеэр, Тесла Cybercab нь 30,000 доллараас доош үнэтэй байх болно. 2026 онд худалдаанд гарна гэж тооцож байна гэж мэдэгдсэн ч, "2027 он хүртэл" гэж засч байв. Тэрээр, "Бид хяналттай бүрэн автомат жолоодлогоос, хяналтгүй бүрэн автомат жолоодлого руу шилжинэ. Ингэснээр та машиндаа унтаж, зорьсон газраа сэрэх боломжтой болно. Энэ бол гайхамшигтай ирээдүй байх болно." гэж ярьсан байна.
Тус компани ирэх жилээс Техас, Калифорнид, алдартай Model 3 болон Model Y автомашинууддаа өөрөө жолоодлогын бүрэн технологийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.Тесла 20 орчим кибер такситай байгаа бөгөөд арга хэмжээнд оролцогчдод Лос Анжелесийн замаар бус, кино студийн талбайг тойрон явах боломжийг санал болгож байв.
Wedbush Securities-ийн гүйцэтгэх захирал, хөрөнгийн ахлах шинжээч Даниел Айвс, "Cybercab нь, үнэхээр гайхалтай бөгөөд тээврийн хэрэгслийн үнийн баримжаа нь, ойрын жилүүдэд Теслаг жилийн 10 тэрбум долларын орлоготой бизнестэй болгож чадах флотын сегментийг бий болгохоор харагдаж байна" гэж эерэг хандлагаа илэрхийлжээ.
"Бид роботууд" нэртэй энэхүү танилцуулгаа, Tesla болон X вэбсайтуудаар шууд дамжуулан үзүүлсэн бөгөөд Маск,Cybercab шиг өөрөө жолооддог, 20 хүртэлх зорчигч тээвэрлэх боломжтой гоёмсог микро автобусыг үзүүлсэн байна. Мөн футурист тайзан дээр зочдоос хэдхэн метрийн зайд, хар цагаан хүн дүрст роботууд болох Optimus-ыг алхуулан олон нийтэд танилцуулжээ. Маск, роботууд нь 28,000-30,000 долларын үнэтэй байх ба хүүхэд харах, зүлэг хадах, хүнсний бараа авчрах чадвартай,"Чи юу ч бодсон, тэр хийх болно" гэж батлаж байв. Мөн,Тесламашины эзэд, машинаа ашиглаагүй үедээ машинаараа зорчигч тээвэрлүүлж, мөнгө олох боломжтой болно гэсэн байна.
TD Cowen-ийн шинжээч Жефф Осборн, Теслагийн нэр хүндэд "Илоны улстөржилт" нь АНУ-ын Ардчилсан намын худалдан авагчдын зүгээс Тесла брэндэд таагүй тусч магадгүй байгааг тэмдэглэв. Учир нь, Маск Ерөнхийлөгч асан, Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трампыг дэмжиж, олон төрлийн консерватив шалтгааныг сурталчилж байсан юм.
Саяхан АНУ-ын аюулгүй байдлын зохицуулагчид, бүрэн автомат жолоодлого болон автомат жолоодлоготой системүүдийн алдааг шалгаж эхлэн мэдэгдэл гаргалаа. АНУ-ын Үндэсний Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Захиргаа энэ оны хоёрдугаар сард, Тесла компанийг, машинууд нь хурд хэтрүүлэх болон замын хөдөлгөөний дүрэм, ялангуяа уулзварууд дээр дүрэм зөрчиж байгаа учираас бүрэн автомат жолоодлогыг эргүүлэн татахыг албадсан. Тесла, онлайн програм хангамжийн шинэчлэлтээр энэ асуудлыг засах ёстой байгаа юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард, Сиэтл хотын ойролцоох Вашингтоны Снохомиш мужид бүрэн өөрөө жолооддог Тесламашин, мотоцикльтой хүн мөргөсөн ноцтой осол гаргасан гэж эрх баригчид мэдэгдэв. Уг машины жолоочийн ярьснаар, тэрээр утсаа хараад систем ашиглах үед, мотоцикльтой хүн мөргөж, мотоциклын жолооч газар дээрээ нас барсан гэсэн байна.